Мэндчилгээ
Шинжлэх ухааны салбарын нийт эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагч Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн мэндийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!
Улиран одож буй модон могой жилийг манай шинжлэх ухааны салбарынхан арвин их амжилт бүтээлээр үдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ жилийн Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор академич С.Нарангэрэлийг, Хөдөлмөрийн баатар цолоор академич А.Дулмаа нарыг шагнасан нь манай эрдэмтэн судлаачдын ажил бүтээлийг Төрөөс өндрөөр үнэлж, шинжлэх ухааны салбарт том итгэл, гүн хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл юм.
ШУА-ийн дотоод, гадаад хамтын харилцаа өргөжин тэлж, эрдэм судлалын олон арван томоохон бүтээлийг оюуны эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болголоо. 2025 онд 6 улсын 8 байгууллагатай хамтын ажиллагааны 3 гэрээг шинээр, 5 гэрээг шинэчлэн байгуулсны 4 нь Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зурагдсанаараа онцлогтой байлаа.
ШУА нь төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтын болон хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн судалгаа шинжилгээний ажлуудад эрдэм шинжилгээний байгууллагыг татан оролцуулах, гүйцэтгүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. “Эгийн голын УЦС” мега төслийн Байгаль нуур Сэлэнгэ мөрний сав газарт үзүүлэх нөлөөллийн судалгааг ОХУ-ын ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэж энэ асуудлаар зөрөөтэй байгаа байр сууриа нэгтгэн нэгдсэн нэг дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Манай эрдэмтэн судлаачид Монголын түүхийн 30 ботийг туурвиж, Монголын Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллацгааж байна.
ШУА-ийн Их бага чуулган төрөлжсөн академиудаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, холбогдох санал зөвлөмжийг боловсруулан Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.
Олон улсын стандартад нийцсэн, салбар дундын, төрөлжсөн лаборатори бүхий “Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор”-ын дэд бүтэц, лабораторийн барилгууд ашиглалтад орж, манай эрдэмтэн судлаачид шинэхэн байрандаа эрдэм судлалын ажлаа үргэлжлүүлэх таатай боломж нөхцөл бүрдээд байна.
Монгол хүнийг, Монголын аугаа түүхийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Монголчууд бид хүлэг морио эрхэмлэн дээдэлдэг, аливаа сайн сайхныг морьтойгоо зүйрлэн бэлгэшээдэг уламжлалтай. Өнгөрсөн он цаг тооллын олон морин жилүүдэд улс эх орны хөгжил дэвшил, ард олон түмний амьдралд шинэчлэлт өөрчлөлт гарч шинэ цагийн эхлэл тавигдаж, аугаа их хаад ноёд, эрдэмтэн мэргэд төрж байсан түүхтэй. 1162 оны хар морин жил Тэмүжин Чингис хаан, 1642 оны хар морин жил Халхын Анхдугаар Зая бандида Лувсанпэрэнлэй, 1906 оны улаан морин жил их зохиолч Дашдоржийн Нацагдорж тус тус мэндэлж, 1942 оны хар морин жил Монголын анхны их сургууль – Монгол Улсын Их Сургууль байгуулагдаж, 1990 оны цагаан морин жил Ардчилсан хувьсгал ялсан гэх зэрэг түүхэн үйл явдлыг дурдаж болно.
Ирж буй гал морин жилдээ бид Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ. “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” сэдэвт олон улсын өндөр түвшний “COP-17” хурал, Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал зэрэг чухал үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Манай эрдэмтэн судлаачид эдгээр чухал арга хэмжээнүүдийг эрдэм судлалын амжилт бүтээлээр угтаж сэтгэл зүтгэл гарган хамтран зохион байгуулж ажиллах болно.
Монгол ард олон, элэг нэгт ахан дүүс та бүхэндээ “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн мэндийг дахин дэвшүүлж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг айлтгая!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл
Бусад мэдээлэл