МОНГОЛ, ЯПОН, ОРОС, ХЯТАДЫН ЭРДЭМТЭД ЧУУЛАВ.
Монголын Япон Судлалын Нийгэмлэг, Япон улсын Япон сангийн дэмжлэгтэйгээр 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр МУИС-ийн I байрны 320 тоот хурлын танхимд “Дайны дараах Монгол Японы харилцаан дахь ардын дипломат бодлогын үүрэг: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав.
2019 онд Халхын голын үйл явдлын 80 жилийн ой тохиож байна. Энэхүү үйл явдлыг Монголд “Халхын голын дайн”, Японд “Номонханы хэрэг явдал”, Оросын Холбооны Улсад “Халхингольские бой” гэх зэргээр тус бүрдээ өөр өөрөөр нэрлэдэг. Монгол, Японы эрдэмтэн, түүхчид, олон нийтийн зүтгэлтнүүд, жирийн иргэд, төрийн бус байгууллагууд энэхүү түүхэн үйл явдлаас сургамж авах үүднээс олон тооны ном зохиол, дурьдатгал дурсамж бичин хэвлүүлж, баримтат кино болон уран сайхны кино бүтээж, Монгол, Япон, ОХУ-ын түүхч, судлаачид олон тооны хамтарсан симпозиумыг зохион байгуулж, гурван орны төрийн бус байгууллагууд /ТББ-ууд/ Халхын голын нутагт энх тайвны аян зэргийг зохион байгуулж иржээ.

Тус олон улсын хурлаар энэхүү түүхэн үйл явдалд хамаарах Монгол, Японы ардын дипломат бодлого ба хүмүүнлэгийн солилцооны түүх, өнөө үе, цаашдын төлөвийн талаар эрдэмтэд, судлаачид, ТББ-ын төлөөллийн илтгэл, санал бодлыг хэлэлцүүлж, сүүлийн 50-60 жилд энэ чиглэлээр хийгдсэн Монгол-Японы хамтын ажиллагаа, Ардын дипломат бодлого, хүмүүнлэгийн ажил, соёлын солилцооны үр дүнг шүүн хэлэлцэв. Мөн Монгол, Япон хоёр орны залуу үеийг өнгөрсөн түүхээс сургамж авах, тэдний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан ойлголцол, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэхэд тус олон улсын хурлын зорилго чиглэгдсэн байна.
Хуралд Монгол Улс, Япон улс, ОХУ, БНХАУ-ын шинжлэх ухааны хүрээлэнгүүд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдийн эрдэмтэн судлаачид, профессорууд, нэртэй дипломатууд, нийгэм, соёлын зүтгэлтнүүдийн төлөөлөл оролцож, Монгол-Японы харилцааны түүх, орчин үеийн асуудлаар илтгэлүүдийг хэлэлцүүлэх болно. Тухайлбал, Монголоос Элчин сайд С.Хүрэлбаатар, түүхийн ШУ-ны доктор Ц.Батбаяр, Төрийн соёрхолт О.Батсайхан, Япон судлаачид Б.Сэржав, Т.Мөнхцэцэг, Ц.Пүрэвсүрэн, С.Дэмбэрэл, Японоос профессор Х.Футаки, Ш.Кубота, Я.Шигэта, доктор Ё.Табучи, БНХАУ-аас судлаачид Сюй Жанзян, Зин Цюань, ОХУ-аас профессор Ю.Кузьмин, В.Родионов, Т.Бадмацыренов нар илтгэл тавьж оролцлоо.