БНХАУ-ын Энх тайван, зэвсэглэлийг бууруулахын төлөөх Хятадын ардын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ан Юүэжунь, мөн нийгэмлэгийн Ази-Номхон далайн хэлтсийн захирал хатагтай Янь Лэй нарын албаны хүмүүс 2019 оны 7-р сарын 22-ны өдөр манай хүрээлэнд зочилж, албан ёсны уулзалт зохион байгуулав.
Энэхүү албан уулзалтад Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал болон Хятад судлалын салбарын эрхлэгч доктор Д.Шүрхүү, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Ц.Баатар нарын хятад, америк судлалын эрдэмтэн судлаачид оролцож, Монгол Улс - БНХАУ-ын харилцааны өнөөгийн байдал, БНХАУ, АНУ-ын орчин цагийн харилцаа, худалдааны зөрчлийн талаар мэдээлэл солилцож манай судлаачдын байр суурийг сонирхож, илэн далангүй санал солилцов.

Энх тайван, зэвсэглэлийг бууруулахын төлөөх Хятадын ардын нийгэмлэг нь 1985 онд байгуулагдсан, НҮБ-ын ECOSOC, DPI зэрэг төрөлжсөн байгууллагад зөвлөх статустай, БНХАУ-даа хамгийн том ардын энх тайвны байгууллага бөгөөд дэлхийн 100 гаруй ижил төрлийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг юм байна. Хоёр тал цаашид хамтран ажиллах, тухайлбал нийгэмлэгээс эрхлэн гаргадаг PEACE сэтгүүлд хүрээлэнгийн судлаачдын бүтээлээс нийтлүүлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мэдээг бэлтгэсэн: Д.Батжаргал