Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ОРОСЫН ГЕОПОЛИТИК: ТҮҮХЭН ПАРАДИГМ” бүтээл хэвлэгдлээ
“ОРОСЫН ГЕОПОЛИТИК: ТҮҮХЭН ПАРАДИГМ” бүтээл хэвлэгдлээ

   Орчин цагийн олон улсын харилцааны орчин дахь олон туйлт тогтолцооны өөрчлөлттэй уялдан их гүрнүүдийн өрсөлдөөн эрчимжиж буй энэ үед тэдгээрийн геополитикийн сэтгэлгээ, түүхэн хөгжлийн зүй тогтлыг судлах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Ялангуяа Евроазийн төв хэсэгт орших, ОХУ болон БНХАУ-ын дунд стратегийн онцгой байршил эзэлдэг Монгол Улсын хувьд хөрш гүрнүүдийн геополитикийн орчны өөрчлөлтийг харгалзан гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах нь бидний тэргүүн чухал зорилт болж байна. Энэ хүрээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Адъяагийн Нямдолжингийн туурвисан “Оросын геополитик: Түүхэн парадигм” хэмээх бүтээлийг уншигч Танаа өргөн барьж байна.

   Найман бүлгээс бүрдсэн уг томоохон бүтээлийн эхний бүлэгт зохиогч геополитикийн шинжлэх ухааны онолын үндэс, ойлголт болон судалгааны арга зүйн хувьслыг түүхчлэн, үе шаттайгаар авч үзсэн бол хоёрдугаар бүлэгт, Киевийн Оросын үеийн тус улсын геополитикийн орон зай, төр улс бүрэлдэн бий болсон үйл явцыг шинжилжээ. Харин гуравдугаар бүлэгт Оросын геополитикийн үзэл санаанд Их Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан Алтан ордны улсын үзүүлсэн нөлөө, түүнээс улбаалсан Москва төвтэй төрийн төлөвшлийн онцлогийг задлан үзэж, дөрөвдүгээр бүлэгт XVII-XVIII зууны үеийн геополитикийн өөрчлөлт, шинэ парадигм бүрэлдэх үйл явцыг нарийвчлан судалсан байна. Тавдугаар бүлэгт, тэр бээр XIX зууны Оросын геополитикийн үзэл баримтлал, тухайн цагийн их гүрнүүдийн өрсөлдөөн дэх байр суурийг тайлбарласан бол зургаадугаар бүлэгтээ XX зууны эхэн үеийн Оросын геополитикийн чиг хандлагыг, долоодугаар бүлэгтээ Дэлхийн II дайны дараах ЗХУ-ын геополитикийн онцлогийг судлан дүгнэжээ. Төгсгөлийн наймдугаар бүлэгт Зөвлөлтийн дараах шилжилтийн үеийн болон орчин үеийн Оросын Холбооны Улсын геополитикийн чиг хандлагыг тус тус авч үзсэн байна.

   Тус бүтээлд Оросын геополитикийн үзэл баримтлал, түүний түүхэн хувьсал, стратегийн сэтгэлгээний өөрчлөлтийг эрт үеэс орчин үе хүртэлх өргөн хүрээнд авч үзсэний дотор Евроазийн орон зай дахь Оросын байр суурь, их гүрний статусаа хадгалах эрмэлзэл, үндэсний ашиг сонирхол болон геостратегийн чиг хандлагыг системтэйгээр задлан шинжилж, Оросын геополитикийн хөгжил нь зөвхөн орчин үеийн бодлогоор хязгаарлагдах бус, түүхэн уламжлал, орон зайн онцлог, стратегийн сэтгэлгээний залгамж чанарт тулгуурлан хөгжиж ирснийг онцолжээ.

   Цаашлаад Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараах шилжилтийн үе, улмаар XXI зууны эхэн үеэс эргэн идэвхжиж буй их гүрний геополитикийн чиг хандлагыг цогцоор нь авч үзсэн нь эрдэм шинжилгээний хувьд чухал ач холбогдолтой болсон байна.

   Энэхүү бүтээл нь Оросын геополитикийг түүхэн парадигмын хүрээнд, өөрөөр хэлбэл тухайн улсын геополитикийн үзэл санаа, хандлага, стратеги нь цаг хугацааны явцад хэрхэн бүрэлдэн төлөвшиж, өөрчлөгдөн хөгжиж ирсэн түүхэн нөхцөл, үзэл суртал, соёл иргэншлийн хүчин зүйлсийн уялдаа холбоог цогцоор нь авч үзсэнээрээ олон улсын харилцаа, геополитик судлалын чиглэлээр суралцагч оюутан, эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагчдад зориулсан гарын авлага болохуйц үнэ цэнтэй бүтээл болжээ.



Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Орос судлалын салбарын ЭШДэА Б.Хишигжаргал


Бусад мэдээлэл