Орчин үеийн анагаах ухаан болон нейротехнологийн салбарт гарч буй томоохон дэвшлийн үр дүнд хараагүй хүмүүс орчноо харах боломжтой болж байна. Энэхүү технологийн тэргүүн эгнээнд Илон Маскийн Neuralink компани явж байгаа бөгөөд тэд өөрсдийн хамгийн хүчирхэг "Blindsight" нейросуулгацыг 2026 онд хүн дээр туршиж эхлэхээр төлөвлөж байна. Энэхүү нейросуулгац нь тархи болон компьютерын хооронд шууд холбоо тогтоодог биоанагаахын төхөөрөмж юм.
Технологийн ажиллах зарчим Уг систем нь камераар тоноглогдсон нүдний шил болон тархины харааны төв хэсэгт суулгасан бичил нейросуулгацааас бүрдэнэ. Камерт буусан дүрсийг цахилгаан дохио болгон хувиргаж, утасгүй технологиор тархин дахь нейросуулгац рүү дамжуулдаг. Нейросуулгац нь уг дохиог хүлээн авч, тархины харааны төвийг цочроосноор дүрслэл үүсгэдэг байна. Энэ нь харааны мэдрэлийн үйл ажиллагааг алгасаж байгаа тул харааны мэдрэл нь гэмтсэн, эсвэл төрөлхийн хараагүй хүмүүст ч дүрсийг тархиндаа хүлээн авах боломж олгож байгаагаараа онцлог юм.
Хөгжлийн шат ба амжилтууд Сүүлийн үеийн туршилтуудаар өвчтөнүүд гэрлийн цэгүүдийг ялгах, эд зүйлсийн ерөнхий хэлбэрийг таних, тэр байтугай энгийн үсэг унших зэрэг амжилт үзүүлж байна.
Мэргэжилтнүүдийн байр суурь Хэдийгээр энэ нь хүн төрөлхтний хувьд асар том алхам боловч зарим шинжээчид болгоомжтой хандаж байна. Тархи-компьютерийн интерфейсийн (BCI) чадал болон биологийн харааг бүрэн орлох боломжийн талаар Маскийг арай хэтрүүлэн амлаж байж магадгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Гэсэн хэдий ч Neuralink туршилтаа эрчимжүүлснээр хараагүй хүмүүст шинэ итгэл найдвар бэлэглэж байна.
Мэдээ бэлтгэсэн: ЭША, Ч.Өлзий-Даваа
Эх сурвалж: https://www.mobihealthnews.com/news/elon-musk-provides-update-blindsight-implant-trials