ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮЛЭХ АЖИЛТАН, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АКАДЕМИЧ ТҮДЭВИЙН ГАН-ЭРДЭНЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЛЭЭ.
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, академич Түдэвийн Ган-Эрдэнэ Монгол Улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа.
Тус хүрээлэнгээс төрсөн ес дэх гавьяат цолтон болсон академич Т.Ган-Эрдэнэ нь уураг, уураг задлагч фермент, молекул биологийн чиглэлээр онолын болон хавсарга судалгааг олон жилийн турш амжилттай хөгжүүлж, Монгол тэмээ, сарлагийн пепсиноген, каракуль хурганы химозин зэрэг ферментийн бүтэц, шинж чанарыг тогтоосон суурь судалгааг гүйцэтгэхийн зэрэгцээ эх орны биологийн гаралтай түүхий эдийг гүн боловсруулан биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг боловсруулан, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Судалгааны үр дүнд бий болсон казейнат натри, пептон зэрэг бүтээгдэхүүн экспортлогдож, “Ампет” биологийн идэвхт бэлдмэл нь дотоодын хэрэглээнд амжилттай нэвтэрсэн билээ. Энэхүү цуврал бүтээлээрээ тэрээр 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн эрдэмт хүмүүн юм.
Сүүлийн жилүүдэд судалгааны багийн хамт коллаген, элэг, дрожжийн гидролизат зэрэг импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлж, мал аж ахуй, хүнс, эм, гоо сайхны үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлээд байна.
Академич Т.Ган-Эрдэнэ АНУ, Герман, Бразил, БНСУ, Чех зэрэг улсын нэр хүндтэй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж, убикютинтэй төстэй уураг задлагч ферментүүдийн судалгаанд дэлхийн хэмжээнд шинэ арга зүй боловсруулан, Nedd8 болон ISG15 уургийг салгагч ферментүүдийг анх удаа илрүүлж, тэдгээрийн бүтэц, үүргийг тодорхойлсон нь молекул биологийн салбарын чухал шинэ мэдлэг болсон. Түүний судалгааны бүтээлүүд олон улсын чансаа өндөр импакт фактортай сэтгүүлүүдэд хэвлэгдэж, 1300 гаруй удаа ишлэгдсэн бөгөөд боловсруулсан арга технологийг олон улсын биотехнологийн компаниуд үйлдвэрлэлдээ ашиглаж байна.
Тэрээр Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудад ажиллахдаа шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, залуу судлаачдыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг удирдагч юм.
Төрийн соёрхолт, академич Т.Ган-Эрдэнэ танд Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд оруулсан олон арван жилийн хөдөлмөр, уураг, биохими, молекул биологийн судалгааг олон улсын түвшинд хөгжүүлсэн эрдэм шинжилгээний ололт, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн бүтээл, шинжлэх ухааны бодлого, хүний нөөцийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрээ төр засгаараа ийнхүү өндрөөр үнэлүүлж эрхэм хүндтэй цолыг хүртсэн явдалд эрдмийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.