(Нийтлэл бичсэн: Х.Дуламсүрэн)
Арменийн Ерэван хотод 2026 оны 10 дугаар сарын 19-өөс 30-ны хооронд Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болж байна. "Байгалийн төлөөх үйлдэл" уриан дор явагдаж байгаа тус хурал нь Куньмин-Монреалийн хүрээг баталснаас хойш хамтын ахиц дэвшлийг дэлхий даяар анх удаа үнэлэх чуулган юм. Хуралд санхүүжилт, генетик нөөцийн дижитал мэдээллийн ашгийг хуваалцах Кали сангийн асуудал хэлэлцэгдэнэ. Энэ бүх сэдвийн дунд өнөөг хүртэл бодлогод орхигдож ирсэн нэгэн амьд аймаг буюу мөөгний асуудал ч гарч ирж байна.
Мөөг нь ургамал биш, амьтан ч биш, тусдаа аймагт хамаарагддаг. Байгаль хамгааллын бодлого олон жил "Flora ба Fauna" (ургамал ба амьтан) гэж хоёр аймгийг голчлон нэрлэж ирсэн. Одоо ирсэн санал нь мөөгийг (Fungi, нэг үгээр "Funga") гуравдахь аймаг болгон нэрлэж, бодлого, хууль эрх зүйд тусад нь тусгах явдал юм. COP16 дээр (2024, Кали) Чили, Их Британи улс Мөөг хамгаалах амлалтыг (Fungal Conservation Pledge) эхлүүлж, засгийн газруудыг мөөгийг амьдралын тусдаа аймаг хэмээн үндэсний болон олон улсын хууль, бодлого, хэлэлцээрт хүлээн зөвшөөрөхийг уриалсан. Амлалтыг зохион байгуулсан Fungi Foundation-ий мэдээлснээр 14 улс гарын үсэг зурсан бөгөөд COP17-д албан ёсоор батлуулахыг зорьж байна. Одоогоор энэ нь албан ёсны шийдвэр биш, санаачилга бөгөөд үр дүн нь хурал дууссаны дараа тодорно.
Мөөг яагаад "мартагдсан аймаг" вэ?
Дэлхий дээрх мөөгний зүйлийн ихэнх нь одоог хүртэл судлагдаагүй хэвээр байна. Судлаачдын тооцоолсноор 2.5 сая орчим мөөгний зүйл байх боломжтой ч бид тэдгээрийн ердөө 6 гаруйхан хувийг нь л мэддэг. Байгаль хамгааллын бодлогын хувьд ч мөөгний аймаг орхигдсоор ирсэн. Тухайлбал, сээр нуруутан амьтдын 84 хувь нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) үнэлгээнд хамрагдсан байхад мөөгний ердөө 0.5 хувь буюу 818 зүйл Улаан дансанд бүртгэгджээ. Гэвч сүүлийн жилүүдэд багагүй ахиц гарч, 1,000 гаруй зүйл мөөгийг шинээр үнэлснээр анх удаа Улаан дансанд ийм өргөн хүрээтэй тусгагдаж эхлээд байна. Гэсэн ч үнэлгээнд хамрагдсан мөөгнүүдийн нөхцөл байдал таатай биш байна. Анхны үнэлгээнд орсон 597 зүйлийн 50 орчим хувь нь устах аюул тулгарчээ. Тэдэнд нүүрлэж буй гол аюул занал нь амьдрах орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол юм.
Мөөг экосистемд хэрхэн нөлөөлдөг вэ?
Ихэнх ургамал мөөгтэй үндсээрээ хамтран амьдардаг (микориз). Брандретт, Тедерсоо (2018) нарын судалгаагаар гуурст ургамлын зүйлийн 72% арбускуляр микоризтой, 2% эктомикоризтой, 1.5% эрикоид, 10% орхидын микоризтой, ердөө 8% нь микориз үүсгэдэггүй болохыг тогтоожээ.Өөрөөр хэлбэл ойролцоогоор 85 орчим хувь нь мөөгтэй холбоотой. Энэхүү симбиоз харилцааны үр дүнд мөөг нь ургамлыг ус болон эрдэс бодисоор хангаж, хариуд нь ургамлаас шаардлагатай сшим тэжээл авдаг.
Зураг 1. Эктомикориз мөөг
Мөөгнүүд нь ургамлын хатуу бүтэц болох лигнин болон целлюлозыг бүрэн задалж чаддаг дэлхий дээрх маш цөөхөн организмуудын нэг юм. Унасан навч, үхсэн мод, амьтны сэг зэм зэрэг органик хаягдлыг задалж, түүнд агуулагдах азот, фосфор, кали болон нүүрстөрөгчийг эргүүлэн хөрсөнд шингээж, дараагийн ургамал хэрэгцээндээ ашиглах боломжийг бүрдүүлдэг. Хэрэв сапротроф мөөгнүүд байхгүй байсан бол үхсэн ургамал, мод задрахгүй хуримтлагдсаар, хөрсний шим тэжээл хоосрон дэлхий дээр шинээр ургамал ургах боломжгүй болох байв.
Зураг 2. Сапротроф мөөг
https://afforum.org/events/convention-biological-diversity-conference-parties-cbd-cop17
https://www.ffungi.org/campaign/fungal-conservation-pledge