АМЬД ЭС ДОТОРХ ФОТОСИНТЕЗИЙН ХЭТ ХУРДАН ЯВАГДДАГ ФОТОФИЗИКИЙН ПРОЦЕССЫГ СУДАЛЖЭЭ

Нарны гэрлийн нэг фотон фотосинтезийн системд шингэснээс хойших эхний 10⁻¹⁵–10⁻¹² секундэд юу болдог вэ?

Гэрэл шингэсний дараа молекулын электроний өдөөгдсөн төлөв үүсэх, өдөөлтийн энерги пигментүүдийн хооронд шилжих, улмаар цэнэг салж электроны шилжилт эхлэх зэрэг фотосинтезийн хамгийн суурь фотофизикийн процессууд асар богино хугацаанд өрнөдөг. Эдгээр эхний процесс хэдхэн фемтосекундээс эхэлж, дараагийн энерги ба цэнэг дамжих шатнууд пикосекунд–наносекундын хугацаанд үргэлжилдэг.
Миланы Политехникийн Их Сургууль болон Италийн Үндэсний Судалгааны Зөвлөлийн судлаачид эдгээр хэт хурдан (ultrafast) процессыг амьд Synechocystis sp. PCC 6803 омгийн цианобактерийн эсийг фемтосекундийн (1 фс = 10⁻¹⁵ секунд) хугацааны нарийвчлалтай спектроскопиор судалжээ. Судалгааны үр дүн 2026 оны 9-р сарын 9-нд Chem сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Фотон шингэсний дараа юу болдог вэ?

Фотосинтезийн фотофизикийн эхний алхам бол гэрэл–бодисын харилцан үйлчлэл юм. Фотон хлорофилл зэрэг пигмент молекулд шингэхэд энерги молекулд шилжиж, электрон үндсэн төлөвөөс илүү өндөр энергитэй электрон төлөвт шилжинэ. Гэвч энэ өдөөлтийн энерги нэг хлорофилл (ногоон өнгөтэй пигмент) молекул дээр удаан хадгалагддаггүй. Пигментүүд хоорондоо ойр байрладаг тул өдөөлтийн энерги молекулаас молекул руу шилжин, фотосинтезийн урвалын төвд (reaction center) хүрдэг.
Ийнхүү фотосинтезийн эхний шатанд:
фотон → электрон өдөөлт → энергийн шилжилт → цэнэгийн салалт → электроны шилжилт
гэсэн дараалсан фотофизик, фотохимийн процесс явагдана.

Фемтосекундийн “камер”

Молекулын электрон болон хэлбэлзлийн динамик, өдөөлтийн энергийн шилжилт зэрэг процесс 1 фс хугацааны мужид явагддаг учраас ердийн спектроскопиор тэдгээрийн динамикийг шууд фс-ийн хугацааны нарийвчлалтай хэмжих боломжгүй.
Иймээс судлаачид femtosecond transient absorption spectroscopy (TA) болон 2 хэмжээст электрон спектроскоп (2DES) гэсэн хэт богино-хэт хурдан (ultrafast) аргыг ашигласан байна.
TA спектроскопийн зарчим нь эхлээд хэт богино өдөөх импульс (pump pulse) системийг өдөөж, тодорхой хугацааны хоцрогдолтой ирэх тандах импульсээр (probe pulse) шингээлтийн өөрчлөлтийг хэмждэг. Өдөөгч импульсээр үйлчилсэн (pump-on) болон үйлчлээгүй (pump-off) үеийн шингээлтийн зөрүүг ΔA-аар илэрхийлнэ. Өдөөн тандах импульсийн хоорондох хугацааны хоцрогдолыг өөрчилснөөр ΔA дохио хугацаанаас хамаарч хэрхэн өөрчлөгдөхийг бүртгэж, өдөөгдсөн төлөвийн динамикийг ажиглах боломжтой. Ингэснээр өдөөгдсөн төлөвийн шингээлт, үндсэн төлөвийн шингээлтийн бууралт болон өдөөгдсөн цацаргалт зэрэг фотофизикийн процессуудын динамикийг ажиглана.

Яагаад 2DES хэрэгтэй вэ?

Амьд фотосинтезийн системийн спектр маш нийлмэл. Олон төрлийн хлорофилл болон бусад пигментүүдийн шингээлтийн зурвас (absorption band) хоорондоо давхцдаг учраас нэг хэмжээст спектрээс “аль пигментээс аль пигмент рүү энерги шилжив?” гэдгийг ялгахад төвөгтэй ба 2DES-ээр шийдэхэд тусалдаг. Энэ аргаар спектрийн мэдээллийг өдөөлтийн болон бүртгэлийн гэсэн хоёр давтамжийн тэнхлэг дээр дүрсэлдэг. Ингэснээр өдөөлтийн энерги нэг төлөвөөс нөгөөд шилжихэд үүсэх хөндлөн пикийг (cross-peak) ажиглаж, электрон өдөөгдсөн төлөвүүдийн хоорондын холбоо болон энерги шилжих замыг ялгах боломжтой. Өөрөөр хэлбэл ердийн спектр зөвхөн “ямар долгионы уртад гэрлийг шингээв?” гэдгийг харуулдаг бол 2DES нь үүнээс гадна “хаана өдөөгдсөн энерги дараа нь хаашаа шилжив?” гэсэн асуултад хариулах боломж олгодог.


Synechocystis эсэд (in vivo) өдөөгч болон тандах импульсийн хоорондох хугацааны интервалд (t2) бүртгэсэн 2DES-ийн зураглал. (Зургийг Kumar R нарын өгүүллээс авсан.)

Амьд эс доторх энерги ба цэнэгийн шилжилт

Судлаачид антенны хлорофиллоос урвалын төв рүү өдөөлтийн энерги хэдхэн пикосекундэд дамжихыг ажиглажээ. Урвалын төвд цэнэг тусгаарлалттай холбоотой дохио ойролцоогоор 6 пикосекундын хугацааны масштабт илэрсэн бөгөөд уг дохионд өдөөгдсөн төлөвүүдийн тэнцвэржилт нөлөөлсөн байж болохыг зохиогчид тэмдэглэсэн. Фикобилисомоос фотосистем I ба II руу энерги дамжих үндсэн хугацааны масштаб 20 ± 1 пикосекунд байв. Мөн фотосистем II-оос фотосистем I рүү электрон зөөвөрлөгдөж буйг илтгэх шууд бус спектрийн нотолгоо гаргажээ.

Тусгаарласан молекулаас амьд систем рүү

Хэт хурдан спектроскоп ашиглан фотосинтезийн пигмент–уургийн комплекс дахь энерги шилжилтийг олон жилийн турш судалж ирсэн. Гэхдээ тусгаарласан комплекс дахь молекулын орчин амьд эсийнхээс өөр. Амьд эсэд пигментүүдийн орон зайн зохион байгуулалт, мембраны орчин, уураг-пигмент харилцан үйлчлэл, редокс төлөв болон физиологийн зохицуулалт зэрэг олон хүчин зүйл зэрэг үйлчилдэг. Энэ судалгааны онцлог нь хэт өргөн зурвасын 2DES болон TA-г хослуулан физиологийн идэвхтэй амьд фотосинтезийн системийн хэт хурдан динамикийг молекулын түвшинд судалсан явдал юм.

Фотофизикийн хувьд яагаад чухал вэ?

Фотосинтезийг физикийн үүднээс авч үзвэл энэ нь байгальд явагддаг маш нарийн гэрэл шингээх ба энерги хувиргах систем юм. Энд фотоны шингээлт, электроны өдөөлт, экситоны харилцан үйлчлэл, энергийн шилжилт, цэнэг салалт, электроны шилжилт зэрэг квант болон молекулын түвшний процессууд хоорондоо уялдан ажилладаг. Тиймээс амьд эсийн хэт богино спектроскоп нь  зөвхөн фотосинтезийг ойлгоход төдийгүй, өдөөгдсөн төлвийн физик, молекул фотофизик, квант динамик,  хиймэл гэрэл цуглуулалт, нарны энергийг хувиргах системийн физик зарчмыг судлахад ач холбогдолтой. Энэхүү судалгаанд ашигласан орчин үеийн спектроскоп нь молекулыг зөвхөн “ямар долгионы уртад гэрэл шингээдэг вэ?” гэдгээр нь хэмжихээс хальж, фотон шингэснээс хойших хэдхэн фемтосекундэд энерги хаашаа, ямар замаар, ямар хурдтай шилжиж байгааг амьд систем дотор мөрдөх түвшинд хүрснийг харуулж байна.

Мэдээг бэлтгэсэн: ЭША Г.Даваадулам

Эх сурвалж


Бусад мэдээлэл