Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарын Монгол Улсад хийх төрийн албан ёсны айлчлал эхэллээ

   Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарын манай оронд хийх төрийн албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Монгол Улс, Япон Улсын харилцааны түүхэнд Япон Улсын Эзэн хааны анхны албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлогтой энэхүү түүхэн айлчлал 7 дугаар сарын 6-13-нд үргэлжилнэ.

   Япон Улсын Рэйва-гийн эриний Эзэн хаан, Хатан нар сэнтийд заларснаасаа хойш олон улсын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилгоор Индонез Улсад 2023 онд, Их Британи Улсад 2024 онд тус тус айлчилсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хийж буй энэхүү албан ёсны айлчлал нь Эзэн хаан, Хатан нарын гадаад оронд хийж буй гурав дахь айлчлал юм.

   Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито 2007 онд Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар, Япон Улсын угсаа залгамжлах хунтайжийн хувиар манай улсад айлчилж байсан. Эрхэм дээд хунтайж энэ айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзаж, монголын үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхон, Монгол Улсын эртний нийслэл Хархоринд зочилж, манай улсын түүхийн дурсгалт газар, малчин ахуй, байгалийн үзэсгэлэнтэй танилцсан билээ. Мөн Эрхэм дээд Хунтайжид зориулсан морин хуурын чуулга, улсын филармонийн хүндэтгэлийн концертод Эрхэм дээд Хунтайж өөрөө эрдүү хийлээр тоглож үзүүлэн, монгол түмний сэтгэлийг ихээхэн хөдөлгөж байсан билээ. Мөн энэ түүхэн үйл явдлаас таван жилийн өмнө 2002 онд, Япон Улсын Эзэн хааны гэр бүлээс анх удаа Эрхэм дээд ханхүү Акишино, Эрхэм дээд гүнж Кико нар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан манай оронд айлчилж байсан. Энэ айлчлалынхаа үеэр ханхүү, гүнж нар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол, Японы Түншийн харилцааг дэмжих нийгэмлэг, Япон улсын Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд Хүндэт зочноор оролцож байсан юм. Япон Улсын Эзэн хааны гэр бүлийн гишүүдийн эдгээр айлчлал нь Монгол Япон хоёр орны найрсаг дотно харилцааг улам бүр хөгжүүлэх үйл хэрэгт ихээхэн түлхэц үзүүлсэн билээ.

   Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм дээд хатан нар манай улсад төрийн албан ёсны айлчлал хийж буй нь хоёр орны харилцааны түүхэнд тэмдэглэгдэн үлдэх онцгой чухал үйл явдал болж байна. Энэхүү түүхэн айлчлал хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэх, хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болох нь дамжиггүй.

   Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, Япон Улстай тогтоон хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгсөөр ирсэн бөгөөд Япон Улс ч манай улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, өдгөө Монгол, Япон хоёр улс нь эрх чөлөө, ардчилал гэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж байна.

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Гуравдагч хөрш орон судлалын салбарын ЭША У.Загдцэсэм


Бусад мэдээлэл