Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсын Шинжлэх ухааны академи “Springer Nature”-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Шинжлэх ухааны академи “Springer Nature”-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, “Чингис хаан” Үндэсний музейтэй хамтран олон улсын академик хэвлэлийн “Springer Nature” компанийн ахлах редактор, ноён Жакоб Дрейер (Jacob Dreyer)-ийг урьж, хамтран ажиллахаар тохиролцов.

   Ноён Ж.Дрейер 2025 оны 12 дугаар сарын 12-нд “Чингис хаан” Үндэсний музейд, 12 дугаар сарын 15-нд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Олон улсын академик хэвлэлийн газартай хамтран ажиллах туршлага, боломж” сэдэвт уулзалтыг хийв. Энэ үеэр ноён Ж.Дрейер дэлхий дахинд монгол эрдэмтдийн бүтээлийг таниулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тэдний хамтран ажиллах хүсэлтийг бүхий л талаар дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэв.

   Мөн энэ үеэр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо “Springer Nature”-тай хамтарч бүтээл хэвлүүлсэн өөрийн туршлагыг оролцогчдод товч танилцуулсан. Тэр бээр бүтээл хэвлүүлэх ерөнхий үйл явц, зохиогчийн эрх болон гадаадын хэвлэлийн компанитай гэрээ байгуулахад анхаарах бусад асуудлын талаар танилцуулгадаа хөндөж мэдээлэл өгсөн юм.

   “Springer Nature” хэвлэлийн газар нь жилд дунджаар 11.000 орчим шинжлэх ухааны бүтээл хэвлэн гаргадаг, тэдгээрийг дэлхийд нэр хүндтэй 1000 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд номын сандаа байршуулдаг байна. Одоогийн байдлаар “Springer Nature” ШУА-ийн Нийгэм, хүмүүнлэгийн Бага чуулганаас академич Чулууны Далай, шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан, доктор Дашнямын Золбоо, доктор Раднаасэдийн Төрдалай нарын зэрэг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн 5 эрдэмтний бүтээлийг эрхлэн гаргаад байгаа юм.

   “Springer Nature” компанийн ахлах редактор, ноён Жакоб Дрейер (Jacob Dreyer)-ийг ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

   Монгол эрдэмтэд өөрсдийн бүтээлийг дэлхийн нэр хүндтэй хэвлэлийн газартай хамтарч хэвлүүлснээр судалгааны ажлаа эргэлтэд оруулж академик чансаагаа ахиулахаас гадна олон улсад танигдаж гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачидтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах боломж бүрдэх юм.



Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон
судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Алтанхишиг




     



Бусад мэдээлэл