Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ОЮУН САНААНЫ БОЛОН СТРАТЕГИЙН ТҮНШҮҮД: МОНГОЛ БА ЭНЭТХЭГ - ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 70 ЖИЛ” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав
“ОЮУН САНААНЫ БОЛОН СТРАТЕГИЙН ТҮНШҮҮД: МОНГОЛ БА ЭНЭТХЭГ - ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 70 ЖИЛ” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав

   Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яам, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Оюун санааны болон Стратегийн түншүүд: Монгол ба Энэтхэг-дипломат харилцааны 70 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулав.

   Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг нээж ШУА-ийн ОУСХ-ийн захирал, доктор Д.Золбоо үг хэлэв. Нээлтийн ёслолд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж нар мэндчилгээ дэвшүүлэв. Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хүндэт зочноор, БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид, Монгол Улсаас БНЭУ-д сууж байсан Элчин сайд О.Нямдаваа, В.Энхболд, Г.Ганболд болон бусад судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудын төлөөлөл, Энэтхэгт төгсөгчдийн холбоо, Монголын иогчдын холбоо зэрэг олон салбарын холбогдох байгууллагуудаас зочид төлөөлөгчид уригдан оролцов.

   Эрдэм шинжилгээний хуралд хоёр орны эрдэмтэн судлаачид Монгол, Энэтхэгийн харилцаа болон Энэтхэг орон судлалын чиглэлийн нийт есөн эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлжээ. Хурлын эхний хэсэгт “Монгол, Энэтхэгийн харилцааны түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа”, “Монгол, Энэтхэгийн эртний хэлхээ холбоо, оюун санааны хөрш стратегийн түншлэгчид болон гуравдагч хөршийн ирээдүй”, “Стратегийн түншлэлийн хүрээн дэх Монгол, Энэтхэгийн гадаад бодлогын нийтлэг эрх ашгууд”, “Энэтхэг, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа”, “Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа” сэдэвт илтгэл, хоёрдугаар хэсэгт Энэтхэг орон судлал чиглэлийн “Монголын бурхан шашны их сургууль дахь санскрит хэл болон утга зохиол судлал”, “Монголд буй санскрит хэлний дүрмийн бүтээлүүдийн тухай: Өнгөрсөн ба одоо үе”, “Энэтхэг, Төвөд, Монголын Буддын гүн ухаан: Адилсал, ондоошил”, “Энэтхэг улсын боловсролын системийн онцлог ба шинэчлэлүүд” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

   Эрдэм шинжилгээний хурлаар Монгол, Энэтхэгийн харилцааг улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л талаас нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийн талаар түлхүү анхааран хэлэлцсэн нь ихээхэн ач холбогдолтой боллоо.



Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын
ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ш.Амангүл



Бусад мэдээлэл