Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекц боллоо
“Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекц боллоо

   Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газар, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулдаг “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийн 7 дахь удаагийн зочноор Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурве уригдан оролцлоо.
   Хүндэтгэлийн арга хэмжээг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл мэндчилгээ дэвшүүлэв. Тэр бээр хэлсэн үгэндээ Монгол, Энэтхэгийн харилцаа нь зөвхөн орчин үеийн дипломат харилцаагаар хэмжигдэхгүй бөгөөд эрдэмтэн мэргэдийн судалгаанд үндэслэн авч үзвэл 2700 гаруй жилийн тэртээгээс түүхэн хэлхээ холбоотой байж, соёл иргэншлийн харилцан нөлөөлөл, оюун санааны үнэт өвд тулгуурлан хөгжиж ирсэн баялаг уламжлалтайг тэмдэглэж өнөөгийн байдлаар Монгол-Энэтхэгийн хамтран хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бол анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах төсөл бөгөөд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал болон эдийн засгийн өсөлтийг хангахад түүхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов. Мөн ШУА-ийн Ерөнхийлөгчөөс ШУА-ийн хүрээлэнгүүдийн түвшинд ч Энэтхэгийн талтай олон чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж байгаа олон жишээг тодотгон дурдсан юм.
   Үүний дараа “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийн 7 дахь удаагийн хүндэт зочноор уригдсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурве “Энэтхэгийн шинжлэх ухаан, технологийн дипломат ажиллагаа” сэдэвт нэн сонирхолтой лекцээ танилцуулав.
   Тэрээр лекцэдээ БНЭУ-ын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөгийн байдал, гадаад хамтын ажиллагааны талаар болон хоёр улсын энэ чиглэлийн харилцааг тоймлохын зэрэгцээ, цаашдын хэтийн төлөвт тулгамдаж буй сорилт, боломжуудын тухай байр сууриа илэрхийлсэн юм.
   БНЭУ нь шинжлэх ухаан, технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх орнуудын нэгэнд тооцогддог. Тэр дундаа мэдээллийн технологи, сансар судлал, эм үйлдвэрлэл, инженерчлэл, хиймэл оюун ухаан, дижитал үйлчилгээний салбарт хүчтэй өрсөлдөгч юм. Энэхүү шинжлэх ухаан, технологийн ололт дэвшлийг дипломат ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа талаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Атул Малхари Готсүрве танилцуулж, эрдэмтэн судлаачдын асуултад хариулав.
   Хүндэтгэлийн лекцийн төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Элчин сайд Атул Малхари Готсүрвед дурсгалын өргөмжлөл гардуулж, лекцэд оролцогсод хамтдаа дурсгалын зураг татуулав. Энэ удаагийн хүндэтгэлийн лекцэд уригдсан хүндэт зочдоос гадна ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Баримт мэдээллийн төв, ЭША Ш.Догмийчойдон















Бусад мэдээлэл