“Нүүдэлчдийн зан үйл, баатарлаг тууль судлал” олон улсын хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС хамтран зохион байгуулна

Нүүдэлчдийн зан үйлийн хурлыг анх санаачлагчид нь МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор Б.Хишигсүх болон тус сургуулийн докторант Б.Риза нар юм. Анхны хурлаа 2017 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод амжилттай хийж байсан бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордосын зан үйлийн нийгэмлэг, Унгар (Өтвөш Лорандын Их сургууль), Казахстан (Нур-Мубаракын Их сургууль), Чех (Масарикийн Их сургууль), Бээжингийн Цөөн Тоот Үндэстний Их сургууль болон Ховд их сургууль зэрэг олон улсын байгууллагууд хамтран оролцож иржээ. Энэ удаа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбар нэгдэн “Төв Азийн нүүдэлчдийн зан үйл, баатарлаг тууль” сэдвээр өргөжүүлэн зохион байгуулж байна.


Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь өргөн цар хүрээг хамарч Төв Ази төдийгүй дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдыг хамруулсан байна. Үүнд: Монгол Улс (МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС, СУИС, ШУТИС зэрэг эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагууд), ОХУ (Буриад, Халимаг, Тува, Хакас, Алтайн Бүгд Найрамдах Улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд), БНХАУ (Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Төвийн болон Баруун хойтын Үндэстний их сургуулиуд), Казахстан Улс, Бүгд Найрамдах Чех Улс (Масарикийн их сургууль), Америкийн Нэгдсэн Улс (АНУ), Франц Улс болон Мадагаскар Улс гэсэн 7 улс орны 40 шахам илтгэл хамрагдаж байна.

“Нүүдэлчдийн зан үйл, баатарлаг тууль” олон улсын хурлын гол чиг хандлага ба судлагдахууныг илтгэлүүдийн агуулга болон салбар хуралдаануудын чиглэлээс харахад:
     -Уламжлалт зан үйл ба соёлын өв,
     -Баатарлаг туулийн харьцуулсан судалгаа, тухайлбал, “Жангар”, “Гэсэр” болон түрэг-монголын баатарлаг тууль суудын туурвил зүй, уламжлал шинэчлэл, мотив, баатруудын дүр, харьцуулсан судалгааг түлхүү хамарч байна. Тус хуралд өндөр мэргэшсэн, энэ цагийн чадварлаг эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж салбар дундын хандлага, судалгааны шинэ баримт, онол, аргазүйд тулгуурлаж тулгамдсан олон асуудлыг өргөн хүрээнд авч үзэж байгаагийн зэрэгцээ залуу судлаачдыг дэмжихэд чиглэгдэж байгаа нь энэ удаагийн хурлын гол онцлог юм.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
5 жилийн өмнө