Хими, химийн технологийн хүрээлэн ахмад эрдэмтэн, ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр үе үеийн ахмад эрдэмтэн, судлаач, ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь хүрээлэнгийн хөгжил, эрдэм шинжилгээний ололт амжилтын үндэс суурийг тавьж, Монгол Улсын химийн шинжлэх ухааны хөгжилд мэдлэг оюун, хөдөлмөр бүтээл, авьяас чадвараа зориулсан ахмад үеийнхний үнэтэй хувь нэмрийг хүндэтгэн дурсах, тэдэнд талархал илэрхийлэх зорилготой байв.
2026 онд Шинжлэх ухааны академи болон Хими, химийн технологийн хүрээлэнгийн 65 жилийн ой тохиож буйгаараа энэхүү уулзалт онцлог ач холбогдолтой боллоо.
Ахмад эрдэмтэн, ажилтнуудын бүтээсэн эрдэм шинжилгээний өв, судалгааны арга барил, залуу үеэ сурган хүмүүжүүлсэн үнэт туршлага нь өнөөгийн болон ирээдүйн судлаачдын хөгжил дэвшлийн бат бөх суурь, үе үеийн эрдэмтдийг холбосон эрдмийн залгамж холбоо болсоор байна.
Түүхт ойн босгон дээр хүрээлэнгийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт ахмад эрдэмтэн, ажилтнууддаа гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бусад мэдээлэл