БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус улсын хувийн хэвшлийн “Самсунг”, “Эскей” зэрэг корпорацын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нартай хамтран “Гурван мега төсөл” танилцуулаад байна. БНСУ-ын Засгийн газар эдгээр төслийг хиймэл оюун ухаан, эрчим хүч, бүс нутгийн хөгжлийг нэгтгэсэн улс орны хөгжлийн стратеги төлөвлөгөөний нэг хэсэг болохыг онцлон тэмдэглэсэн юм. БНСУ нь эдүгээ дэлхийд технологиор тэргүүлэгч орны нэг. Тус улс эдийн засгийн гол ачааг үүрч ирсэн хүнд аж үйлдвэрийн салбарт БНХАУ, Энэтхэг улстай өрсөлдөх чадвар хумигдаж байгаа учир ирээдүйн хөгжлийн гарцаар хагас дамжуулагч, санах ой, дэлгэц, цэнэг хураагуур зэрэг салбарыг сонгож, төрийн бодлого, хөтөлбөр нь дээрх салбарын технологийн хөгжилд илүү анхаарахад хүргэж байна. Уг төслөөр дамжуулан тус улсын Засгийн газар технологиор дэлхийд тэргүүлэх байр сууриа бэхжүүлэх, улс орны ирээдүйн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих хэд хэдэн зорилго тавьжээ.
Төслийн хүрээнд “Самсунг”, “Эскей” корпорацууд 800 их наяд воны өртөг бүхий хагас дамжуулагчийн 4 үйлдвэр, 81 их наяд воны өртөг бүхий өндөр хурдны санах ойн нэг үйлдвэр байгуулахаар болсон байна. Хиймэл оюун ухааны дэд бүтцийн салбарт тус улсын “Эскей”, “Жиэс”, “Нэйвер” зэрэг корпорац хамтран 550 их наяд воны хөрөнгө оруулж 2029 он хүртэл 8.4 гегаватт эрчим хүчний хэрэглээ бүхий хиймэл оюун ухааны дата төв байгуулахаар болжээ. “Эскей” корпорац 1000 их наяд воны хөрөнгө оруулж 10 гегаватт эрчим хүчний хэрэглээ бүхий хиймэл оюун ухааны дата төв байгуулах, мөн хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэхэд 1.1 тунамал (квадриллион) воны хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдлээ.
Хиймэл оюун ухааны дата төв, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь асар их хэмжээний эрчим хүч, усны нөөц шаарддаг онцлогтой. БНСУ нь далайгаар хүрээлэгдсэн учир усны эх үүсвэр харьцангуй арвин улсын нэг юм. Төслүүдийн хүрээнд 18.4 гегаватт эрчим хүчний эх үүсвэр бий болгох асуудал яригдаж байна. Энэ нь Монгол Улсын суурилагдсан цахилгаан үйлдвэрлэлийн нийт хүчин чадлаас (1.6 гегаватт) даруй 11.5 дахин өндөр үзүүлэлт аж. Энэхүү хэрэглээг тус улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдвэрлэхээр төлөвлөж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 3.35 тунамал (квадриллион) вон байх юм байна. Энэ нь өнөөгийн ханшаар 2.2 их наяд орчим ам.доллар болох юм. Эдгээр тоон үзүүлэлт нь уг аварга төслийн цар хүрээг илтгэн харуулж байна.
Энэхүү төслөөр дамжуулан тус улсын Засгийн газар Сөүл хот болон Кёнги аймаг дахь хүн амын хэт төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго тавьжээ. Иргэдийн дунд Засгийн газар орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хувийн хэвшлийнхэнд дарамт шахалт үзүүлж байна уу гэх хардлага байгаа аж. Үүнд Ерөнхийлөгч И Жэ Мён “Засгийн газар хувийн хэвшлийнхэнд дарамт үзүүлэх бус ус болон сэргээгдэх эрчим хүчний хангалттай эх үүсвэр, хямд өртөг бүхий орон нутгийн байршилд газар олгох замаар илүү өргөн боломж бүрдсэн хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж өгч байгаа юм” гэсэн тайлбар өгчээ. Эндээс харахад Засгийн газрын зүгээс газар олгох, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд холбогдох зөвшөөрлийг гаргаж өгөх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зэргээр бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, хувийн хэвшлийг дэмжиж хамтран ажиллаж байгаа нь харагдаж байна.
Төр, хувийн хэвшлийн энэхүү хамтын ажиллагаа БНСУ-ын хувьд нь анхных биш юм. 1970-аад онд төрийн зүгээс хүнд болон химийн аж үйлдвэрийг дэмжих зорилгоор Гёнсан болон Чүнчон аймгийн нутагт “Хёндэ”, “Поско” зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдэд газар олгох, бизнес, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох зөвшөөрөл, лицензийг саадгүй олгох, хөнгөлөлттэй зээл олгох, хувийн хэвшлийн гадаад зээлийн эх үүсвэрт баталгаа гаргах, татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх зэргээр үр ашигтай хамтран ажиллаж, эрчимтэй хөгжлийн үүд хаалгыг нээж байсан түүхтэй. Энэ удаагийн хамтын ажиллагаагаар БНСУ-ын Засгийн газар хувийн хэвшлийн их хэмжээний хөрөнгийг дотоодод үлдээж, эдийн засаг, нийгэм, технологи, аюулгүй байдлын хувьд асар их өгөөж хүртэх боломж бүрдэж байна. Төр болон хувийн хэвшлийн үйлдвэрлэгчдийн энэхүү үр ашигтай хамтын ажиллагаа нь тус улсын эдийн засгийн хөгжлийн нэг чухал хүчин зүйл юм. Монгол Улс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжлийг дэмжихэд дэлхийн улс орнуудын энэ мэт сайн туршлагаас суралцах шаардлагатай болсоор байна.