Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Бид яагаад спортын тэмцээн үзэх дуртай байдаг вэ?
Бид яагаад спортын тэмцээн үзэх дуртай байдаг вэ?

Орчин үеийн спортын тэмцээнүүд нь зөвхөн биеийн хүчний өрсөлдөөн төдийгүй, хүмүүсийн сэтгэл хөдлөл, нийгмийн харьяалал, хамтын үнэт зүйлсийг нэгтгэдэг соёлын томоохон үзэгдэл болжээ.
Уламжлалт тайлбарын дагуу хүмүүс спортын баг, тамирчин эсвэл үндэсний шигшээтэйгээ өөрсдийгөө ижилсүүлэн ойлгодог. Нийгмийн ижилслийн онолын дагуу хувь хүн өөрийгөө тодорхой бүлгийн нэг хэсэг гэж мэдрэх үед тухайн бүлгийн амжилтыг өөрийн амжилт мэтээр хүлээн авч, ялагдлыг мөн адил хувийн түвшинд мэдэрдэг. Иймээс дэлхийн аваргын тэмцээнд эх орных нь тамирчин ялалт байгуулахад өөрсдөө ялсан мэт баярлаж, эсрэгээрээ ялагдал хүлээхэд гуниг, харамсал мэдэрдэг байна. Спорт нь ийнхүү хүмүүсийн харьяалагдах, хамт олны нэг хэсэг байх хэрэгцээг хангаж өгдөг сэтгэлзүйн орон зай болж чаддаг байна.
Гэсэн хэдий ч энэхүү тайлбар нь хөгжөөн дэмжигчдийн хэт үнэнч байдал, багийнхаа төлөө олон жил тууштай байх, их хэмжээний цаг хугацаа болон санхүүгийн нөөц зарцуулах зэрэг үзэгдлийг бүрэн тайлбарлаж чаддаггүй байв. Үүнийг тайлбарлах зорилгоор 2025 онд хэвлэгдсэн судалгаанд хөгжөөн дэмжигчдийн зан үйлийг Identity Fusion Theory-ийн хүрээнд авч үзсэн байна. Энэхүү онолын дагуу зарим хөгжөөн дэмжигчдийн хувьд "би" болон "манай баг" гэсэн ойлголтууд хоорондоо нэгдэн нийлж, хувь хүн өөрийгөө тухайн багийн салшгүй нэг хэсэг гэж мэдэрдэг ажээ. Өөрөөр хэлбэл, багийн ялалт нь миний ялалт, багийн ялагдал нь миний ялагдал болж хувирдаг байна. Иймээс олон хөгжөөн дэмжигчид багийнхаа төлөө шөнөжин тоглолт үзэх, алс холын хот руу аялж очих, үнэтэй тасалбар худалдан авах, олон жилийн турш үнэнч хэвээр үлдэх зэрэг зан үйлийг үзүүлдэг байна. Судлаачид энэ үзэгдлийг зөвхөн бүлгийн гишүүнчлэлээр бус, харин хувь хүний болон бүлгийн ялгаагүй мэт болсон сэтгэлзүйн нэгдлээр тайлбарлажээ.

Спорт үзэх дуртай байдлын өөр нэгэн чухал шалтгаан нь хүчтэй сэтгэл хөдлөл юм. Спортын тэмцээн нь кино, жүжгээс ялгаатай нь урьдчилан бичигдээгүй бөгөөд үр дүн нь тодорхой байдаггүй. Яг энэ тодорхой бус байдал нь догдлол, түгшүүр, баяр баясгалан зэрэг хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг. Олимпын наадмын үеэр олон хүмүүсийн нүдэнд нулимс цийлгэнэх нь зөвхөн эх оронч үзлээс бус, харин гайхамшигтай амжилт, хамтын баяр баясгалан, хүний боломжийн дээд хязгаарыг харах үед үүсдэг хүчтэй сэтгэл хөдлөлийн хариу урвалтай холбоотой болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг.
Сүүлийн үеийн судалгаанууд мөн спортын тэмцээнийг үзэх явцад хүмүүс "шимтэн автах" буюу immersion төлөвт ордог болохыг харуулж байна. 2025 онд хийгдсэн 728 оролцогчтой судалгаагаар тэмцээнийг шимтэн үзэх тусам тухайн багтайгаа ижилсэх мэдрэмж нэмэгдэж, улмаар тоглолт үзэх, тасалбар худалдан авах, багийн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг оролцооны хэлбэрүүд нэмэгддэг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс эхлээд тоглолтын уур амьсгал, өрсөлдөөний сэтгэл хөдөлгөм байдалд татагддаг бөгөөд энэ нь аажмаар "энэ бол манай баг" гэсэн мэдрэмжийг бий болгодог байна.
Мөн 2024 онд хийгдсэн судалгаагаар ялангуяа хөл бөмбөг зэрэг спортод сул баг хүчтэй өрсөлдөгчөө ялж чадах магадлал харьцангуй өндөр байдаг нь хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг тогтмол хадгалдаг болохыг харуулжээ.
Иймээс бид спортын тэмцээн үзэх дуртай байдаг шалтгаан нь зөвхөн ялалт, ялагдлыг харах хүсэл бус юм. Харин спорт нь бидэнд ямар нэгэн бүлэгт харьяалагдах мэдрэмж, хамтын баяр баясгалан, урьдчилан таамаглах аргагүй өрсөлдөөний догдлол, хүний чадварын дээд илрэлийг ажиглах боломжийг нэгэн зэрэг өгдөг бөгөөд бид багтаа дуртай байхын зэрэгцээ, өөрсдийгөө тухайн багийн нэг хэсэг гэж мэдэрдэг байна.

Ашигласан эх сурвалж:
• Chen, X., & Huang, Z. (2025). The psychological mechanisms of spectator experience: A pathway model of immersion, identification, and sport consumption behavior. Frontiers in Sports and Active Living, 7, Article 1659416. https://doi.org/10.3389/fspor.2025.1659416
• Koo, T., Kwon, H. H., Shin, J., & Baeck, J. (2025). Is social identity theory enough to cover sports fans' behavior?: Additional perspective from identity fusion theory. Frontiers in Psychology, 16, Article 1574520. https://doi.org/10.3389/fpsyg.2025.1574520
• Wang, F., Zhou, J., & Fan, C. (2024). Exploring the factors influencing public intention for spectator sports consumption based on grounded theory. Scientific Reports, 14, 8221. https://doi.org/10.1038/s41598-024-59049-9
• Vicente, L. N., Alleck, T., Giovannelli, T., Mitchell, R., & Remen, O. (2024). Why is soccer so popular: Understanding underdog achievement and randomness in team ball sports. arXiv. https://arxiv.org/abs/2404.06626


Бусад мэдээлэл