Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хүүхэд ухаалаг утас, сошиал медиаг хэдийд ашиглаж эхлэх нь яагаад чухал вэ?
Хүүхэд ухаалаг утас, сошиал медиаг хэдийд ашиглаж эхлэх нь яагаад чухал вэ?

Nature Human Behaviour сэтгүүлд нийтлэгдсэн 2026 оны судалгаагаар Италийн 28 сургуулийн 5,227 сурагчийн мэдээллийг олон жилийн турш дагаж судлахад сошиал медиаг эрт ашиглаж эхэлсэн хүүхдүүдийн сурлагын үр дүн харьцангуй бага байжээ. Тухайлбал, 6-р ангид буюу ойролцоогоор 11–12 насандаа сошиал аккаунт нээсэн хүүхдүүд 9-р ангиас хойш аккаунт нээсэн хүүхдүүдтэй харьцуулахад 8–10-р ангийн итали хэл, математикийн стандартчилсан шалгалтад бага оноо авах хандлагатай байсан байна. Харин сошиал медиаг ашиглаж эхлэх нас ахих тусам энэ ялгаа багасч байжээ.


Үүнтэй төстэйгээр Pediatrics сэтгүүлд 2026 онд нийтлэгдсэн, АНУ-ын 10,588 өсвөр үеийнхний мэдээлэлд хийсэн судалгаагаар ухаалаг утсыг эрт эзэмшиж эхэлсэн хүүхдүүдэд хангалтгүй нойр болон таргалалттай холбоотой эрсдэл өндөр байсныг илрүүлжээ. Мөн ухаалаг утас эзэмшдэг 12 настай хүүхдүүдэд сэтгэл гутралын шинж тэмдэг илрэх магадлал ухаалаг утасгүй үеийнхнээс өндөр байсан байна.


Дээрх судалгаануудын үр дүнгээс харахад технологийг хэр их ашиглаж байгаа нь бус, хүүхэд түүнийг хөгжлийнхөө ямар үед ашиглаж эхэлж байгаа нь чухал байж болохыг харуулж байна. Сошиал медиа болон ухаалаг утсыг хэт эрт ашиглах нь анхаарал төвлөрөл, суралцах үйл явц, нойр болон биеийн эрүүл мэнд зэрэг өдөр тутмын амьдралын чухал хэсгүүдтэй огтлолцох боломжтой байна.
Гэхдээ эдгээр судалгааны үр дүнг “ухаалаг утас, сошиал медиа эрт хэрэглэвэл муу үр дагавартай” гэж хүлээж авахаас илүүтэйгээр хүүхдийн хөгжилд гэр бүлийн орчин, эцэг эхийн хяналт, нийгэм-эдийн засгийн нөхцөл, хүүхдийн сэтгэл зүйн байдал зэрэг олон хүчин зүйл мөн нөлөөлж байдгийг харгалзан авч үзэх хэрэгтэй. Хүүхдийн дижитал хэрэглээнд тэдний нас, хэрэглээний давтамж, агуулга, нойр, хөдөлгөөн, суралцах цаг болон эцэг, эх, асран хамгаалагчийн хяналтыг хамтад нь авч үзэх нь хамгийн чухал юм.

📚 Эх сурвалж
Gui, M., Respi, C., Abbiati, G., et al. (2026). Longitudinal effect of early social media use on standardized learning outcomes during school career. Nature Human Behaviour. https://doi.org/10.1038/s41562-026-02522-4
Barzilay, R., Pimentel, S. D., Tran, K. T., Visoki, E., Pagliaccio, D., & Auerbach, R. P. (2026). Smartphone ownership, age of smartphone acquisition, and health outcomes in early adolescence. Pediatrics, 157(1), e2025072941. https://doi.org/10.1542/peds.2025-072941


Бусад мэдээлэл