Эхлэл
Танин мэдэхүй
🧠 Давталт тархийг хэрхэн өөрчилдөг вэ?
Бид шинэ зүйл сурах үедээ тухайн үйлдэл бүрт анхаарал, хүчин чармайлт их гаргадаг. Харин олон удаа давтаж, дадлагажсаны дараа өмнө нь хэцүү санагдаж байсан үйлдэл бараг автоматаар хийгддэг. Тэгвэл энэ өөрчлөлт зөвхөн бидний зан үйлд биш, тархины үйл ажиллагаанд ч гардаг болов уу?
2026 онд нийтлэгдсэн Patrick H. Cox нарын судалгаагаар энэ асуултыг тархины түвшинд судалжээ. Судалгаанд оролцогчид янз бүрийн машины дүрсийг хараад ангилах даалгаврыг маш олон удаа давтан гүйцэтгэж, судлаачид fMRI болон EEG ашиглан тархины үйл ажиллагааг ажигласан байна.
Туршилтын эхэн үед даалгаврыг гүйцэтгэхэд тархины урд хэсгийн оролцоо их байсан. Энэ хэсэг нь анхаарал, шийдвэр гаргалт, дүрэм ашиглах зэрэг танин мэдэхүйн хяналтад чухал үүрэгтэй. Харин олон удаагийн дадлагын дараа харааны мэдээлэл боловсруулахтай холбоотой "ventral occipito-temporal cortex"-ийн оролцоо илүү тодорхой болж, тухайн ангиллыг илүү автомат байдлаар боловсруулах шинж ажиглагдсан байна.
Энэ нь бидний өдөр тутмын амьдралд ч танил үзэгдэл юм. Анх машин жолоодох, хөгжим тоглох эсвэл шинэ хэл сурахад үйлдэл бүрт анхаарах шаардлагатай байдаг. Харин тогтмол дадлага хийсний дараа зарим үйлдлийг бараг бодолгүйгээр гүйцэтгэдэг. Судалгааны үр дүнгээс харахад энэ нь зөвхөн “гаршиж” байгаа хэрэг биш, тархи тухайн даалгаврыг боловсруулах арга хэлбэрээ өөрчилж, илүү үр ашигтай болгож байгаатай холбоотой байж болох юм.
Иймээс шинэ чадвар сурах эхний үед удаан, хэцүү, алдаатай байгаа нь “би чадахгүй байна” гэсэн үг биш. "Зөв, тогтмол дадлага нь тархинд тухайн чадварыг аажмаар автоматжуулах боломж олгодог байна.
Эх сурвалж:
Cox, P. H., Scholl, C. A., Laws, M. L., Jaimes, N. E., Jiang, X., & Riesenhuber, M. (2026). Extensive experience remodels neural task circuitry to escape the frontal bottleneck and increase automaticity of categorization. *Journal of Cognitive Neuroscience, 38*(9), 1764–1786.
https://doi.org/10.1162/JOCN.a.2618
Бусад мэдээлэл