Судлаачдыг чадавхжуулах “Химийн хорт болон аюултай бодисын менежмент, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сургалт зохион байгууллаа.
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс эрдэм шинжилгээний ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, химийн бодистой харьцах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Химийн хорт болон аюултай бодисын менежмент, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нийт 80 орчим судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хамрагдав.
Сургалтын хүрээнд химийн бодисын нэршил, ангилал, олон улсын бүртгэлийн дугаар, аюулын шошго, тэмдэглэгээ, хор аюулын лавлах мэдээлэл (SDS), химийн бодисын тээвэрлэлт, хадгалалт, ашиглалт, аюултай хог хаягдлын менежмент зэрэг үндсэн асуудлыг авч үзлээ. Мөн химийн бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөө, эрсдэлийн үнэлгээ, хөдөлмөр хамгаалал, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, байгууллагын химийн бодисын менежмент болон лабораторийн эрсдэлийн удирдлагын талаар мэргэжлийн мэдлэг, мэдээлэл өглөө.
Энэхүү сургалт нь судлаачдын химийн бодисын аюулгүй ажиллагааны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, лабораторийн эрсдэлийг таньж үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, улмаар эрүүл, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.



Бусад мэдээлэл