Үндсэн агуулга руу

Мэдээ

Олон улсын ойн өдөр болон Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе

2020.03.23  |  МэдээfX⧉

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны тогтоолоор жил бүрийн 03-р сарын 21 -ны энэ өдрийг олон улсын Ойн өдөр буюу ой модыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач тусыг олон нийтэд ойлгуулах, сурталчлах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан. 2020 онд энэхүү тэмдэглэлт өдрийг "Ой ба Биологийн олон янз байдал -  Forests and Biodiversity" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин жил бүрийн 03-р сарын 22 -нд тохиох Дэлхийн усны өдрийг “Ус ба Уур амьсгалын өөрчлөлт – Water and Climate change” сэдвийн дор улс орон бүрт тэмдэглэн өнгөрүүлэх юм. 

Анх 1993 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейнаас Дэлхийн усны өдрийг тэмдэглэх шийдвэр гарснаас хойш энэхүү өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн түүхтэй. Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг 10 улсын тоонд ордог, улсын эдийн засгийн бүтэц, хүн амын амьжиргааны ихэнх хувь нь уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс болж усны нөөц хомсдох, усны чанар доройтох, ган гачиг болж гадаргын ус багасах, тасрах зэрэг олон сөрөг нөлөөлөл бидний амьдралд үүсч байгаа. Гэхдээ Ой ба Усаа хайрлан хамгаалах, өсгөж, арвижуулах, тогтвортойгоор ашиглах олон шинжлэх ухаанд суурилсан боломж шийдэл бидэнд байгаа. Энэ бүхнийг бид иргэн бүрийн зөв хандлага, экологийн боловсрол, улсын зөв бодлого, шинжлэх ухаанд суурилсан зөв шийдлээр хэрэгжүүлэн ажиллах боломжтой юм.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбар нь Монгол орны ойн экосистемийн өөрчлөгдөл, хөдлөлзүйг судлах, ойн ургалт, үүсэн бүрэлдэх явц, ойн бүтээмж, ой модыг хөнөөлт шавж, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мод үржүүлэг, ойжуулалтын технологийг боловсруулах, ойн бодлогын ШУ-ны үндэслэл боловсруулах үндсэн зорилготой, харин тус хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбар нь Монгол орны гадаргын болон газрын доорх усны нөөц, чанар, хувьсал өөрчлөлтийг судлах, стандарт, норм боловсруулах, бэлчээр усжуулалт, ус хангамжийн эх үүсвэр нөөцийг үнэлэх, усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, усыг зөв зохистой ашиглах ШУ-ны үндэслэл боловсруулах үндсэн зорилготой үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн явуулдаг Монгол улсын ууган байгууллага, нэгжүүдийн нэг юм. 

Иймээс тус хүрээлэнгийн Ой болон Усны салбарт ажиллаж буй нийт эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагч, эдгээр салбаруудад оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан ахмад эрдэмтэн, ажилтан, албан хаагч, нийт МУ-ын ойн болон усны салбарынхандаа Олон улсын ойн өдөр болон Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн захирал, Доктор (PhD) Д.Баттогтох