Өмнөговь аймгийн нутагт орших хэрмэн цавын физик газарзүйн тодорхойлолт
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойш Тосон бумбын нурууны салбар болох Сэртэн уул (1848 м), Шариг (1672 м) уулнаас баруун хойш, Алтан уул (2273 м), Хайрхан толгой (1401 м) уулнаас баруун урагш Ингэн хөөвөрийн говь (700 м) руу хандсан х.ө. 43028̍, з.у 99048̍-ын солбицолд баруун хойшоо 20 шахам километр үргэлжлэх 250 хавтгай дөрвөлжин километр талбайд, дтд 1000 – 1300 метрт орших Монгол орны хамгийн томд тооцогдох 200 метр хүртэл гүн ганга юм (Шагдар.Ш, 2007).
Уулс нь эгц хажуу бүхий дунд зэрэг хэрчигдэлтэй үргэлжилсэн жижиг нуруу байдлаар тархан тогтсон байх бөгөөд байгалийн бүс бүслүүрээр авч үзвэл цөлийн бүсийн тойрогт хамаарагдах жинхэнэ цөлийн дэд бүсэд багтана.
Эрдэмтдийн судалснаар 250 сая жилийн өмнө энэ газар далайн ёроол байсан гэж үздэг бөгөөд одоогийн байгалийн тогтоц нь 70 сая жилийн настай цэрдийн үед хамаарагдана гэж тодорхойлогддог. Эртний нуур, далайн ёроол байсныг гэрчлэх нотолгоо бол энд тунамал хурдсын илэрцүүд нэлээдгүй ажиглагдахаас гадна далайн амьтдын чулуужсан яс, дун, хясаа зэргийн үлдэгдэл хаа сайгүй олонтой дайралдана.
Анх 1963–1971онд Польш–Монголын эрдэмтэдтэй хамтарсан Палеонтологийн экспедицээр хэд хэдэн удаагийн малтлага хийсэн бол 1969 онд академич Р.Барсболд, Л.П.Татаринов, А.Розанов нарын удирдлагаар Монгол–Зөвлөлтийн палеонтологийн хамтарсан экспедиц Ингэн хөөврийн хоолой орчимд судалгаа хийж Хэрмэн цав, Хайчин уул зэрэг газруудыг нээн илрүүлж динозавр, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуурын усны амьтад болон ургамлын олон шинэ олдворуудыг олсон байдаг (Барсболд Р., 1983). Дашрамд сонордуулахад эдгээр олдворууд нь мезозойн үед амьдарч байсан хөхтөн амьтан болон сээр нуруугүйтэн амьтдын чулуужсан яс гэдэг нь нотлогдсон байдаг.
Хэрмэн цавд тархах хурдас хуримтлалыг авч үзвэл доод цэрдийн үеийн хурдас дээр тогтворжсон улаан эсвэл улаан хүрэн аргиллит, мөн шавар чулуулаг алевролит болон хөнгөн элс, хайрган чулуун тархалтаар тодорхойлогдоно. (Tomurtogoo, 1998)
Энэ нь хэдэн зуун жилийн тэртээх цаг үеийг илтгэх бөгөөд эдгээр хурдасууд нь ус болон нар, салхинд идэгдэж, элэгдсэнээс гадарга нь толгодлог, гүвээрхэг зарим газар үлдэц тавцан байдалтай болж хэрчигдсэн байдаг. Энэхүү гадаргыг хотгор гүдгэрийн үүднээс ач үзвэл идэгдэл-элэгдлийн, элэгдэл-хуримтлалын хэв шинжит хотгор гүдгэрийн хэлбэр өргөн тархсан байдаг (Даш.Д, 2010).
Дээрх хэв шинжид хамрагдах хотгор гүдгэрийн хэлбэрүүдээс хамгийн түгээмэл нь усны үйл ажиллагаагаар үүссэн хуурай сайрууд болон элсэн хурдсын хуримтлал бүхий довцог элбэг ажиглагдана. Хэрмэн цав нь уур амьсгалын хувьд хуурай гандуу мужид хамаардаг бөгөөд хамгийн хүйтэн сар нь 1-р сард тохиох ба дундаж температур нь −15 – 30°C хооронд байх ба хамгийн дулаан сар нь 7-р сард тохиох ба дундаж температур нь 10 – 25°C байдаг. Өвлийн саруудад хөрс 2 м орчим гүнд хөлддөг тул нэвчилтийг хүндрүүлж, хаврын гэсэлтийн үеэр гадаргын урсцын эзлэх хувийг нэмэгдүүлдэг (Jadambaa, 2003).
Тус нутаг дэвсгэрт жилд дунджаар 50 мм-ээс бага хур тунадас ордог ба 5-р сарын сүүлээс 7 сарын эхэн хүртэл жилийн нийт хур тунадасны 50-60% нь ордог гэж үздэг (Davaa, 2007). Салхины хурд дунджаар 4.5 м/сек-ийн хурдтай байх бөгөөд салхигүй өдрийн тоо 20 хоног буюу хаврын сүүл сар, зуны улиралд халуун салхитай үед тохиодог бол эсрэгээрээ 15 м/сек-ээс дээш хурдтай хүчтэй салхи шороон шуургатай үе ажиглагдах нь их байдаг.
Сүүлийн жилүүдэд агаарын температур олон жилийн дунджаас илүү нэмэгдэж, хуурай болон хагас хуурай цаг агаар зонхилох ба агаарын даралт дунджаар нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэгт 890-900 гПа даралттай байна гэсэн тооцоолол гарсан байдаг. Уур амьсгалын энэхүү онцлогоос шалтгаалан хөрсний үе давхарга нь нимгэн, хуурай, элсэрхэг хөрс тархах ба гадарга нь хайрга, сайрган хэмхдэс чулуугаар бүрхэгдсэн байдаг.
Ургамлын хувьд сийрэг бүтэцтэй байх бөгөөд энд хээржүү цөлийн элсэн бор саарал хөрсөн дээр тогтворжсон үет ургамал оролцсон сөөг, сөөглөг ургамал болох монгол өвс-таанат, баглуур, бударгана-загт бүлгэмдэл, цөлийн аргамжинцэцэг, жигд хайлс, тоорой, сухайн төгөл, зэгсэн шугуй бүхий баянбүрдүүд мэр сэр ажиглагддаг.
Гадаргын ус нэн ховор ч түр зуурын урсгал ус урсах хуурай сайрууд түгээмэл бөгөөд усан хангамжид газрын доорхи ус чухалд тооцогддог болох нь тектоник хагарлын шугаман ан цаваар дамжин ил гарсан булаг шанд зэрэг нь баянбүрдийг тэжээн тэтгэж буйгаар илэрхийлэгдэх юм.
Байгалийн ландшафтын хувьд Хэрмэн цав нь өөрийн өвөрмөц дүр төрх бүхий байгалийн унаган ландшафтыг бүрдүүлдэг. Тухайлбал ландшафтын морфологи шинжээр нь авч үзвэл өвөрмөц сонин тогтоц бүхий урочищегийн нэгжид хамаарагдана (Даш.Д, 2010) гэж тодорхойлсон байдаг. Урочищи нь бидний ойлголтоор байгалийн үзэсгэлэнт газар гэсэн утгатай ихэнхдээ дүйнэ (Даш.Д, 2010).
Энэхүү нэгжид хамаарагдах ландшафтын дотоод зүй тогтолын ангилалд өмнөдийн цөлийн болон хэт гандуу цөлийн ландшафт мөн баянбүрдын өвөрмөц ландшафт, сул элсэн хуримтлал бүхий довцог элсний ландшафтыг ялгаж болох ба судлагдаж буй нутаг дэвсгэрт алаг цоог тархалттай ажиглагдана.
Хэрмэн цавд байрлах баянбүрдүүд нь говь цөлийн бүсэд байрлах баянбүрдүүдийг бодвол талбайн хэмжээгээрээ тийм ч томд тооцогдоод байдаггүй хэдий ч энд бударгана-баглуур, загт бүлгэмдэл голлохын зэрэгцээ зэгс, сухай, хайлс, тоорой зэрэг мод сөөгөөс бүрдсэн баянбүрүүд жижиг жижиг талбайд тааралдана.
Ашигласан хэвлэл
· Davaa, G. –O.–S. (2007). Surface Water of Mongolia. Ulaanbaatar: Environment handbook of mongolia. 42–54;
· Jadambaa, N. –G.–K. (2003). Hydrogeological map of Mongolia 1: 1000 000. Hannover.: Explanatory notes. – Geologisches Jahrbuch, Reihe C, Heft 69;
· Tomurtogoo, O. –B.–B.–M.–O.–K.–C.–M.–B.-I. (1998). Geological Map of Mongolia 1: 1000 000. Ulaanbaatar: Mongolian Academy of Sciences, Institute of Geology and Mineral Resources;
· Барсболд Р., Л. Б. (1983). Новые виды ископаемых позвоночных Монголии. Москва,: Совместная Советско-Монгольская палеонтологическая экспедиция;
· Даш.Д. (2010). Монгол орны ландшафт-экологийн асуудлууд. Улаанбаатар : 81;
· Шагдар.Ш. (2007). "Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг". . УБ.,: 531.
Мэдээллийг бэлтгэсэн: Т.Рэнчинмядаг, Т.Даваагатан, М.Пүрэвсүрэн
(ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Физик газарзүйн салбар)