“Хиагт хотын 300 жилийн түүхэн ой: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт “Цайны замын түүх”-д холбогдох олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт хотноо зохион байгуулагдлаа.
Энэхүү хуралд ОХУ, Монгол Улс, Япон улсын нийт 75 эрдэмтэн судлаач уригдан оролцсоны дотор ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Батсайхан “Оросын тагнуулч, дорно дахин судлаач Михаил Аркадьевич Полумордвинов (1867-1917) Монголын тухай”, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Н.Наранжаргал “Монгол-Оросын бүс нутгийн хамтын ажиллагаа: Сэлэнгэ аймаг болон Бүгд Найрамдах Буриад Улсын харилцааны түүхэн туршлага ба өнөөгийн байдал”, эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Мөнхцэцэг “Хиагт хот Монгол-Оросын соёлын дипломат ажиллагааны хилийн зангилаа болох нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
“Цайны зам”-ын түүх, орчин үеийн олон зангилаа асуудлыг хөндсөн энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол-Оросын харилцааны цаашдын хөгжлийн хүрээнд хоёр улсын эрдэмтдийн хамтарсан судалгааг дэмжиж, ирээдүйн хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох, бүс нутгийн хөгжил, соёлын өвийг хамгаалахад хувь нэмэр оруулж, хоёр орны найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.


