Хятадын ЛайнШайн суперкомпьютер дэлхийн хамгийн хүчирхэг 500 суперкомпьютерийн жагсаалтыг тэргүүлж байна
Хятадын ЛайнШайн суперкомпьютер дэлхийн хамгийн хүчирхэг 500 суперкомпьютерийн жагсаалтыг тэргүүлж байна

Дэлхийн хамгийн хүчирхэг 500 суперкомпьютерийг тооцоолох хурдаар нь эрэмбэлдэг жагсаалтын (TOP500) 2026 оны 6-р сарын шинэчлэлд Хятад улсын Шэньжэний Үндэсний суперкомпьютерийн төвд (National Supercomputing Centre in Shenzhen) байрлах ЛайнШайн (LineShine) суперкомпьютер тэргүүлж байна. ЛайнШайн нь дээд хурдны сорилоор (HPL¹) 2.1984 экзафлопс² үзүүлэлт гаргаж, АНУ-ын Эл Капитан (El Capitan) системийг (1.809 экзафлопс) ойролцоогоор 21.5 хувиар давсан үзүүлэлттэй юм [1][2].
ЛайнШайнийг Шэньжэний Үүлэн тооцооллын төв бүтээсэн бөгөөд систем нь ЛинКүн (LingKun) платформ дээр суурилдаг. Энэхүү систем нь тус бүр 304 цөмтэй, 1.55 ГГц давтамжтай LX2 процессоруудаас бүрдэх бөгөөд нийт 13.79 сая цөмтэй. Мөн ЛинЧи (LingQi) өндөр хурдны дотоод сүлжээ (interconnect3), HBM–DDR шаталсан санах ой4, Килин (Kylin) үйлдлийн системээс бүрдэнэ. Хятад улс Санвэй ТайхуЛайт (Sunway TaihuLight) суперкомпьютерээс хойш уг жагсаалтын тэргүүн байрыг анх удаа эргүүлэн авч байна [1][2].

Хурдасгуурыг процессорт нэгтгэсэн архитектур

Энэ системийн гол онцлог нь “Онлайн хурдасгуур” (Online Acceleration) архитектур юм. Уламжлалт суперкомпьютерийн хувьд төв процессор ерөнхий тооцооллыг гүйцэтгэж, график процессор хиймэл оюуны тооцоолол зэрэг их хэмжээний параллель тооцооллыг хурдасгадаг. Гэвч эдгээрийн хооронд өгөгдөл солилцоход хугацаа алддаг. Харин ЛайнШайний процессорын цөм бүр SME (Scalable Matrix Extension) хэмээх матриц тооцооллын хурдасгууртай5. Тиймээс матриц тооцооллыг график процессорт шилжүүлэхгүйгээр процессор дотроо хийх боломжтой.

Матриц тооцооллын хурдасгуур нь цөмийн бусад хэсгүүдтэй ижил санах ой, программ хангамжийн орчныг хуваалцан ажилладаг. Ингэснээр өгөгдлийг нэг хэсгээс нөгөөд зөөх хэрэгцээ буурч, системийн бүрэлдэхүүн хэсгүүд илүү уялдаатай ажилладаг [4].

Хурд болон бодит ачааллын сорилд тэргүүлэв

Суперкомпьютерийн бодит чадварыг зөвхөн дээд хурдны сорилоор үнэлэхэд хангалтгүй. Шинжлэх ухааны тооцоололд санах ой, процессор хоорондын өгөгдөл солилцоо, сүлжээний хурд мөн чухал нөлөөтэй. Иймд эдгээрийг хамтад нь хэмждэг бодит ачааллын сорилыг (HPCG6) давхар ашигладаг. Энэ сорил нь их хэмжээний тэгшитгэлийг алхам алхмаар дөхүүлэлт хийн бодох аргад суурилдаг.

ЛайнШайн нь энэ сорилд мөн секундэд 22.0049 квадриллион үйлдэл гүйцэтгэж тэргүүлэв [3].

Холимог нарийвчлалын сорилд дөрөвдүгээр байр

Нарийвчлал гэдэг нь тооцоололд тоог хэдэн оронгоор хадгалахыг хэлнэ. Жишээ нь, π тоог 3.14 гэж авбал тооцоолол хурдан ч нарийвчлал бага, 3.14159265 гэж авбал нарийвчлал өндөр ч удаан болдог. Холимог нарийвчлалын арга нь тооцооллын ихэнхийг бага нарийвчлалаар хурдан тооцоолж, эцсийн үр дүнг өндөр нарийвчлалтайгаар засаж гаргадаг. Энэ аргыг хиймэл оюуны тооцоололд түгээмэл хэрэглэдэг.

Холимог нарийвчлалын сорилд (HPL-MxP7) Эл Капитан 16.7 экзафлопсоор тэргүүлж, Аурора (Aurora) 11.6, Фронтиер (Frontier) 11.4 экзафлопсоор удаалсан бол ЛайнШайн 7.92 экзафлопсоор дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн [6]. Тиймээс ЛайнШайнийг бүх төрлийн тооцоололд хамгийн хурдан гэхээсээ илүү дээд хурдны болон бодит ачааллын сорилын жагсаалтыг тэргүүлж буй суперкомпьютер гэх нь бодитой юм [1][3].

Гүйцэтгэл ба эрчим хүчний үр ашгийн харьцаа

Дээд хурдны сорилын үед ЛайнШайн 42.22 мегаватт, Эл Капитан ойролцоогоор 29.69 мегаватт чадлаар ажилласан [1, 2]. Өөрөөр хэлбэл ЛайнШайн илүү өндөр гүйцэтгэл үзүүлсэн боловч ойролцоогоор 1.4 дахин их цахилгаан зарцуулсан. Энэ нь эрчим хүчний үр ашгийн хувьд Эл Капитан давуу болохыг илтгэнэ. Суперкомпьютерийн эрчим хүчний үр ашгийг нэг ватт чадлаар нэг секундэд гүйцэтгэх үйлдлийн тоогоор хэмждэг.

Шинжлэх ухааны судалгаан дахь хэрэглээ

ЛайнШайнийг зохион бүтээгчдийн 2026 онд нийтэлсэн өгүүлэлд дурдсанаар уг системийг Шингэний динамик тооцоолол, Тархи судлал, Био-Анагаах ухаан болон Зайнаас тандан судлал зэрэг өндөр гүйцэтгэлтэй тооцоолол (HPC8) шаарддаг салбарт ашиглаж байна [4].

Мөн цаг уурын физик загварыг хиймэл оюуны загвартай хослуулан хур тунадас тооцоолох, зайнаас тандан судлалын зураг боловсруулах, хиймэл оюуны загвар сургах, системийг оновчлох зэрэг судалгаанд ашиглаж байна [5].

Тухайлбал, судлаачид сүүлийн арван жилийн (2016–2025) хур тунадасны өгөгдөлд суурилсан дахин тооцооллыг (retrospective computation) 14.6 цагийн дотор гүйцэтгэсэн. Мөн олон улсыг хамарсан 8 жилийн зайнаас тандан судлалын зургийн өгөгдлийн хэмжээг багасгаж хадгалах (шахах), буцаан сэргээх туршилт хийсэн байна [5].

Тайлбар

1 HPL (High Performance Linpack) буюу дээд хурдны сорил: суперкомпьютерт олон сая үл мэдэгдэгчтэй шугаман тэгшитгэлийн систем бодуулж, секундэд хэдэн үйлдэл гүйцэтгэж байгааг хэмждэг сорил. Компьютерийн хүрч чадах дээд хурдыг харуулдаг бөгөөд TOP500 жагсаалтыг энэ үзүүлэлтээр эрэмбэлдэг.

2 Экзафлопс (EFlop/s): секундэд 10¹⁸ буюу 1,000,000,000,000,000,000 математик үйлдэл гүйцэтгэх тооцооллын чадлын нэгж.

3 Interconnect: суперкомпьютерийн олон процессор, тооцооллын серверийг бага хоцрогдолтой, өндөр хурдаар хооронд нь холбодог дотоод сүлжээ.

4 HBM–DDR шаталсан санах ой: өндөр зурвасын өргөнтэй HBM (High Bandwidth Memory) болон их багтаамжтай DDR (Double Data Rate) санах ойг хослуулсан архитектур. HBM нь процессорт өгөгдлийг өндөр хурдтай дамжуулах, DDR нь их хэмжээний өгөгдөл хадгалах үүрэгтэй [4].

5 Матриц тооцооллын хурдасгуур: матриц үржүүлэх зэрэг олон тооны үйлдлийг параллель боловсруулдаг тооцооллын нэгж [4].

6 HPCG (High Performance Conjugate Gradient) буюу бодит ачааллын сорил: суперкомпьютер бодит шинжлэх ухааны ажил дээр хэр хурдан ажиллахыг хэмждэг сорил. Зөвхөн тоо бодох хурд бус, санах ойгоос өгөгдөл уншиж, процессоруудын хооронд мэдээлэл дамжуулах хурдыг давхар шалгадаг. Тиймээс энэ сорилын үзүүлэлт дээд хурдны сорилынхоос хамаагүй бага гардаг.

7 HPL-MxP (HPL Mixed Precision) буюу холимог нарийвчлалын сорил: дээд хурдны сорилын нэг хувилбар. Тооцооллын ихэнхийг бага нарийвчлалаар (тоог цөөн оронтойгоор) хурдан хийж, эцсийн хариуг өндөр нарийвчлалтай болгон засдаг. Систем хиймэл оюуны тооцоолол хэр хурдан хийж чадахыг харуулдаг.

8 HPC (High-Performance Computing): их хэмжээний тооцооллыг олон процессор, цөмийг зэрэг ажиллуулан өндөр хурдтай боловсруулах технологи.

Мэдээ бэлтгэсэн:  Н.Отгонзул


Бусад мэдээлэл