Үндсэн агуулга руу

Мэдээ

“Оны шилдэг судлаач” захирлын нэрэмжит грант

2021.01.05  |  МэдээfX⧉

“Оны шилдэг судлаач” захирлын нэрэмжит грант – Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр (MSc.) Отгонбаатар овогтой Мөнхдулам

О.Мөнхдулам нь ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарт 2007 оноос ажиллаж байгаа бөгөөд тэрээр 2020 онд хүрээлэнгийн залуу эрдэм шинжилгээний залуу ажилтнуудынхаа дунд манлайлан ажиллаж “Оны шилдэг судлаач” захирлын нэрэмжит грантын эзэн боллоо. Түүний 2020 онд үзүүлсэн амжилтуудаас дурдвал:

Олон улсын зэрэглэл өндөртэй мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 2 эрдэм шинжилгээний өгүүллийг ( хэвлэлийн шатанд 1, хянан тохиолдуулах шатанд 1) нийтлүүлсэн бол дотоодын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 2 өгүүллийг тус тус хэвлүүлжээ. Түүнчлэн гадаадын эрдэмтэн судлаачид түүний нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдээс 2020 онд нийт 14 удаа ишлэл авч, түүний судалгааны үр дүнг онцолсон байна.

Ном, нэгэн сэдэвт бүтээл зөвлөмжөөс 2020 онд хэвлэгдсэн “Монгол орны ландшафтын экологийн чадавх” номын хамтран зохиогчоор ажилласан ба “Springer хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Environmental Degradation in Asia: Land Degradation, Environmental Contamination, and Human Activities” номын нэг бүлгийг буюу “Trend and BFAST analysis of the multi-sources remotely sensed time series for detecting land degradation of Mongolia” сэдвээр бичиж, хэвлэлтэд шилжүүлээд байна.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд нийт 4 эрдэм шинжилгээний илтгэлийг (нэгдүгээр зохиогчоор 2, хамтран зохиогчоор 2) хэлэлцүүлж, хурлын эмхтгэлд илтгэлүүдээ нийтлүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл 1, сурталчилгааны 2 материалыг тус тус бэлтгэжээ.

Хувь хүний хөгжлийн зорилтын хүрээнд 2020 оны 09 дүгээр сард Стамфордын их сургууль, Байгаль хамгаалах сантай хамтран зохион байгуулсан “Ecosystem service training-hackathon” сэдэвт сургалт, хакотонд хамрагдаж, нүүрстөрөгч, амьдрах орчны загвараар өрсөлдөж багаараа 2 дугаар байр эзэлсэн. О.Мөнхдулам нь өөрийгөө хөгжүүлж, мэргэшиж ажиллахын зэрэгцээ өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай тогтмол хуваалцдаг юм. Тухайлбал 2020 онд залуу эрдэмтэн судлаачдад зориулан судалгааны мэдээ, материалыг статистикийн R программ ашиглан боловсруулах чиглэлд нийт 5 удаагийн сургалт, семинарыг зохион байгуулсан байна.

ЭШДА О.Мөнхдулам МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимд 2015-2016 оны хичээлийн жилд докторантураар элссэн бөгөөд 2021 онд докторын зэргээ хамгаалахаар төлөвлөн ажиллаж байна.