Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Олон улс судлал 2026: Монголын Солонгос судлал” эрдэм шинжилгээний хурал болов
“Олон улс судлал 2026: Монголын Солонгос судлал” эрдэм шинжилгээний хурал болов

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг “Олон улс судлал 2026: Монголын Солонгос судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингис хаан Үндэсний музей, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Чингис хаан Үндэсний музейн 7-р давхрын хурлын танхимд зохион байгууллаа.

   Хурлын үйл ажиллагааг нээж ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор (Ph.D) Д.Золбоо, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Чой Жин Вон нар үг хэлэв.

   Хурлын үдээс өмнөх хэсэг Монгол Улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, ОУСХ-ийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо нарын хамтарсан илтгэл “Монгол дахь Солонгос судлалын өнөөгийн байдал” сэдэвт үндсэн илтгэлээр эхэлж, Солонгосын гадаад бодлого, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлж, эдгээр агуулгын хүрээнд “Зүүн хойд Азийн Аюулгүй байдал ба Солонгосын хойгийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Хурлын үдээс хойших хэсэгт Солонгосын нийгэм, эдийн засаг, түүх, хэл соёлын салбарын өргөн хүрээний асуудлыг хамарсан олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлснээр тус ЭШХ-д нийт 15 илтгэл хэлэлцүүллээ.

   Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн холбогдох хүрээлэнгийн судлаачдаас гадна Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Монголын дипломат академи зэрэг мэргэжлийн байгууллага, судалгааны хүрээлэн, МУИС, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, ШУТИС, СУИС, Олон улсын Улаанбаатар Их сургууль зэрэг их, дээд сургуулиудын төлөөлөл оролцсон юм.

   Тус хурал нь Монгол Улсын томоохон их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагуудын болон холбогдох судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллүүдийг нэгэн дор цуглуулж, Монгол Улс дахь Солонгос судлалын сүүлийн үеийн судалгааны үр дүн, туршлагаа хэлэлцэх, санал бодлоо солилцох боломжийг олгосон чухал арга хэмжээ болов.


Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн

Гуравдагч, хөрш орон судлалын салбарын ЭША, доктор Г.Баярмаа






























Бусад мэдээлэл