Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Тариалангийн бүсийн газар ашиглалт ба экологийн судалгаа” хийж гүйцэтгэжээ
“Тариалангийн бүсийн газар ашиглалт ба экологийн судалгаа” хийж гүйцэтгэжээ

2017-2019 оны суурь судалгаанд Сэлэнгэ аймгийн Баянгол, Шаамар, Сайхан болон Дархан-Уул аймгийн Орхон сумыг жишээ болгон авч судалсан. Энэхүү судалгааны ажлын зорилго нь газар ашиглалтаас үүдэлтэй газрын нөөц, газар тариалангийн болон бусад газар ашиглалтын эерэг ба сөрөг үр нөлөөг экологи-нийгмийн иж бүрэн судалгаагаар тодорхойлох явдал байв.


                                         Зураг 1. Монгол орны тариалангийн бүсийн зураг

Газрыг экологийн хувьд тэнцвэртэй байлгана гэдэг нь түүний нөөцийг зөв тогтоох, зүй зохистой ашиглах замаар газар нутгийг урт хугацаанд доройтолгүйгээр ашиглах экологи-аж ахуйн нийлмэл үйл ажиллагаа юм. Судалгаа явуулсан газар нутаг нь манай орны байгаль газарзүйн бүс нутгийн хувьд харьцангуй тааламжтай, тариалангийн бүс нутагт хамрагддаг боловч сүүлийн жилүүдэд газар ашиглалтад багагүй өөрчлөлт орж, газар нутгийн даац хэтэрсэн, хөрсний үржил буурсан, бэлчээрийн ургац муудаж, талхлагдах зэрэг сөрөг үзэгдэлд байнга нэрвэгдэх боллоо. Иймд энэхүү судалгаагаар газар ашиглалтын тоо, төрлүүдийг тогтоохыг зэрэгцээ хөдөө аж ахуйн газар ашиглагч нарын орлого, зарлагыг тодорхойлох, үйлдвэрлэл эрхлэгч нарт тулгарч буй зарим хүндрэл бэрхшээлийн талаар санал асуулт авч санал бодлыг тус судалгааны үр дүнд оруулсан болно. Мөн тариалан, хадлан, бэлчээрийн газрын экологийн буюу чанарын үнэлгээг хөрсний үржил шим, ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтөөр тогтоолоо. 


Судалгааны үр дүн: 

Зураг 2. Баянгол сумын бэлчээрийн талхагдалын зураг       Зураг 3. Баянгол сумын тариалангийн газрын хөрсний элэгдэл эвдрэлийн зураг


Дээрх сумдаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг жишээ болгон авч үзвэл нийт бэлчээрийн 70.3 хувь хэвийн, 29.7 хувь талхлагдсанаас талхлагдсан бэлчээрийн 6.6 хувь нь сул, 10.7 хувь нь дунд зэрэг, 12.4 хувь нь хүчтэй талхлагдсан (Зураг 1)

Баянгол сумын хэмжээнд нийт 17.1 мян.га тариалангийн талбай хамрагдсанаас 29 хувь буюу 4.9 мян.га нь элэгдэл эвдрэлд орсон, үүнээс 55.7 хувь сул, 19.4 хувь дунд зэрэг, 24.9 хувь хүчтэй элэгдэл эвдрэлд орсон байна (Зураг 2). 

 

Уг судалгааны ажлаас дараах дүгнэлтүүдийг гаргасан юм. Үүнд:


Тариалангийн бүс нутаг нь манай орны байгаль-уур амьсгалын хувьд харьцангуй тааламжтай тул хүн ам болон малын тоо толгойн бөөгнөрөл байнга нэмэгдэж, газарт үзүүлэх ачаалал ихсэж байна.


Судалгаанд хамрагдсан сумдын нийт талбай нь 440183.0 га бөгөөд 79.7 хувь нь хөдөө аж ахуй, 2.7 хувь нь хот, тосгон бусад суурин, 1.6 хувийг зам, шугам сүлжээ, 9.8 хувийг ойн сан, 0.8 хувийг     усны сан, 5.3 хувийг тусгай хэрэгцээний газар тус тус эзэлж байна. Эдгээр сумууд нийт газар нутгаа 35-44 төрлөөр ашиглаж байгаагийн 9-13 төрөл нь хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж байна.


Судалгааны сумд нь 2010-2018 оны хооронд хөдөө аж ахуйн газар нийт 2663.3 га талбайгаар буурсны 1799.2 га талбай нь хот тосгон бусад суурины газар, 788.3 га талбай нь зам, шугам сүлжээний газар, мод үржүүлгийн зориулалтаар 71.0 га талбай нь ойн сан бүхий газарт, 4.8 га талбай нь тусгай хэрэгцээний газарт тус тус шилжсэн байна.


Сумдын нийт малчдын 33.3 хувь нь шилжиж ирсэн бөгөөд тэдний 66.6 хувь нь зах ойртох, ажлын байртай болох гэсэн шалтгааны улмаас ихэвчлэн баруун аймгуудаас шилжиж ирсэн байна. 


Малчдын 75.0 хувь нь газар ашиглагчдын хооронд маргаан гардаг гэж хариулаад тариалангийн талбайд мал ороход малчин торгууль төлдөг гэж хариулжээ. Маргааныг малчин, тариаланчид ихэвчлэн өөрсдөө зохицож маргаанаа шийдвэрлэж байна.


Судалгаанд хамрагдсан сумдын бэлчээрийн даацыг тооцож үзэхэд Баянгол сум  1.8 дахин, Сайхан сум 2.2 дахин, Орхон сум 7.4 дахин, Шаамар сум 4.4 дахин даац хэтэрсэн байна.


Судалгааны үр дүнгээр бэлчээрийн талхагдлын зэрэглэл болон тариалангийн газрын хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэлээс хамаарч хөрсний үржил шимийн үндсэн үзүүлэлт болох ялзмаг агуулалт, агрохимийн шинж чанарын үзүүлэлтүүд буурсан байна. Газрын доройтлын зэрэглэл нэмэгдэх тусам түүний хохирлын эрчим нэмэгдэж байна.


Газар нь ашиглалтын төрлөөс шалтгаалж байгаль орчин болон нийгэм эдийн засгийн харилцан адилгүй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэдгээрийн онцлогт тохирсон ашиглалт, хамгаалалтын бодлогыг              зөв тодорхойлох.


Орон нутгийн газар ашиглалт нь тасралтгүй үргэлжлэх үйл явц бөгөөд өөрөө удирдах ёсны төлөөллийн байгууллагыг удирдлага зохицуулалтаар хэрэгждэг. Гэтэл ажлын хэрэгжилт хангалтгүй, зохицуулалт сул байгаагаас орон нутгийн газрын даац багтаамж хэтэрсэн, газарт үзүүлж буй ачаалал нэмэгдсэн, улмаар газар нутаг доройтолд орох зэрэг сөрөг нөлөөлөл их гарч байна.

Манай улсын газрын тогтвортой менежмент нэгдсэн тогтолцоотой бөгөөд түүнийг бодлогын ба хэрэглээний менежмент гэсэн дэд хэсэгт хувааж тэдгээрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гүйцэтгэх үүргийг тодорхой болгосноор менежмент сайжирч газрыг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээ үр дүнтэй болно




“Монгол улсад газар тариалан эрхлэх систем” бүтээл хэвлэгдлээ.

Тус салбарын эрдэмтдээс сүүлийн жилүүдэд хэвлэн нийтийн хүртээл болгосон ном, аргачлал, аргазүйн бүтээлүүдэд Доктор Я.Баасандоржийн II бүлгийн хамтран зохиогчоор ажилласан хамтын бүтээл болох “Монгол улсад газар тариалан эрхлэх систем” (2019) болон Доктор Я.Баасандорж нарын хамтран боловсруулсан “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” (2018) мөн Я.Баасандорж “Хөрсний механик бүрэлдэхүүнийг хээрийн нөхцөлд тодорхойлох аргачлал” (2018) зэргийг онцолж байна. 

          Зураг 4. Хамтын бүтээл                     Зураг 5. Хөрсний механик бүрэлдэхүүнийг хээрийн           Зураг 6. Хамтын бүтээл, 2020 он

                                                                           нөхцөлд тодорхойлох аргачлал, 2018 он 

 




Бусад мэдээлэл