Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Орчин үеийн газарзүйн мэдээллийн систем, тандан судлалын зарчмууд” Бүтээл
“Орчин үеийн газарзүйн мэдээллийн систем, тандан судлалын зарчмууд” Бүтээл

Энэхүү номын гол зорилго нь, манай улсын олон салбарт оронзайн мэдээллийн ашиглалт ба хэрэглээ эрс өссөнтэй уялдуулан, түүнтэй харьцдаг эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш нар, оюутнууд болон нийт хэрэглэгчдэд орчин үеийн ГМС, тандан судлалын үндсэн зарчмууд; тэдгээрийн түүхэн хөгжлийн үе шатууд; мэдээллийн сангийн дизайн ба загварчлал; эх мэдээг тоон хэлбэрт хөрвүүлэх аргууд; зайнаас тандсан олон эх сурвалжийн мэдээг боловсруулах стандарт болон автомат тайллын өндөр түвшний аргууд;  ГМС ба ЗТС-ын аргуудыг сэдэвчилсэн судалгаанд хэрхэн ашиглах зарчмын талаар үндсэн мэдлэг олгоход оршино.




















 Зураг 1.1. “Орчин үеийн газарзүйн мэдээллийн систем, тандан судлалын зарчмууд” номын зураг


ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Интернэт орчин дахь Веб-ГМС.  

Орчин үед, оронзайн мэдээг боловсруулах олон төрлийн программ хангамж байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь локаль буюу зөвхөн тухайн компьютерт зориулалтын программ хангамж ашиглан, оронзайн мэдээг боловсруулах боломжтой байдаг. Эдгээр программ хангамжууд нь үнэ өртгийн хувьд өндөр үнэтэй байдгаас гадна, оронзайн мэдээг боловсруулахын тулд чадварлаг мэргэжилтнийг шаарддаг. Иймд, боловсруулсан оронзайн мэдээг түгээх болон хэн нэгэн хэрэглэгч өөрт хэрэгцээт мэдээллийг олж авах тал дээр асуудал их гардаг байна. Сүүлийн үед, техник технологи хөгжихийн хэрээр мэдээллийн асар том сүлжээг бий болгосон интернэтийг ашиглан оронзайн мэдээг түгээх нь хамгийн оновчтой бөгөөд хямд зардалтай гэж үзэх боллоо.

Өгөгдлийн сангийн удирдлагын программ хангамж PostgreSQL 10.4 болон орон зайн мэдээллийг агуулах PostGIS 2.0 хувилбаруудыг ашиглан мэдээллийн санг байгуулж, веб орчны Geomoose, MapServer программ хангамжуудыг ашиглан Веб –д суурилсан Газарзүйн Мэдээллийн Систем (Веб-ГМС) – ийг боловсруулсан болно.

Хэрэглэгч өөрт хэрэгцээтэй оронзайн болон атрибут мэдээллийг олж авах, тухайн мэдээллийг хадгалах, шинэ мэдээлэл оруулах зэрэг алхмуудыг хялбар байдлаар энэхүү Веб-ГМС ашиглан хийх боломжтой.

Link: http://webgis.igg.ac.mn/geomoose/

                        Зураг 1.2. Интернэт орчин дахь Веб-ГМС-ын харагдах байдал.

Хэт өндөр нарийвчлалтай Quickbird хиймэл дагуул болон агаарын түвшний LiDAR мэдээг нийлэгжүүлэн объектод суурилсан ангиллыг хотын төвийн жишээн дээр хийсэн үр дүн. 

Судалгааны хүрээнд, үзэгдэх гэрлийн болон ойрын нэл улаан туяаны мужид хүлээн авсан олон сувгийн сансрын мэдээг, агаарын лидарын долгионы мужид хүлээн авсан мэдээтэй нэгтгэн нийлмэл байдлаар боловсруулан дүн шинжилгээ хийж, ангиллын шинэлэг аргачлал боловсруулах үндсэн зорилтыг дэвшүүлсэн болно.

Судалгаанд, Улаанбаатар хотын төвийн хэсгийн 0.9 км2 талбайг судалгааны талбайгаар сонгож, 2016 онд авсан QuickBird хиймэл дагуулын мэдээг болон лидарын мэдээг ашиглан объектод суурилсан ангиллын аргаар ангиллыг гүйцэтгэсэн. Объектод суурилсан ангиллын аргаар ангилал хийхдээ, сонгож авсан мэдээнүүд дээр дүрслэгдсэн биесийн спектр, оронзайн шинжүүд дээр тулгуурлан анхдагч дүн шинжилгээг хийсэн бөгөөд ангиллын 2 түвшинг үүсгэн, нийлмэл дүрс мэдээг 6 ангид ангилан хуваан, улмаар сэдэвчилсэн үр дүнг гарган авсан. Объектод суурилсан ангиллын үр дүнг доорх зураг харуулав.

                      Зураг 1.3. УБ хотын төв хэсэг а) Quickbird хиймэл дагуулын мэдээ b) LiDAR мэдээ

                                    Зураг 1.4. Судалгааны ажлын дараалал.

                                    Зураг 1.5. Объектод суурилсан ангиллын үр дүн

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын бэлчээрийн доройтлыг радарын (ALOS-PALSAR, L суваг) болон оптикийн (Landsat хиймэл дагуул) мэдээг ашиглан судалсан дүн.

Энэхүү судалгааны зорилго нь зайнаас тандсан мэдээг ашиглан Монгол орны төвийн хэсгийн бэлчээрийн өөрчлөлтийн судалгааг сайжруулсан ангиллын аргаар хийх байв. Уг сайжруулсан дэвшилтэт арга нь газрын бүрхэвчийн ангиудын спектр болон орон зайн шинж чанарт үндэслэсэн хамгийн их төсөөтэйн ангиллын арга юм. Судалгааны талбайгаар Архангай аймгийн Эрдэнэ-Мандал сумыг сонгон авсан. Судалгаанд 1987 оны 9-р сарын 14-ний Landsat 5, 2001 оны 9-р сарын 18-ны Landsat 7, 2014 оны 8-р сарын 23-ны Landsat 8, 2014 оны 8-р сарын 18-ны ALOS PALSAR L-band хөндлөн-хөндлөн гэсэн туйлшралын SAR мэдээг ашигласан болно.

Уламжлалт хамгийн их төсөөтэйн ангиллын аргаас ялгаатай нь энэхүү ангиллын алгоритм нь контекстийн мэдлэг ашиглан тодорхойлсон спектрийн болон орон зайн зааглагчуудыг ашигладаг. Контекстийн мэдлэг нь сансрын зурган дээрх газрын бүрхэвчийн спектр болон текстурт суурилсан онцлог шинж чанаруудыг авч үзснээр тодорхойлогдоно. Спектрийн заагчлагч утга нь сургалттай ангиллын сигнатурын стандарт хазайлтын дээд ба доод хязгаарыг ашигладаг бол оронзайн зааглагч нь давхцаж буй ангиудыг ялгахад тодорхой полигоныг зааглагч болгон ашигладаг байна. Олон цаг улирлын хиймэл дагуулын мэдээг ашиглан сайжруулсан аргаар ангилал хийсэн үр дүнг доорх зурагт харуулав.

Ангиллын үр дүнгээс харахад 1987 онд бэлчээр 387,633 га, доройтсон бэлчээр 85,299 га байсан бол 2001 онд эдгээр хоёр анги нь бэлчээр 381,176 га, доройтсон бэлчээр 183,756 га болжээ. Үүнээс харахад 14 жилийн хугацаанд бэлчээрийн газар 1.7% -иар багассан байсан бол доройтсон бэлчээр 2 дахин нэмэгдсэн байна. Харин 2014 оны хувьд бэлчээр 275,639 га болон багассан бол доройтсон бэлчээрийн талбай 190,427 га болон нэмэгдсэн байна.

                        Зураг 1.6. Архангай аймгийн Эрдэнэ-мандал сумын бэлчээрийн доройтол 

                                      a) 1987 он b) 2001 он c) 2014 он 


Бусад мэдээлэл