Өргөн уудам газар нутагтай Монгол орны байгаль орчин, уур
амьсгалын нөхцөл нь өөр хоорондоо харилцан адилгүй онцлог шинж чанаруудыг
агуулдаг. Тухайлбал, манай оронд хүйтэн сэрүүн уур амьсгалтай Сибирийн ой
тайгаас дулаан уур амьсгалтай говь цөлийн шилжих бүс, тэдгээрийн дунд орших өндөр
уулын таг бүслүүр, ойт хээр, хээрийн бүсүүд зэрэгцэн оршино. Тус орны өмнөд
хэсгээр гадаргын ус бага, ургамал бүрхэвч сийрэг байхад хойд тал, өндөрлөг газар
нутгуудад гадаргын ус ихтэй, ургамал бүрхэвч өтгөн шигүү байдаг зүй тогтолтой.
Энэ ялгаатай байдлын учир шалтгаан нь юуны өмнө уур амьсгалын нөхцөл боловч
тухайн газрын байгалийн бүрдэл хэсгүүд ч чухал нөлөө үзүүлнэ.
Манай орны усны нөөц, түүний бүрэлдэн бий болох үзэгдлийн ихэнх нь өндөр
уулархаг нутагт тохиолддог ба энэ газарт мөстлөг, цэвдэг ихээхэн талбайг эзлэн
тархсан байдаг. Цэвдэг, мөстлөг нь усыг ихээр агуулж тухайн газар нутгийн усны
горимыг зохицуулдаг чухал үүрэгтэй. Халуун, хур бороо багатай жилүүдэд цэвдэг,
мөстлөгт агуулагдаж буй мөс хайлж улмаар тухайн газар нутгийн гол горхи,
нууруудын тэжээл болохоос гадна ургамал ургахад шаардагдах ус чийгийн тодорхой
хувийг бүрдүүлдэг. Уур
амьсгалын өөрчлөлт манай орон орчим дэлхийн дунджаас хэт давсан үзүүлэлттэй илэрч байгаа ба энэ нь цэвдэг, мөстлөгийг
ихээхэн хэмжээгээр хайлуулах нь гарцаагүй. Та бидний амьдралын эх үндэс болсон
усыг тэжээгч мөстлөг, цэвдгийн төлөв байдал, тэдгээрт үзүүлэх уур амьсгалын
дулааралтын нөлөөг илрүүлэн ойлгох нь олон талын чухал ач холбогдолтой. Ийм
учраас олон орны эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчид энэ асуудалд анхаарал хандуулан
ажиллаж байгаа юм.
Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэмтэн судлаачид Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр “Монголын өндөр уулархаг нутгийн усны нөөцөд (мөстлөг, цэвдэг) уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө” сэдэвт төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт цэвдэг, мөстлөгт хэрхэн нөлөөлж байгааг олж тогтоох, тухайн орчны байгалийн төлөв байдлыг тодорхойлох зэрэг судалгаа шинжилгээний ажлууд хийгдэнэ. Төсөл хэрэгжих нутаг дэвсгэр Монгол орны баруун, хойд хэсэгт орших Хангай, Алтай, Хөвсгөлийн уулархаг газруудыг хамарна (Зураг 1).
Төслийн багийн энэ оны зун явуулсан хээрийн судалгаагаар цаг уурын автомат станцуудыг Хангайн уулсын системийг төлөөлүүлж Отгонтэнгэр, Алтайн уулсын системийг төлөөлүүлж Сутай болон Мөнххайрхан, Хөвсгөлийн уулсын системийг төлөөлүүлж Мөнхсарьдаг ууланд тус тус амжилттай суурилуулж, уур амьсгалын хэмжилтийг эхлүүлсэн (Зураг 2). Мөн энэ үеэр тэдгээрийг хүрээлэн буй байгалийн төрх байдлыг тодорхойлох хэмжилт хийж гүйцэтгэсэн болно. Эдгээр 4 цаг уурын станц өндөр уулын хэв шинжийг агуулсан, далайн түвшинээс дээш 3300 гаруй метрт өндөрт байрлана. Төслийн хүрээнд Монголд анх удаа Отгонтэнгэр, Мөнхсарьдаг уулсад цаг уурын станцууд суурилуулж, уур амьсгалын хэмжилт эхлүүлсэн нь чухал үр дүнтэй ажил болсон юм. Шинээр суурилуулсан цаг уурын станцуудад агаарын температур, даралт, чийгшил, салхины хурд, салхины чиглэл, нарнаас ирж буй богино долгионт цацраг, хур тунадас зэрэг уур амьсгалын элементүүд хэмжигдэж байгаа болно. Манай орны өндөр уулсын системд цаг уурын хэмжилт хийдэг станц нэн ховор байдаг нөгөө талаас манай орны уур амьсгалын төлөвийг тодорхойлохдоо нам дор, хотос, хөндийд байх цаг уурын станцуудын мэдээ материал ашигладаг юм. Манай төслийн хүрээнд суулгасан цаг уурын станцуудыг ашиглан өнөөг хүртэл бүрэн танигдаж амжаагүй өндөр уулын уур амьсгалын нөхцөлийг олж мэдэхээс гадна цаашид урт хугацааны хэмжилт хийх боломж нээгдэж байна. Дээрх уулсын цаг уурын төлөв байдлыг 15 минут тутамд хэмжих бөгөөд дараа жилийн хээрийн судалгаагаар эхний мэдээгээ авч түүнтэй холбогдох үр дүнгүүдийг гаргах болно. Мөн хээрийн судалгааны явцад Мөнххайрхан, Сутай, Отгонтэнгэр, Мөнхсарьдаг уулсын мөстлөгийн талбайн хэмжээ, өөрчлөлтийг тогтоох зорилгоор агаар, газрын фото зураг авч газарзүйн байрлалтай нь харьцуулан баталгаажуулсан болно. Бид дээрх уулсын мөстлөгийн талбайн хэмжээг 2019 оны байдлаар тооцон гаргаад байгаа бөгөөд цаашид үүнээс өмнөх онуудад харгалзах мөстлөгийн талбай тус бүрийг тооцож үр дүнгээ гаргаж авахаар төлөвлөж байна.