Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол орны ландшафтын экологийн чадавх” нэгэн сэдэвт бүтээл
“Монгол орны ландшафтын экологийн чадавх” нэгэн сэдэвт бүтээл

Физик газарзүйн салбарын үе, үеийн эрдэмтэн, судлаачид бие даасан болон хамтарсан олон арван бүтээл, атласууд хэвлүүлснээс 2020 оны шинэ бүтээл Монгол орны ландшафтын экологийн чадавхномыг онцлон танилцуулж байна.

Энэхүү ном нь Монгол орны ландшафтын экологийн чадавх (экопотенциал) буюу экологийн нөөцийг тоон утгаар илэрхийлэхийг зорьсон анхны томоохон бүтээл юм. Газар нутгийг экологийн чадавхын үүднээс үнэлэх гэдгийг өргөн хүрээгээр авч үзвэл амьд организмын нөхөн үржихүй болон амьдралын хэвийн нөхцөлийг хангахад зориулсан газрын чанарын үнэлгээ гэж ойлгож болно.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд ландшафтын экологийн чадавхыг үнэлж, зураглахад ландшафтыг бүрдүүлэгч үндсэн элемент бүрээр буюу 8 дэд сэдвийн хүрээнд судалгаа хийж 8 үндсэн 56 дэд шалгуур үзүүлэлтийг сонгосон. Судалгаанд газарзүйн шинжлэх ухааны орчин үеийн технологи (зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем)-ууд, математик статистикийн олон шалгуурт шийдвэр гаргалтын арга, захиран шаталсан дүн шинжилгээний арга (AHP), олон хувьсагчийн регресс (хамгийн бага квадратын арга)-ийн шинжилгээ, машин сургалттай технологид суурилсан хиймэл оюуны аргуудыг ашигласан. Тус бүтээл нь 11 бүлэг, 157 зураг, 125 хүснэгт бүхий 40.2 хх.

                Зураг 1. Монгол орны ландшафтын экологийн чадавх

Нэгдүгээр бүлэгт ландшафтын экологийн нэгдсэн үнэлгээнд хамаарах байгаль-экологийн хүчин зүйлүүдийг гарал үүслээр нь амьгүй хүчин зүйл (уур амьсгал, газрын гадарга, гадаргын болон гүний ус, хөрс), амьтай хүчин зүйл (ургамал, амьтан), хүний үйл ажиллагааны хүчин зүйл (хүн ам, газар тариалан, бэлчээр ашиглалт, ой ашиглалт, авто зам, уул уурхай)-үүд гэж ангилан нөлөөллийг үнэлж, зурагласан байна.

                                         Зураг 2. Хүний үйл ажиллагааны нөлөөллийн хэлбэрүүд



Хоёроос есдүгээр бүлгүүдэд ландшафтыг бүрдүүлэгч үндсэн 8 элементийн хүрээнд чадавхыг үнэлсэн. Тухайлбал, газрын гадаргын төрхтэй уялдсан экологи-геоморфологийн үнэлгээ, тектоник хавтанг бүрдүүлэгч чулуулгийн шинж чанартай уялдуулан чулуун мандлын гадаргын хэсгийн экологи-геологийн чадавхын үнэлгээ, мөн уур амьсгалын экологийн чадавхын үнэлгээ, усан хангамжийн чадавхын үнэлгээ, хөрсний экологийн чадавхын үнэлгээ, ургамлын экологийн чадавхын үнэлгээ, ландшафтын тогтвортой байдлын чадавхын үнэлгээ, ландшафтын экологи-эдийн засгийн чадавх зэрэг сэдвийн үнэлгээ хийсэн. Эдгээр 8 ландшафтын элементүүдийн экологийн чадавхыг тооцоход 56 дэд шалгуур үзүүлэлтийг ашигласан. 



    Зураг 3. Хүн амд зориулсан уур амьсгалын чадавхын үнэлгээ        Зураг 4. Хөрсний экологийн чадавхын үнэлгээ


Аравдугаар бүлэг буюу ландшафтын экологийн чадавхын нэгдсэн үнэлгээ хэсэгт шалгуур үзүүлэлт бүрийн ангиллын түвшин, түвшин бүрт хамаарах газар нутгийн онцлогийг дэлгэрэнгүй тайлбарласан. Монгол орны ландшафтын экологийн чадавхын нэгдсэн үнэлгээний үр дүнгээр нийт нутаг дэвсгэрийн 12.3
% нь ландшафтын экологийн чадавх маш сайн, 20.4% нь сайн, 20.5% дунд зэрэг, 26.1% нь сул, 20.7% нь ландшафтын экологийн чадавх маш сул гэсэн ангилалд тус тус хамрагдаж байна.

Арван нэгдүгээр бүлэгт Монгол орны байгалийн бүс, бүслүүрийн физик газарзүйн тодорхойлолтыг ландшафтын элемент тус бүрээр дэлгэрэнгүй тодорхойлж өгсөн.

Э.Авирмэд удирдагчтай физик газарзүйн салбарын хамтын бүтээл Монгол орны ландшафтын экологийн чадавх нэгэн сэдэвт бүтээл нь ландшафтын экологийн шинжлэх ухааныг Монгол оронд хөгжүүлэхэд томоохон ахиц авч ирсэн, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд шинжлэх ухааны үндэслэл болохуйц, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, урт хугацааны нийгэм- эдийн засгийн стратеги төлөвлөгөө боловсруулахад суурь мэдээлэл болох ба газарзүйн шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлагыг харуулсан томоохон бүтээл болжээ (Б.Нямдаваа, Г.Нямдаваа).

            Дашрамд дурдахад, тус салбарын анхны бүтээл нь О.Намнандорж (1964)БНМАУ-ын дархан газар, ан амьтад”, анхны ТӨРИЙН ШАГНАЛ хүртсэн бүтээл нь Академич, Шинжлэх Ухааны доктор Ш.Цэгмид гуайн Монгол орны физик газарзүй сурах бичиг, 1971 оноос 1994 он хүртэл нийтдээ 7 удаа хэвлэгджээ. Газарзүйн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тус салбарын эрдэмтэн судлаачдын зарим бүтээлүүдийг тоймлон үзүүлэв (Зураг 5)



           Зураг 5. Газарзүйн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим бүтээлүүдээс



Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн судалгаа


ТХГН-ийн судалгаа нь Физик газарзүйн салбарын судалгааны үндсэн чиглэлүүдийн нэг юм. Газар нутгийг дархлан хамгаалах, ан амьтныг дархан цаазтай болгох талаар удаа судалгаа явуулж, тодорхой үндэслэл санал дэвшүүлж байсан томоохон эрдэмтэн бол нэрт газарзүйч, соён гэгээрүүлэгч О.Намнандорж юм. Тэрээр Монгол Улсын дархан газар, цаазтай ан амьтдын талаар дэлгэрэнгүй тодорхойлолт өгөхийн зэрэгцээ хамгаалалтад авбал зохих байгалийн үзэсгэлэнт газруудын талаар санал дүгнэлтээ бичиж байсан нь өнөө хүртэл үнэ цэнээ алдаагүй байна.


Салбарын судлаачид 1987 оноос байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал шинэчлэн тогтоох, тусгай хамгаалалттай газар нутгийн дүрэм, хууль боловсруулах, шинэ ангиллыг баримтлан хуучин дархан газруудын ангиллыг өөрчлөх, шинээр улсын тусгай хамгаалалтанд авах газруудын үндэслэл боловсруулах, Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зохистой сүлжээ байгуулах чиглэлээр дагнан ажиллаж ирлээ. Үүний дотор тусгай хамгаалалттай газар нутгийг сонгох, хамгаалалтад орох үндэслэлийг бүрдүүлэх судалгаанд физик газарзүйн салбарын үе, үеийн судлаачид амжилттай ажиллаж ирлээ.


Доктор Д.Даш Говийн бага дархан цаазат газар, Загийн усны байгалийн нөөц газар (БНГ) гэх мэт олон газруудын үндэслэлийг боловсруулж улсын тусгай хамгаалалтад оруулсан.


Доктор Д.Энхтайван Улаан тайга, Хорго-Тэрхийн цагаан нуур, Тэнгис Шишхэд, Хан Хөхий, Хяргас нуурын байгалийн цогцолборт газар (БЦГ), Даян Дээрхийн агуй зэрэг олон газруудын үндэслэлийг боловсруулж ТХГН-ийн сүлжээнд хамруулсан байна.


Доктор Б.Оюунгэрэлийн Хан Хэнтий, Горхи-Тэрэлж, Алтай Таван богд, Цамбагарав, Сийлхэмийн нуруу, Онон-Балж, Тарвагатайн нуруу, Угтам, Хүйсийн найман нуур, Мөнххайрхан, Чигэртэй голын сав газар, Булган-Их Онгог, Онон-Балжийн БЦГ, Гүн Гашууны хоолой, Ноён уул, Тост-Тосон Бумбын нурууг зэрэг олон газруудын үндэслэлийг боловсруулж улсын тусгай хамгаалалтад оруулсан байна.


Олон Улсын хамтарсан дархан газар байгуулах асуудалд анхаарал тавьж Говийн их дархан газар, Богдхан уулын дархан газруудыг Олон Улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулах үндэслэлийг боловсруулсан нь бүртгэгдсэн байна. Мөн хил дамнасан тусгай хамгаалалттай газар Увс нуур, Онон-Сохондын хил дамнасан тусгай хамгаалалттай газруудын хамтын ажиллагаа, судалгааны ажилд оролцон ажиллаж байна.





Сүүлийн жилүүдэд ТХГН-ийн менежментийн асуудлуудад анхаарч дотоод бүсчлэл тогтоох, менежментийн төлөвлөгөө боловсруулах, экологийн коридор тогтоох чиглэлээр ажиллаж түүний дотор Алтай-Соёны бүс нутагт хамаарах Мянган Угалзат, Мөнххайрханы БЦГ-ын дотоод бүсчлэл тогтоох, өргөтгөх, Увс нуурын хил дамнасан дархан цаазат газруудын хамтарсан менежментийн төлөвлөгөө боловсруулах  ажлуудыг хийж байна. 




БОАЖЯ-ны захиалгаар “ТХГН-ийн аялал жуулчлалын бүсүүдийн даац, нөөцийг тогтоох судалгаа”, “Үндэсний байгаль, соёлын өв газар нутгийг тодорхойлох”,  “Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газрын экосистемийн үнэ цэнийг тодорхойлох, экосистемийн үйлчилгээний төлбөр (PES)-ийг тооцох судалгаа” зэрэг ШУТТ-ийн төслүүдийг гүйцэтгэж байна. 




Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа тус хүрээлэнд олон чиглэлээр хөгжиж байна. ТХГН-ийн ой, усны судалгаа, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг олон ажлуудыг салбар дундын хамтын ажиллагаа, судлаачдын багийн хүч дэмжлэгтэйгээр гүйцэтгэж байна. Газар нутгийг дархлан хамгаалах чиглэлээр төр засгийн байгууллагууд БОАЖЯ, олон улсын төсөл хөтөлбөрүүд, аймаг, сумын холбогдох байгууллагууд, орон нутгийн ард иргэдтэй ажиллаж газар нутгийг тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг амжилттай гүйцэтгэж байна.




2020 оны байдлаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 21.0% буюу 120 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Үүнээс физик газарзүйн салбарын эрдэмтэн, судлаачид нийт 60 гаруй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсуулж УИХ-аар батлуулжээ.


                   Зураг 6. Монгол орны тусгай хамгаалалтад газар нутгийн ангилал










Бусад мэдээлэл