Газарзүй нь эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх үүргийг гүйцэтгэж ирсэн
“Газарзүйн эрдэмтэд, судлаачид, аялагчид аль ч цаг үед хүмүүнлэг
харилцааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэдгээрийн эх
орондоо оруулж байсан гавьяа зүтгэл их үнэ цэнэтэй” хэмээн ОХУ-ын
Ерөнхийлөгч, Оросын Газарзүйн Нийгэмлэгийн Ивээн Тэтгэгчдийн Зөвлөлийн
тэргүүн В.В.Путин 4 сарын 24-нд болсон Оросын Газарзүйн Нийгэмлэгийн
Хурлын нээлтээр хэлжээ. Тэрээр Оросын газарзүйн шинжлэх ухааны түүхэн
уламжлалыг сэргээхэд 2010 оноос идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн
хугацаанд Оросын Газарзүйн Нийгэмлэгийг 1917 оны хувьсгалаас өмнөх үеийн
тогтолцоонд буюу газарзүйн аливаа судалгааг санхүүгээр дэмжиж хөгжлийн
шинэ чиг баримжааг бий болгохыг зорин ажиллаж байгаа билээ.
Өнгөрсөн даваа гаригт болсон тус нийгэмлэгийн хуралдаанаар 2 чухал
асуудал хэлэлцсэний нэг нь эх оронч сэтгэлгээг газарзүйн мэдлэгээр
дамжуулан залуу хойч үедээ төлөвшүүлэхэд оршсон байна. В.В.Путин энэ
асуудлыг хөндөхдөө “Эх орны түүх, хэл, уран зохиолын хичээлийн хажуугаар
газарзүйн мэдлэг нь нийгэмд эх орны үнэ цэнэ, соёл болон улс үндэстний
онцлогийг ойлгох, тунгаан эргэцүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн
цохон тэмдэглэжээ. Өнгөрсөн 2016 онд Бүх Оросын хэмжээнд зохион
байгуулагдсан Газарзүйн Цээж Бичгийн үр дүнгээс нийт хүн амын дунд
зөвхөн 1960-1970 онуудад бүрэн дунд боловсрол эзэмшсэн нийгмийн бүлгийн
хүрээнд газарзүйн, тэр дундаа Оросын газарзүйн мэдлэг хангалттай байна
гэсэн дүн гарчээ. Харин залуу үед энэ мэдлэг хангалттай бус байгаа нь
хөрш орны тэргүүний санаанд хүрсэнгүй.
Ийнхүү В.В.Путин Оросын Газарзүйн Нийгэмлэгийн Ивээн Тэтгэгчдийн
хурлын өмнө “Газарзүйн, тэр дундаа эх орны газарзүйн хичээлийг 8-9-р
ангиудад оруулах, дунд болон бүрэн дунд боловсролын бүс ангиудад
газарзүйн хичээлийг дахин оруулдаг болох шаардлагатай” гэж үзжээ. Түүний
үзэж байгаагаар ахлах ангиудад энэ хичээлийн агуулга долоо хоногийн
хичээлийн хөтөлбөрт дор хаяж 2 цаг орох шаардлагатай ажээ.
Одоогийн байдлаар газарзүйн хичээлийн мэдлэгийг дээд боловсролд
шаардахгүй байгаа хэдий ч энэ төрлийн мэдлэг улс орны бүхий л харилцааг
зохицуулагч гадаад харилцаа, төлөвлөлт, хөгжлийн бодлого
боловсруулагчдад зайлшгүй байх ёстой учир их, дээд сургуулиудад
тусгайлсан газарзүйн танин мэдэхүйн өрөөг мөн зохион байгуулах нь оюутан
залуусын чөлөөт цагаа зөв боловсон мөн үр ашигтай өнгөрүүлэх нөхцлийг
бий болгоно хэмээн тэрээр дүгнэсэн байна.
Өнгөрсөн хугацаанд ОХУ боловсрол, гэгээрлийн тогтолцоондоо шат
дараатай шинэчлэл хийж байгаа бөгөөд 2016 оны 8 сард “Газарзүйн
боловсролыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг” боловсруулан хэрэгжүүлж
байгаа бөгөөд үүний хэрэгжилтэд Оросын Газарзүйн Нийгэмлэг томоохон
үүргийг гүйцэтгэж байна.
Эх үүсвэр: www.rgo.ru
Бусад мэдээлэл