"Улаанбаатар хотын авто замуудын хөлдөлтийн нөлөөгөөр үүссэн хэв гажилт /овойлт/-ийг судлах, чанарыг сайжруулах” төслийн хаалтын хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн зохицуулагч, доктор Д.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг 2025 оны 05-р сарын 25-аас 31-ний хооронд Япон улсын Хоккайдо мужийн Китами хотод албан томилолтоор ажиллалаа.
ЖАЙКА Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Китами технологийн дээд сургууль, Китами хотын захиргаа, Монгол улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн замын хөгжлийн төв хамтран 2022-2025 оны хооронд "Улаанбаатар хотын авто замуудын хөлдөлтийн нөлөөгөөр үүссэн хэв гажилт /овойлт/-ийг судлах, чанарыг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлэн дуусаж байна. Төслийн үр дүнг хэлэлцэх хаалтын хурлыг Китами хотод 2025 оны 05-р сарын 28-нд амжилттай зохион байгуулав. Хурлын үеэр төслийн япон талын удирдагч, Китами технологийн дээд сургуулийн профессор Накамура, монгол талын удирдагч ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн нар төслийн ач холбогдол, хэрэгжүүлэх шаардлага холбоотой сэдвээр илтгэл тус тус хэлэлцүүлэв.
Төслөөс дараах үр дүнгүүд гарсан болно. Үүнд:
- Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн бүхий найман судлаач Япон улсад замуудын хөлдөлтийн нөлөөгөөр үүссэн хэв гажилтыг судлах аргазүйн сургалтад хамрагдав.
- Овойлтын үйл явцыг судлах багаж, ажиглалт хийх компьютерын хамтаар Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн лабораторид суурилуулав.
- Овойлт, суулт, газрын бүрхэвчийн судалгаа хийх дрон багажийг Газарзүй, геоэкологийн хүрээлэнд шилжүүлэн өгөв.
Мөн Китами технологийн дээд сургуулийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн, доктор А.Саруулзаяа нар Монгол орны хүрээлэн буй орчны өөрчлөлт болон цэвдэгтэй бүс нутгийн авто замын эвдрэлийн талаар лекц уншлаа.
Түүнчлэн Китами технологийн дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэх дараагийн ажлууд, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх талаар санал солилцов.








Мэдээ бэлтгэсэн: Цэвдэг судлалын салбар
Бусад мэдээлэл