“Монголын тэгш өндөрлөг, түүний зэргэлдээх нутгийн хүрээлэн буй орчин ба тогвортой хөгжил” сэдэвт олон улсын 12-р бага хуралд ШУА-ийн ГГХ-ийн судлаачид оролцлоо
Монголын тэгш өндөрлөг, түүний зэргэлдээх нутгийн байгалийн нөхцлийн
өвөрмөц онцлог болон тус бүс нутгийн тогвортой хөгжлийн асуудлыг
хэлэлцэх олон талт хамтын ажиллагааны академик харилцааг Орос-Монгол-Хятад гурван улсын хэмжээнд хөгжүүлэх зорилготой олон улсын “Монголын тэгш өндөрлөг, түүний зэргэлдээх нутгийн хүрээлэн буй
орчин ба тогтвортой хөгжил” сэдэвт 12-р бага хурал ОХУ-ын Бурядын БНУ-ын нийслэл Улаан-Үд хотноо 2017
оны 8-р сарын 3-4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү
хуралд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнг төлөөлж захирал Др.Д.Баттогтох,
Академич Д.Доржготов тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.
Энэ удаагийн хурлын гол агуулга нь гурван улсын хамтын ажиллагааг дорнод бүсийн хэмжээнд хэрхэн хөгжүүлэх, түүн дотроо орчин үеийн геополитикийн нөхцөл байдалд уялдуулж газарзүйн судлагдахууны практик ач холбогдолыг шүүн хэлэлцэхэд оршисон болно. Хурлын нээлтийн үгэндээ академич Д.Доржготов газарзүйн шинжлэх ухааны үүрэг, ач холбогдол болон орчин үеийн улс төрийн газарзүйн судлагдахуунд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тусгах шаардлагатай байгааг дурьдаад хуралд оролцогсдод амжилт хүслээ. ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн захирал др. Д.Баттогтох үндсэн илтгэлдээ энэ хурлын түүхэн ач холбогдолыг тодотгоод цааш цаашид эрдэмтэд судлаачдын мэтгэлцээний талбар болсон энэ бага хурлыг эрдэм солилцооны платфрм болгон өргөсгөхийг санал болгосоны сацуу гурван орны эрдэмтдийн хамтын ажиллагааг цаашид ч энэ мэт дэмжих нь чухал гэж үнэллээ.
Энэ удаагийн хуралд Нийгэм эдийн
засгийн газарзүйн салбарын Др.Б.Батбуян “Байгаль орчин ба уур амьсгалын
өөрчлөлт” сэдэвт салбар хуралдааныг удирдан ажилласны зэрэгцээ Зурагзүй-Газарзүйн мэдээллийн системийн салбарын судлаач С.Амаржаргал,
Б.Нарангэрэл, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын судлаач А.Золзаяа,
Зурагзүй-Газарзүйн мэдээллийн системийн салбарын докторант н.Хөгжилт,
Усны нөөц ус ашиглалтын салбарын судлаач Ц.Болормаа, Б.Рэнчинбуд тус
тусын илтгэлийг хэлэлцүүллээ.
“Монголын тэгш өндөрлөг, түүний зэргэлдээх нутгийн хүрээлэн буй
орчин ба тогтвортой хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ОХУ, БНХАУ, Монгол Улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хүрээнд анх 2005 онд зохион байгуулж эхэлсэн. Өдгөө 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ бага хурал жил бүр 1000 гаруй эрдэмтдийг нэг дор цуглуулах том арга хэмжээ болон өргөжсөн юм.

Бусад мэдээлэл