Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Академич Д.Амарсайхан: Би 2100 оны Монгол улсыг харж байна-Үргэлжлэл 2
Академич Д.Амарсайхан: Би 2100 оны Монгол улсыг харж байна-Үргэлжлэл 2

НҮБ-ын индэр дээр уригдаж ирсэн Монголын төлөөлөгчдөөс хэрхэн ийм үсрэнгүй хөгжлийн замд гарч чадсаныг нь сурвалжлагчид асуухад тэд доорх хариултыг өгч байх юм.

 

Монгол улс ардчилсан хөгжлийн замыг сонгоод, 21-р зууны эхэн хагасыг хүртэл хүнд замыг туулсан. Олигархууд, бизнесийн төлөөллүүд, хулгайлагч нар төрийг нь зайдлаад суучихсан, дандаа шахуу өөрсдийнхээ хувийн эрх ашигт хийцсэн хууль гаргаад, сав л хийвэл улсынхаа мөнгийг  авч хармаандаа хийчихээд, ард түмэн нь хэцүүхэн амьдралтай байлаа.

Хүмүүс бодохдоо “хувьдаа компанитай, мөнгөтэй хүнийг сонгоод Монголын төрд гаргаад ирвэл улсаа баян болгох байх” гэж горьдоод, тийм л хүмүүсийг голдуу сонгоод байтал, тийм хүмүүсийн чинь шунал гэж юм ердөө гүйцэгдэхгүй, харин бүр улсаа тоноод, өрөнд оруулаад, “төрийн албан тушаал”-ыг өөрсдийгээ л улам баяжуулах хэрэгсэл болгоод байлаа.

Гэтэл нэгэн нэр цэвэр, янз бүрийн асуудалд холбогдож байгаагүй, өндөр боловсролтой, эх оронч лидер гарч ирээд, их өөрчлөлтийг хийсэн юм. Тэр хүн “ямар ч хүн” ойлгохоор доорх хэдэн өөрчлөлтийг Үндсэн хууль болон дагалдах зарим хуулиудад оруулах ажлыг эхлүүлж, их өөрчлөлтийг ард түмнийхээ тусламжтай хийж чадсан. Тэр үеэр нь, “нөгөө төрийг зайдлаад суучихсан нөхөд” хичнээн их эсэргүүцэл үзүүлж, янз бүрийн юм ярьсан гэж санана.

 

Оруулсан зарим өөрчлөлтүүд:

 

·         “Хөгжлийн бодлогын хороо”-той болох асуудлыг тусгасан. Тэр лидер, “ухаалаг, чадварлаг төрийг л бий болгож чадвал, хөгжлийн түлхүүр тэнд байгаа юм байна” гээд юуны түрүүн, эрдэмтэд болон салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн Хөгжлийн бодлогын хороотой болж, Монгол улсын хөгжлийг дор хаяж 30 жилээр төлөвлөж, аливаа нам, эвслийг сонгуулийн хөтөлбөрөө боловсруулахдаа зөвхөн хөгжлийн хөтөлбөрийг баримталдаг болгосон. Ингэснээр намууд “попорч, худал амлалт” өгч чадахаа больсон.

·         2 шатлалт парламентын тогтолцоог бий болгосон. Ингэснээр Монгол улсын бүх газар нутгаас нийт ард иргэдийн төлөөлөл доод танхимд сонгогдож, тэндээсээ голдуу хуулийн боловсролтой, өндөр ёс суртахуунтай хүмүүсийг дээд танхимдаа оруулж, хууль санаачлах ажлыг хийлгэдэг болгосон. Ингэснээр, төрд орж ирэх бизнесийн төлөөллүүд, олигархуудын тоо эрс цөөрч, тэд нар аяндаа төрөөс шахагдах үндэс суурь бий болсон.

·         Намын хатуу гишүүнчлэлийг болиулсан. Ингэснээр, тухайн улс төрийн нам зөвхөн Монголын төрд сайн боловсон хүчин бэлтгэж өгдөг “инститүц” болон хувирсан ба олигархууд намыг зайдлахаа больсон.

·         Намын санхүүг, ялангуяа үндсэн хөрөнгө болон сонгуульд зарцуулсан мөнгийг ил тод болгосноор намууд эрүүлжиж эхэлсэн. Яагаад гэвэл, мөнгөтэй хүмүүс болон олигархууд намыг худалдаж авч чадахаа больсон.

·         Манай улс сонгуулийн хуулийн холимог систем буюу “пропорциональ, мажоритар хосолсон тогтолцоо”-г 2012 оны сонгуульд нэг удаа хэрэглээд, тэр нь бас нилээн амжилттай болсон хэдий ч, “тойргийг өмчлөх дуртай” улс төрчдөд таалагдаагүй учраас түүнийг больсон байсан юм. Дараагийн сонгуулиуд нь дахиад л мажоритар системээр яваад, улс төрчид нь бахь л байдгаараа, улсынх нь хөгжил ч урагшаа олигтой хөгжсөн юмгүй байгаад байсан учир, нөгөө холимог тогтолцоогоо дахин нэвтрүүлж, эхний ээлжинд 26 гишүүнийг тойргоос, үлдсэнийг нь нэрсийн жагсаалтаар оруулж ирдэг болсон. Дараа нь аажмаар пропорциональ тогтолцоо руу шилжсэн бөгөөд энэ үед үндсэн нөхцлүүд бүрдсэн байсан бөгөөд дор дурьдсан зүйлс хийгдсэн байсан:

o   намын санхүүг нээлттэй болгочихсон байсан

o   намын хатуу гишүүнчлэл байхгүй болсон байсан

o   тендер болон мөнгөтэй холбоотой ажлуудыг сонгон шалгаруулах, хуваарилах ажлыг мэргэжлийн холбоодод нь өгсөн учир мөнгөтэй хүмүүс улс төрд орж ирэх сонирхолгүй болсон байсан

o   олигархууд намыг зайдлахаа больсон байсан

o   нэгэнт улс төр, мөнгө 2-ыг салгасан тул улс төрд зөвхөн өндөр боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, “төрд үнэн сэтгэлээсээ ажил хийх хүсэлтэй” хүмүүс л орж ирдэг болсон

o   улс төрийн намууд бодлогоороо уралддаг тогтолцоотой болсон

Пропорциональ тогтолцоо руу шилжсэний дараа УИХ дээр хөгжлийн талаар ярих боломжтой болсон бөгөөд энэ үеэс л Монголын хөгжлийн хурдац эрс эрчимжсэн.

·         УИХ-ын гишүүн гэж “супер хүн”-ийг эргүүлэн татдаг тогтолцоог бий болгож, буруу гарын нөхдийг явдаг газарт нь шууд явуулдаг болсон.

·         УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болдог байсныг болиулж, зөвхөн сонгуульд ялсан намын дарга л Ерөнхий сайд байж болох хуулийн заалтыг оруулсан. Ингэснээр, мөнгөтэй хүмүүс УИХ-д нэр дэвших сонирхол багасаж, төр цэвэршиж эхлэхэд чухал түлхэц болсон.

·         Гүйцэтгэх эрх мэдлийг илүү тодорхой болгох үүднээс Ерөнхий сайдад кабинетаа өөрөө бүрдүүлэх эрхийг нь өгсөн. Ингэснээр, төсвийг тарамдуулах асуудал цэгцэрч, Хөгжлийн бодлогын хорооноос баталсан хөтөлбөрийн дагуу ажлаа явуулах боломжтой болж, бүтээн байгуулалтын том, том ажлууд хийгдэж эхэлсэн. Харин парламент нь хяналтаа тавьсан шиг тавьдаг болсон.

·         Манай сонгуулийн хуулинд маш том гажиг байсныг олж залруулсан. Энэ нь юу вэ гэхээр, Монголын нийгэмд болон улс төрд дуу хоолойгоо хамгийн их хүргэж байх ёстой “дундаж” буюу сэхээтний давхаргын гол төлөөлөл болох эрдэмтэн, судлаач, эмч, багш нарын сонгуульд нэр дэвших, сурталчилгаанд чөлөөтэй оролцох эрхийг нь “төрийн үйлчилгээний албан тушаалтан” гээд хуулиар хаачихсан байсныг болиулж, тэднийг чөлөөтэй болгосон. Ингэснээр, тэдний төлөөлөл “шийдвэр гаргах” гаргах түвшинд олноороо орж ирээд, тухайн үеийн манай намуудад “түгээмэл үзэгдэл” болоод байсан “боловсрол муутайчууд болон цүнх баригчид”-ыг шахаж гаргасан.

·         Бүх салбарыг мэргэжлийнх нь шилдэг хүмүүсээр нь удирдуулж, яамдыг ажил хийж чаддаг хүмүүсийн гарт өгч, Монголын онцлог бүхий “брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгон ажилласан. 20-р зуунд үүнийг дэлхий дахинаа “Сингапурын хөгжлийн түлхүүр” хэмээн жишээ болгон ярьдаг байлаа. Харин өнөөдөр 21-р зуунд дэлхийн иргэд “Монголын хөгжлийн загвар” гэж ярьдаг болсон нь бид бүхэнд “нэр төрийн хэрэг” юм.

 

Гадаадын нэгэн сурвалжлагч доорх асуултыг асууж байх юм.

 

Асуулт: Түүх сөхөж үзвэл, эдгээрийг чинь танай улс төрчид мэдээд л байдаг байсан юм билээ. Өөрчилдөггүй байсных нь шалтгаан юу юм бол?

 

Хариулт: Улс төрчид битгий хэл, жирийн иргэдийн ихэнх нь эдгээр өөрчлөлтийг хийвэл улс нь хөгжинө гэдгийг мэддэг байж. Харин өөрчлөлтийг шаардаад, ерөөсөө хийж өгдөггүй байсны гол шалтгаан нь, “хэсэг нөхөд” төрийг зайдалж сууж байгаад л, хувийн бизнесээ хөгжүүлдэг байсанд оршино.  Гэхдээ, аливаа юмны “жинхэнэ шүүгч” бол “цаг хугацаа” байдаг тул улсаа хөгжүүлсэн болон хөгжүүлэхгүй байсан нөхдийн нэрс нэгэнт “Монголын түүх”-ийн номонд бичигджээ.

 

 

Үргэлжлэл бий...

 

ЖИЧ 1: Үндсэн хуулийн болон эх орны хөгжилд хэрэгтэй бусад хуулиудад өөрчлөлт хийх боломж энэ удаагийн парламентад оногдоод байгаа бөгөөд үүнийг “түүхэн боломж” гэж харвал зохилтой. Хэрэв сонгогдсон УИХ-ын гишүүн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй, зөвхөн “би үүнийг хийчихвэл сонгогчдод муухай харагдчихвал яанаа, дахиад сонгогдож чадахгүй бол яанаа” гэсэн сэтгэлээр хандаад байвал, бид өнөөгийн энэ шавар, шавхайтайгаа зууралдсаар дахиад хэдэн ч арванийг өнгөрөөж магадгүй болов уу.

 

Үүнийг бичигч миний бие нь, аль нэг улс төрийн намын гишүүн буюу харъяалалтай байж огт үзээгүй, нам бус бөгөөд аль нэг намд тал засах шаардлагагүй нэгэн. Дээр бичсэн зүйлсийг, зөвхөн “Монголын төлөө” гэсэн сэтгэлээр, аль болох жирийн хүнд ойлгогдох хэлбэрээр бичихийг чармайсан гэдгийг анхаарна уу.


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө