ШУА-ийн Газарзүй, геоэкологийн
хүрээлэн, Цөлжилтийн судалгааны салбар
Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумд нь загийн тархалтын гол нутаг болох боловч дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, ган гачгийн давтагдал, чийгийн дутагдал, хөрсний гүний температур нэмэгдэж буйтай уялдан сийрэгжих, армаг тармаг болох хандлага ажиглагдаж буй юм. Тиймээс заган ойн нөөцөд тохирсон ашиглалт явуулах, нөхөн сэргээх замаар нөөцийг нэмэгдүүлэх нь говь, цөлийн экосистем, түүний биологийн олон янз байдлыг дэмжих чухал ач холбогдолтой. Учир нь заг нь говийн экосистемийн хөрс, усны горимыг зохицуулах, элсний нүүлтийг тогтоон барих, хөрс хамгаалах, говь, цөлийн ховор ургамлуудын ургах орчин, ан амьтдын орогнох үүр, идэш тэжээл болох зэрэг байгальд гүйцэтгэж буй үүрэг их юм.
Зураг 1. Хэт гандуу цөлд ургасан заг (Говь-Алтай аймгийн
Цогт сум)
Судалгаанд Монгол орны
заган ойн тархалт, нөөцийн мэдээ материалыг суурь болгон, өнөөгийн төлөв
байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхийн зэрэгцээ, заган ойд өвөлжиж, хаваржиж ашиглаж
ирсэн орон нутгийн малчин иргэдээс санал асуулга авч, тэдний санал хүсэлтийг
менежмент төлөвлөгөөнд ашигласан болно. Монгол Алтайн нуруунаас урагш,
Эдрэнгийн нуруунаас хойш Захуй, Зарманы говийн өргөн хөндийд тархсан заган ой
бүхий нутгийг орон нутгийн иргэд намар, хавар, өвлийн улиралд бэлчээр, түлшний зориулалтаар
ашиглахаас гадна хашаа хороо барих, худаг доторлох зэрэг ахуйн хэрэгцээндээ
ашиглаж ирсэн уламжлалтай. Харин Эдрэнгийн нуруунаас урагш орших заг бүхий томоохон
газар нутаг нь ГИДЦГ-т хамаарагдах учраас хүний үйл ажиллагааны нөлөөнд
өртөлгүй байгалийн унаган төрхөө хадгалан үлджээ. Энэхүү судалгааны дүнд Эрдэнэ
суманд 154,525.1-291,288.6 тонн, Цогт суманд 154,980.1-292,146.3 тонн заг модны
байгалийн нөөцтэй болохыг тогтоов.
Зураг 2. Цогт, Эрдэнэ сумын заган ойн тархалт
Орон нутгийн иргэдээс авсан асуулга судалгааны дүнгээс үзэхэд заган
ойд нөлөөлж буй хүчин зүйлсийг ган, газрын доройтол, заган ойн хөгшрөлт болон
заг модыг түлшинд ихээр хэрэглэх явдал хэмээн тодорхойлсон. Харин бидний судалгааны дүнгээс үзэхэд заган ойн доройтол,
сийрэгжилтэд хүний үйл ажиллагаанаас гадна, уур амьсгалын өөрчлөлт ч нөлөөлж
байгаа нь илэрхий болсон юм. Учир нь тус бүс нутагт хур тунадасны бага зэргийн
өсөлт ажиглагдаж буй хэдий ч, жилийн агаарын дундаж температур сүүлийн 80 гаруй
жилийн хугацаанд 2.3°С-ээр дулаарсан байна.
Зураг 3. Уур амьсгалын олон жилийн өөрчлөлт
Хээрийн судалгааны хэмжилтэд үндэслэн загийн газрын дээрх биомассыг ашиглалтын ялгаатай хувилбаруудад харьцуулж үзэхэд: ГИДЦГазарт хамгийн их, бэлчээрээс чөлөөлөн хашиж хамгаалсан талбайд загийн бодгалийн тоо, биомасс ашиглалттай талбайтай харьцуулахад илүү их байгаа нь нөхөн сэргэлт явагдаж буйг илтгэж байна. Энэ нь цаашид карбон шингээлтийг нэмэгдүүлж ирээдүйд учрах уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хор хөнөөлийг багасгаж буй хэрэг юм. Тооцооллоос үзэхэд 1 га талбайд тархах заган ой нь дунджаар 0.48 тонн нүүрстөрөгчийг шингээж байна.
Зураг 4. Хашаалсан болон хашаагүй
талбайд загийн хэмжилт судалгааг харьцуулан хийлээ (Баянхонгор аймгийн Баян-Өндөр
сум)
Заган ойгоос хүртэж буй экосистемийн үйлчилгээний нийт үнэ цэнэ жилд Цогт сумын хувьд 75,112,350,991.00₮, Эрдэнэ сумын хувьд 69,686,076,731.00₮ болохыг тус судалгааны үр дүнд тулгуурлан тогтоосон бөгөөд үүнээс хамгийн өндөр үнэлэгдсэн үйлчилгээ нь хангамжийн болон дэмжих үйлчилгээ байна. Орон нутгийн иргэд бэлчээр, түлш, ашигт ургамлыг түүж хэрэглэж буй байдлаар хангамжийн үйлчилгээг хүртэж буй бөгөөд өнөөгийн байдлаар орон нутагт бэлчээр тэжээл, түлшний зориулалтаар авч ашиглаж буй загийн хэмжээ нийт заган ойн нөөцийн 21-55%-д хүрч байна гэж тооцоолов. Ийнхүү заг модноос хүртэж буй шууд болон шууд бус ашиг шим их юм.
Зураг
5. Түлшинд ашиглахаар хураасан заг мод
Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан байгалийн нөөц ашиглагч бүлэг, нөхөрлөлүүдтэй хамтран заган ойг хамгаалах, нөхөн сэргээх, нөөцийг доройтуулахгүйгээр тогтвортой ашиглах менежмент төлөвлөгөө боловсруулж, практик сургалт явуулав. Сургалтаар сумдын заган ойн өнөөгийн төлөв байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс болон заган ойг хамгаалах, нөхөн сэргээх менежмент төлөвлөгөөг орон нутгийн захиргааны байгууллага, иргэд, нөхөрлөлүүдэд танилцуулсан бөгөөд заг тарих тухай онол, практик сургалтыг хослуулснаараа ихээхэн онцлог болов. Тус сургалтад Цогт, Эрдэнэ сумдын засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл, ENSURE төслийн зохион байгуулагч, “Шинэ-Анжис”, “Ногоон жалга” байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүд, малчин иргэд зэрэг нийт 50 орчим хүн хамрагдав. Энэхүү сургалтын үр дүнд орон нутгийн иргэд заган ойн ач тус, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх арга барилд суралцсан болно.
Зураг 6. Орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах
болон заг тарьж ургуулах практик сургалтын үйл явц
Говь, цөлийн бүсийн чухал нөөц баялаг болох заган ойг хамгаалах, нөхөн
сэргээх үйлсэд орон нутгийн иргэд, нөхөрлөлүүдийг татан оролцуулах, тэдэнд
түшиглэсэн үйл ажиллагааг явуулах, цаашид нутгийн иргэд өөрсдөө заган ойг
хамгаалан авч явах чадамжийг бий болгох нь чухал байна. Тиймээс баян бүрдийг
хамгаалах, нөхөн сэргээх, мод, сөөг тарьж ургуулах агротехнологийн талаар
сургалт зохион байгуулах үйл ажиллагааг цаашид өргөнөөр зохион байгуулж орон
нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнтэй зэрэгцэн Захуйн,
Зармангийн баян бүрдийг түшиглэн заг үржүүлгийн талбай, эмийн ургамал, жимс
жимсгэний аж ахуй эрхлэх, Говь-Алтайн нуруунаас эх авсан гол горхи, булаг
шандыг хуримтлуулах ажлыг 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх тухай менежмент
төлөвлөгөөнд тусгалаа. Мөн түлш бэлтгэж сийрэгжсэн талбайд байгалийн нөхөн сэргээлт
хийх, бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглах боломжийг бүрдүүлэх, сумын төвийн
төвлөрсөн халаалтыг сайжруулах, шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, эко-аялал
жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр авах арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлэх
зөвлөмжийг тус менежментийн төлөвлөгөөнд багтаасан болно.
Орон нутгийн удирдлагын зүгээс бэлчээрийн менежментийг сайжруулах зорилгоор уст цэгүүдийг нэмэгдүүлэх, био нүүрс үйлдвэрлэх болон түлш орлох шинэ технологийг нэвтрүүлэх боломжийн талаар цаашид судлах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.
Зураг 7. Орон нутгийн малчин иргэд бүлэг, нөхөрлөл байгуулан
хамтын хүчээр заган ойгоо хамгаалах, нөхөн сэргээх, нөөцийг доройтуулахгүйгээр
тогтвортой ашиглах бүрэн боломжтой
Ийнхүү судалгаа
шинжилгээний үндэслэлтэйгээр орон нутгийн иргэдийн заган ойг хамгаалах, нөхөн
сэргээх идэвх санаачилгыг дэмжих явдал нь зөвхөн төсөл хөтөлбөрийн хүрээнд
хэрэгжээд зогсох биш, он удаан жил тухайн экосистемийг хамгаалж ирсэн орон
нутгийн иргэдийн соёл, өв уламжлалд бодит хувь нэмрээ оруулах болно.
Талархал: Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумдын
заган ойн менежмент төлөвлөгөөг боловсруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж
ажилласан “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн
хамт олонд талархал илэрхийлье.
Мэдээ бэлтгэсэн: Цөлжилтийн судалгааны салбарын ЭШДэА, магистр Д.Отгонцэцэг