Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТҮҮХ, ОНЦЛОГ
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТҮҮХ, ОНЦЛОГ

Хүн ам, орон сууцны тооллого” /цаашид “тооллого” гэх/ гэдэг нь “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуульд заасан тооллогын хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа нийт хүн ам буюу тооллогод хамрагдах нутаг дэвсгэр дэх хүн амыг хамруулан хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүрээний мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, тоооллогын үр дүнг тараах цогц үйл ажиллагаа юм [1]. Тооллого нь хүн амын тоо, нас-хүйсийн бүтэц, угсаатны бүрэлдэхүүн, байршил, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй тоо баримтыг цуглуулдаг бөгөөд энэхүү үр дүнг засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд гаргах боломжтой цорын ганц мэдээллийн эх үүсвэр билээ [2]. Хүн ам, орон сууцны тооллогын мэдээлэл нь улс орны хөгжлийн бодлогыг төлөвлөх, судалгаа шинжилгээ хийх, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг оновчтой тодорхойлох бааз суурь болохоос гадна Монгол улсын төрийн бодлогын төвд байдаг монгол хүний хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, энэ талаар төр засгаас авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийг боловсруулах үндсэн суурь мэдээлэл болдгоороо чухал ча холбогдолтой [3].

Монгол улс хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг Монгол улсын “Статистикийн тухай”, “Хүн ам, орон сууцны тооллогын тухай” хууль болон НҮБ-ын зөвлөмжид заасны дагуу 10 жил тутам зохион байгуулдаг ба нийтдээ 11 удаагийн ээлжит тооллогыг явуулсан байдаг [4]. Богд Хаант Монгол улс 1918 онд хүн амын анхны тооллогыг явуулсан бөгөөд удаах тооллогуудыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010, 2020 онуудад, завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулсны дотор сүүлийн 5 удаагийн тооллогыг орон сууцны тооллоготой хамтатган зохион байгуулсан. Үүний зэрэгцээгээр 1947, 1950 онуудад хүн амын тооллого шиг нэг удаагийн бүртгэл хийсэн байдаг [5].

Хүн ам, орон сууцны 11 удаагийн тооллого нь тус бүрдээ онцлогтой бөгөөд өмнөх тооллогуудаасаа улам бүр боловсронгуй болж хөгжиж иржээ. Тухайлбал: 1918 онд Богд хаант Монгол улсын үед зохион байгуулагдсан хүн амын тооллогын материалыг Хаант Оросын эрдэмтэн И.М.Майский 1921 онд “Орчин үеийн Монгол орон” номондоо анх удаа хэвлэн нийтлүүлсэн бөгөөд хувьсгалын өмнөх Монгол орны хүн амын тоо, бүрэлдэхүүн, бүтцийн тухай түүнээс өөр тодорхой мэдээ, баримт хараахан олдоогүй юм. И.М.Майский Халхын дөрвөн аймагт явуулсан хүн амын тооллогын материалыг боловсруулж, тооллогод хамрагдаагүй бусад аймаг, хошууд шавийн нутаг дэвсгэр дээр оршин суугчид, тэрчлэн Монгол оронд сууж байсан гадаадын харьяат нарын тоог барагцаалан бодож Монгол оронд бүгд 647.5 мянган хүн оршин сууж байна гэж тодорхойлсон билээ [6]. 1921 оны Ардын хувьсгалын дараах анхны тооллогыг 1935 онд явуулахад Монгол орны хүн ам 732.8 мянган хүн, Дэлхийн II дайны жилүүдэд 1944 онд 759.1 мянган хүн тооллогод хамрагджээ [7]. Харин 1956 оны тооллогыг Улсын төлөвлөгөөний комиссын Тоо бүртгэлийн хэлтсээс эрхлэн явуулсан нь аргачлал, хөтөлбөрийн хувьд нэлээд боловсронгуй болсон. Монгол улсад статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1960 онд байгуулагдаж, 1963 оны тооллогоос эхлэн тус байгууллага хүн ам, орон сууцны тооллогыг эрхлэн явуулж ирэв [5]. 1963 оны тооллогод цахим тооцоолуур машиныг анх удаа ашигласан бол 1969 оноос хүн амаа тоолохоос гадна орон сууцны фондыг анх удаа тоолсноороо онцлогтой юм. Харин 1979 онд хүн амын тооллоготой хамтруулан хүн амын зарим бүлгийн дотор тодорхой сэдвээр өргөн хүрээтэй агуулгаар түүвэр судалгааг зохион байгуулсан бол эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн аргачлалын дагуу зохион байгуулагдсан сүүлийн тооллогыг 1989 онд явуулжээ [7].

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед хийгдсэн анхны тооллого нь 2000 онд зохион байгуулагдсан бол XXI зууны анхны тооллогыг 2010 онд явуулжээ. Харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн үед гадаадад удаан хугацаагаар ажиллаж, суралцаж байгаа Монгол улсын иргэдээ интернетээр тоолсноос гадна гадаадын олон орны туршлагад тулгуурлан тооллогын үр дүнг газарзүйн мэдээллийн системд холбож, орон зайн дүн шинжилгээ хийх эхлэл тавигдсан нь энэхүү тооллогын онцлог болж байв [3]. 2015 оны хүн амын завсрын тооллого нь хүн амын улсын ээлжит тооллого хооронд явагдсан анхны завсрын тооллого бөгөөд “Хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн арга” буюу Хүн ам, өрхийн мэдээллийн сан (ХАӨМС)-нд хандан өөрийн мэдээллийг шинэчлэх боломжийг бий болгосноороо ач холбогдолтой байв [2]. Хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн тооллогыг 2020 онд “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” уриан дор бүртгэл болон уламжлалт тооллогын аргуудыг хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн тооллогын үйл ажиллагааны зардлыг Монгол улсын Засгийн газар улсын төсвөөс анх удаа бүрэн санхүүжүүлсэн. Тооллогын үйл ажиллагааны бүх үе шатанд орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологи, газарзүйн мэдээллийн систем, ялангуяа Байшин, орон сууцны мэдээлэл цуглуулалтад таблет төхөөрөмжийг ашиглаж, төрийн байгууллагуудын мэдээллийн санг уялдуулж ажилласанд энэ удаагийн тооллогын давуу тал оршиж байна [4].   

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын дүнгээр Монгол улсын харьяат хүн ам 3 296.8 мянган хүн болсон нь 1918 оноос 5 дахин, 1990 оноос 61.3 хувиар, 2010 оноос хойш жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна. Харин Монгол улсын суурин хүн амын тоо 3 197.0 мянган хүн, гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа хүн ам 122.3 мянган хүн байна. Монгол улсын хүн ам 1989-2000 оны хооронд 329.5 мянган хүнээр буюу жилд дунджаар 1.4 хувиар, 2000-2010 оны хооронд 381.2 мянган хүнээр буюу жилд дунджаар 1.5 хувиар, 2010-2020 оны хооронд 542.2 мянган хүнээр буюу жилд дунджаар 2.2 хувиар тус тус өсжээ (зураг 1). Монгол орны хүн амын жилийн дундаж өсөлтийн хувийг тооллого явагдсан онуудаар харьцуулахад 1918-1956 онуудад бага (1 хүртэл), 1963-1989 онуудад их (2-оос дээш), 2000 оноос хойш дунд (1-2) байгаа зүй тогтол ажиглагдаж байна.


Зураг 1. Монгол улсын хүн амын тоо, жилийн дундаж өсөлтийн хувь, тооллого явагдсан онуудаар

Хүн ам, орон сууцны тооллогоор Монгол улсын нийт хүн амын тоо, өсөлт, нас-хүйсийн бүтэц, шилжих хөдөлгөөн, боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт зэрэг хүн ам зүйн бүхий л үзүүлэлтүүдээс гадна хүн амын амьдарч буй орон сууцны сан хөмрөг, хүчин чадал, хийц, ашиглалт, дэд бүтэц, төрөл, нөхцөлийн мэдээллийг нарийвчлан гаргадгаараа хүн амын газарзүйн болон нийгмийн газарзүйн судалгааны үндсэн эх сурвалж болдог [8]. Тийм учраас хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дүгнэх, цаашид тэдгээрийг улам сайжруулах болон судалгаа, шинжилгээний ажилд хүн ам, орон сууцны тооллогын мэдээлэлд тулгуурлаж байх нь чухал байна.

Ашигласан материалын жагсаалт

  1.  “Хүн ам, орон сууцны тооллогын тухай” Монгол улсын хууль
  2.  ҮСХ, 2016 “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын нэгдсэн дүн”
  3. ҮСХ, 2011 “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын нэгдсэн дүн”
  4. ҮСХ, 2020 “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын нэгдсэн дүн”
  5. https://www.1212.mn/haos/
  6. М.Баянтөр, Б.Гунгаадаш, Ч.Нямбуу, О.Сүхбаатар 1971 “БНМАУ-ын хүн амын газарзүйн зарим асуудлууд” УБ, Улсын хэвлэлийн газар
  7. ҮСХ, 2018 “Хүн ам, орон сууцны тооллогын 100 жилийн ойд зориулсан илтгэл”
  8. Х.Цэдэнсодном, 2003 “Монголын хүн ам ба хүрээлэн буй орчин”


Бусад мэдээлэл
“Ой ба Хүнс”
12 өдрийн өмнө
“Ой ба Хүнс”
12 өдрийн өмнө