АНУ, Энэтхэгийн хамтарсан 1.5 тэрбум долларын өртөгтэй зайнаас тандах хиймэл дагуул
АНУ-ын Үндэсний cансар судлалын NASA байгууллага болон Энэтхэг улсын Сансар судлалын ISRO байгууллагын хамтарсан төслийн баг NISAR хэмээх нэртэй, манай дэлхийн хамгийн өндөр өртөгтэй буюу анхны 1.5 тэрбум долларын өртөг давсан зайнаас тандах синтетик апертурт радарын хиймэл дагуулыг удахгүй хөөргөх гэж байна.
Эх дэлхийг 747км өндрөөс тандах энэхүү дагуул нь L-суваг (24 cm) болон S-суваг (9 cm) тус бүрээр 3-10 метрийн нарийвчлалтай мэдээ хүлээн авах бөгөөд уг мэдээг даян дэлхийн дулаараас үүдэн өөрчлөгдөх мөсний массын өндөр, мөсөн бүрхүүлийн хөдөлгөөн, газар хөдлөлт, цунами, галт уул, хөрсний гулсалт, цаг уурын өөрчлөлт, түүний ирээдүйн чиг хандлага, экосистемийн доройтол ба өөрчлөлт зэрэг манай гараг дээрх хамгийн нарийн төвөгтэй байгалийн үзэгдэл, үйл явцыг судлахад ашиглана.
NISAR дагуул нь туйлшралын 4 төрлөөр буюу полариметрийн мэдээ хүлээн авч, радарын долгионы 2 өөр давтамжийг ашиглах тул өндөр чанарын үзүүлэлт бүхий гадаргын тоон загвар байгуулах боломжтой. Ингэснээр тухайн гадаргуу, биет, юмсыг 3-хэмжээст байдлаар дүрслэн, оронзайн мэдээллийн систем дэх янз бүрийн сэдэвчилсэн давхаргууд, зайнаас тандсан бусад оронзай, цаг хугацааны мэдээлэлтэй нийлүүлэн, нийлмэл дүн шинжилгээ хийх боломж бүрдэх юм.

Зураг 1. Задгай сансарт ажиллах NISAR дагуул.
12 өдрийн цаг хугацааны шийдтэй, сард хэд хэдэн удаа дэлхийн хуурай газрын болон мөсний массын өндрийг 3-хэмжээст огторгуйд 5-10 метрийн нарийвчлалтай зураглах чадалтай тус хиймэл дагуулыг 2024 оны 3-р сарын 30-нд ISRO байгууллагын GSLV Mark II (Geosynchronous satellite launch vehicle - Геосинхрон хиймэл дагуул хөөргөх төхөөрөмж) хөлгөөр хөөргөхөөр төлөвлөж байсан ч, техник хангамжийн асуудал гарч, түүнийг шийдэх шаардлагатай болсон тул энэ оны 5-р сар хүртэл хойшлуулаад байсан юм. GSLV Mark II нь аварга том хэмжээтэй бөгөөд нам орбитод 5000кг ачаа хүргэх хүчин чадалтай бол геостационар орбитод 2500кг ачаа хүргэх боломжтой.

Зураг 2. Геосинхрон хиймэл дагуул хөөргөх төхөөрөмж.
Мэдээг бэлтгэсэн: Д.Амарсайхан, Г.Цогзол, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Эх сурвалжууд:
https://nisar.jpl.nasa.gov/
https://nisar.jpl.nasa.gov/mission/quick-facts/
https://web.archive.org/web/20151021032054/http://www.isro.gov.in/launchers/gslv
Бусад мэдээлэл