МОНГОЛД ГАЗАРЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ ҮНДЭСЛЭГЧ, ТӨРИЙН ШАГНАЛТ, АКАДЕМИЧ ШАГДАРЫН ЦЭГМИДИЙН МЭНДЭЛСНИЙ 100 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ДУРСАМЖ
Монголын газарзүйн шинжлэх ухаан, төр, нийгмийн
нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын төрийн шагналт,
академич Шагдарын Цэгмидийн мэндэлсний 100 насны ой энэ онд тохиож Монголын
газарзүйчдийн хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал болж байна. Тиймээс нэрт
эрдэмтэн төрийн шагналт, академич Ш.Цэгмид агсны тухай товч мэдээллийг та
бүхэнд хүргэж байна.
Ш.Цэгмид нь 1922 он буюу XVI жарны харагчин гахай жилийн өвлийн сүүл
сарын шинийн таванд Нийслэл хүрээ (одоогийн Улаанбаатар хот)-нд төржээ. 1930
онд найман нас хүрч бага сургуульд орох үед нагац ах Пүрэвжав түүнийг нийслэл хотод
XIX дүгээр зуунд байгуулагдсан
Орос бага сургуульд оруулжээ. Ш.Цэгмид (2002) “Санаанд үлдсэн хэсэг бусаг зүйл”
дурсамж номондоо “тэр үеийн нийслэл хотод хоёр, гуравхан бага, дунд сургууль
байсан тэдний аль нэгэнд элсэж орох болов уу гэж бодож байтал хувь тавилан
санаандгүй эргэж орос сургуулийн үүдийг татах болсон гэжээ. Орос хэл
мэдэх байтугай төсөөлөл ч үгүй явсан жаал хүүг өөр хэлтний дунд гэнэт оруулахад
тэр яаж сандарч мэгдсэнийг ойлгоход төвөггүй биз ээ" хэмээн бичсэн байдаг. Тэрээр орос хэлэнд яваандаа дасаж, гуравдугаар
ангиасаа хойш бусдаас төдийлөн дутахааргүй суралцаж долдугаар ангиа төгсөхдөө сурлагын
амжилт гаргалаа гэж сургуулиасаа унадаг дугуйгаар шагнуулсан байдаг.
Ийнхүү Орос сургуульд орос хэлийг шамдан сурч, эзэмшсэн явдал нь түүнийг
шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллах үндэс суурийг тавьж өгчээ. Дунд
сургуулийн найм дугаар ангиасаа Орос хэлний орчуулагчийн зургаан сарын курсэд
суралцаж төгссөний дараа 1939-1940 онд архины заводын орчуулагчаар
хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1940-1941 онд Сангийн яаманд хэлмэрч, орчуулагчаар
ажиллаж байсан. 1941 онд Шинжлэх Ухааны Хүрээлэн
(ШУХ)-ийн Газарзүйн тасагт дагалдан
судлаачаар орж Оросын эрдэмтэн Э.М.Мурзаев, хөрс судлаач Н.Д.Беспалов нарыг
дагалдан Монгол орны баруун хязгаар Алтай Таван Богд хүртэл хээрийн судалгаанд
оролцсоноор газарзүйн мэргэжилтэн болох анхны зам мөрөө гаргажээ.
Монгол
орны баруун хязгаарт Оросын
эрдэмтэн Э.М.Мурзаев, хөрс судлаач Н.Д.Беспалов
нартай хамт явуулсан хээрийн судалгаа, 1941 он
1942-1947
онд ЗХУ-ын Москва хотын М.В.Ломоносовын нэрэмжит Улсын Их Сургуулийн Газарзүйн
факультетыг газарзүйч мэргэжлээр төгсөж, 1951 онд Оросын нэрт эрдэмтэн, академич
К.К.Марковын удирдлага дор "Хэнтийн уулархаг орны физик газарзүйн
тодорхойлолт ба эртний мөстөл" сэдвээр газарзүйн ухааны дэд доктор (Ph.D),
1972 онд “Монгол орны физик газарзүй” бүтээлээрээ шинжлэх ухааны доктор
(Sc.D)-ын зэрэг хамгаалж, 1961 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1964 онд ШУА-ийн
жинхэнэ гишүүн академич цол хүртжээ.
1951-1953
онд ШУХ-ийн Газарзүйн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан,
1953-1956 онуудад Ус цаг уурын хорооны дарга, 1955 онд
Монгол улсын их сургуулийн газарзүйн тэнхимийн эрхлэгч, 1957 онд Шинжлэх ухаан,
дээд боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлыг хавсран
гүйцэтгэж байсан.
Тэрээр 1955 онд улсдаа газарзүйчдийг бэлтгэхийн чухлыг
анзаарч, газарзүйн багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх зорилгоор Монгол Улсын Их Сургуулийн газарзүйн тэнхимийг
байгуулжээ. Тус тэнхимийнхээ анхны эрхлэгчээр нь ажиллаж газарзүй, эдийн
засгийн ангиудад ерөнхий газарзүйн хичээл зааж газарзүйн мэргэжлийн багш нарыг
бэлтгэх эхлэлийг тавьсан байна. Газарзүйн сургалтын үйл хэрэгтэй холбоотойгоор
түүнд 1957 онд доцент, 1962 онд профессор цол олгосон байна.
1961-1962
онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнгийн газарзүйн тасгийн эрхлэгч, 1962-1988 онд Газарзүй-Цэвдэг судлалын
хүрээлэнгийн анхны захирал, 1975-1988 он хүртэл Шинжлэх Ухааны Академийн дэд
ерөнхийлөгч, 1988-2002 онуудад ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтан, зөвлөхийн ажлыг тус тус хийж байв.
Нэрт
газарзүйч, академич Ш.Цэгмидийн олон арван бүтээлүүд дотроос “БНМАУ-ын газарзүй (анх 1957 онд)”-н сурах бичиг нь ерөнхий
боловсролын сургуулиудын үндсэн сурах бичгүүдийн нэг болж нийтдээ 11 удаа
хэвлэгдсэн ба тус бүтээлээрээ 1984 онд "Монгол Улсын Төрийн Шагнал" хүртсэнээс гадна “Монгол орны физик газарзүй” бүтээл нь төр засагт өндрөөр
үнэлэгдэж газарзүйн салбарын “XX зууны Шилдэг Бүтээл” болж байсан.
Эрдэм шинжилгээ судалгааны ажил ба газарзүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр: Академич Ш.Цэгмид физик газарзүйн шинжлэх ухааны салбарт
геоморфологи, эртний газарзүй, ландшафт
судлалын чиглэлээр голлон ажиллаж байсан.
Анхны бүтээл нь 1953 онд “Хэнтийн уулархаг орны физик газарзүй
ба эртний мөсдөлийн тухай тодорхойлолт” нэртэйгээр хэвлэгдсэнээс
хойш 1953 онд “Манай эх орон”, 1957 онд “БНМАУ-ын шинжлэх
ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл”, 1957, 1963, 1969, 1972
(БНМАУ-ын физик газарзүй нэрээр 2 удаа хэвлэгдсэн), 1979, 1983, 1986 (энэ үеэс
хойш БНМАУ-ын физик газарзүй нэрээр) 1987, 1989, 1995 онуудад “БНМАУ-ын газарзүй (дунд сургуулийн долдугаар ангид үзэх сурах бичиг)”, 1965 онд “Монгол орны дорнод хэсгийн ландшафт ба байгалийн
мужууд”, 1969, 1972 онуудад “Монгол орны физик газарзүй”, 1980 онд “Сэлэнгийн сав
нутгийн байгалийн нөхцөл, нөөц баялаг”, 1981 онд “Монгол орны ойт
хээрийн ландшафтын тополог судалгаа”, 2001 онд “Манай дэлхий”, 2002 онд “Санаанд үлдсэн хэсэг
бусаг зүйл (дурсамж)”, 2003 онд “Газарзүйн шинжлэх
ухаан Монголд” зэрэг бие даасан болон хамтын нэгэн сэдэвт бүтээлүүдийг
олны хүртээл болгож, 30 гаруй ном, атласыг редакторлаж, 100 гаруй илтгэл,
өгүүллийг гадаад, дотоодын сэтгүүлд хэвлүүлж, газарзүйн шинжлэх ухааны хөгжилд
үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд физик газарзүйн онолын судалгааны талаарх
бүтээлүүдийн дийлэнх нь орос хэл дээр бичигджээ.
Академич Ш.Цэгмид ландшафтын чиглэлийн анхны судалгааг
1962-1963 онуудад Монгол орны дорнод хэсэгт явуулж судалгааныхаа үр дүнгээр “Монгол орны
дорнод хэсгийн ландшафт ба байгалийн мужууд” нэгэн сэдэвт
бүтээлээ 1965 онд хэвлүүлжээ. Тус судалгааны үр дүн тулгуурлан Монгол орны
ландшафтын тухай өөрийн үзэл баримтлалыг тодорхойлж ландшафтыг ангилах,
зураглах анхны оролдлогын хийж, ландшафтуудад тулгуурласан байгалийн мужлал
үйлдэж, тодорхойлолт өгсөн байна. Тэрээр ландшафтын ангиллыг үйлдэхдээ хотгор
гүдгэрийн хэв шинжийг баримтлан ландшафтуудыг өндөр уулын, дундаж өндөр уулын,
нам уул-талын гэсэн 3 үндсэн бүлэгт хуваан эдгээр нэгжийн хүрээнд 19 төрлийн
ландшафтыг ялгасан байна. Ландшафтыг дурдсан төрөлд ялгахдаа хотгор гүдгэрийн
хэв шинж, ургамалжилтын онцлогийг хослуулан байдаг онцлогтой. Академич Ш.Цэгмид
(1969) Монгол оронд тагийн, тайгын бүслүүр, ойт хээр, хээр, говь, цөлийн бүс
гэж ялгаж, тодорхойлолт өгсөн байдаг (Зураг 1).
Зураг 1. Монгол орны байгалийн бүс, бүслүүр (Цэгмид, 1969 он)
Мөн тэрээр 1969
онд Монгол орны физик газарзүйн анхны гурван шатлалт мужлалтыг үйлдэж Монгол
орны хэмжээнд Хангай, Хэнтийн уулархаг их муж, Алтайн уулархаг их муж, Монголын
дорнод талын их муж, Говийн их муж гэсэн
дөрвөн их муж, 11 муж, 27 тойрог ялгасан юм (Зураг 2). Физик газарзүйн энэхүү мужлал нь ландшафт,
геоморфологи, хөрс, ургамалжилт зэрэг дунд масштабын байгалийн нөхцөлийн цуврал
зургууд зохиох суурь материал болсноороо газарзүйн шинжлэх ухааны хөгжилд
ихээхэн хувь нэмэр оруулсан, өнөөг хүртэл
ач холбогдлоо алдаагүй байна. Түүний ялган тогтоосон гурван шатлалт
мужлал нь өмнөх мужлалын дутагдалтай талуудыг засварлан сайжруулсан шинэ
хувилбар болсон төдийгүй мужлал үйлдэхдээ тодорхой зарчмыг нарийн
баримталснаараа онцлог юм. Тус мужлалын хамгийн том нэгж болох их мужийг ялган
тогтооход геоморфологийн шинжийг өргөрөг бүсийн шинжтэй хослуулан хэрэглэж
харин муж, тойргуудыг тогтоохдоо геоморфологийн шинжийг гол болгожээ.
Зураг 2. Монгол орны физик газарзүйн мужлалт (Цэгмид, 1969 он)
Ландшафтын
ангиллын мөнхийн дагуул нь зураглал байдаг тул тодорхой ангиллын түвшинд
тохирсон ландшафтын зураг зохиох явдал зайлшгүй чухал байсан. Энэ дагуу
Ш.Цэгмид Монгол орны дорнод хэсгийн түвшинд жижиг масштабын (1:5000000), Хэнтий аймгийн түвшинд том масштабын (1:100000) ландшафтын
зураг анх удаа зохиосон юм. Эдгээрээс ялангуяа, том масштабын ландшафтын зурагт
зарим ландшафтыг морфологи бүтцийн хувьд ангилах оролдлого хийжээ. Тухайлбал, мөсдөж
байгаагүй нарийн хөндийн ландшафтыг намаг нэн ихтэй ба торлог дотор нь хар мод
хэсэг хэсгээр буюу ганц нэгээр ургасан ёроолын урочише, намаг арай багатай ба
торлог дотор нь хар мод ургаагүй дэнж бэлийн урочише, үет ургамалт нуга ба мод сөөг
шугуйтай хөндийн ландшафтыг нугын нийлбэр урочише, шугуйн нийлбэр урочише гэж
тус тус ялгасан байна. Харин бага масштабын ландшафтын зурагт Монгол орны нөхцөлд
ландшафтын бүлэг ч биш, ландшафтын морфологи нэгжүүд болох урочише, нийлбэр
урочище ч биш зөвхөн ландшафтууд л дүрслэгдэх ёстой гэж үзсэн байна. Түүнээс
гадна, ландшафт-типологи, ландшафт-экологи, байгалийн мужлалын зэрэг 3-5
шатлалт мужлалын зургууд зохиогджээ.
Академич
Ш.Цэгмид ландшафтын судалгаанд тулгуурлан хөдөө аж ахуйд зориулсан байгалийн
мужлалыг анх удаа үйлдсэн юм. Зохиогчийн тэмдэглэснээр энэ мужлал нь ашиглахад хялбарыг
тооцож зөвхөн нэг шатлалтай хийгдэж улмаар Монгол орны дорнод хэсэгт байгалийн
12 районыг ялган тодорхойлжээ. Тэрээр энэ үед Монгол орны 3 шатлалт мужлалын
схемийг боловсруулаад байсан (Физико-географические районирование МНР, 1962)
бөгөөд дээрх байгалийн мужлалаар тодорхой зорилгод захируулсан мужлал өөр байх
ёстой гэсэн үндэслэлийг анх удаа гаргаж тавьснаараа шинжлэх ухааны хувьд ач
холбогдолтой зүйл болсон юм.
Хожим 1981 онд
Орос-Монголын эрдэмтэд хамтран Монгол орны ландшафт- типологийн мужлалын зураг,
1990 онд Монгол орны ландшафтын зураг зохиож гаргахад академич Ш.Цэгмид зохиогч
болон редактораар ажилласан байна. Энэхүү зурагт уул, тал, хотгор гэсэн 3 том анги
ландшафтын хүрээнд био-уур амьсгалын шинжээр нь бүсийн шинжтэй 13 хэв шинж, 13
дэд хэв шинж, бүсийн бус 7 хэв шинжийг ялгасан юм. Харин ландшафт-типологийн
мужлалын зурагт 4 их муж, 14 муж, 34 дэд муж, 354 район, 92 дэд район ялгажээ. Энэ
мэтээр ландшафтын ангиллын болон мужлалын шатлал нарийсаж судалгааны түвшин
сайжирч, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандах зэрэг орчин үеийн аргуудыг
өргөн хэрэглэх болсон нь академич Ш.Цэгмидийн зүтгэл бүтээлтэй зүй ёсоор
холбоотой.
Зураг 3.
Ландшафт-типологийн мужлал, 1981 он
Иймд академич
Ш.Цэгмид нь Монгол оронд ландшафтын судалгааны эхлэлийг тавьж тус оронд бараг
хөгжөөгүй байсан ландшафт судлалын шинэ салбарыг үүсгэн хөгжүүлсэн төдийгүй энэ
чиглэлийн судалгааг хагас зуун жилд тэргүүлэн шинэ агуулга, хандлагаар
баяжуулсаар ирсэн ахмад эрдэмтэн байлаа. Тэрээр газарзүйн шинжлэх ухаан, боловсролын
салбарт 50 гаруй жил ажиллахдаа олон арван эрдэмтэн төрүүлж, эрдэм шинжилгээний
боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой гавьяа байгуулсан тул Монгол Улсын Засгийн
Газар (2012 оны 4-р сарын 18-ны өдөр)-ын тогтоолоор ШУА-ийн Газарзүйн хүрээлэнг
академич Ш.Цэгмидийн нэрэмжит болгож байжээ.
Энэ суут хүний сэдэж
бүтээсэн үйл хэрэг, туулж өнгөрүүлсэн амьдралын зам, хойч үеийнхэндээ өвлүүлэн
үлдээсэн эрдмийн сан хөмрөг, ажлын арвин арга туршлага, эрдэмтэн хүний өндөр ёс
суртахуун, эгэл даруу төрх, өгөөмөр сэтгэл үнэхээр бахархууштай бөгөөд үе үеийн
шавь нарт нь үлгэр дуурайлал болон дурсагдсаар байх болно.
Зураг 4. Монгол улсын төрийн шагналт,
академич Шагдарын Цэгмидийн товч намтар
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Физик газарзүй, орчин судлалын салбар
2022.05.03
Бусад мэдээлэл