Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол орны хамгийн нам цэг
Монгол орны хамгийн нам цэг

Монгол орны хамгийн нам цэг Дорнод аймагт бус Говь-Алтай аймагт байдаг. Монгол орны хамгийн нам дор газрыг шинэчлэн тогтоож, баталгаажуулах хээрийн хэмжилтийн ажлыг тус хүрээлэнгийн Физик Газарзүйн салбарын судлаач доктор Э.Авирмэдээр ахлуулсан баг 2019 оны 05 дугаар сарын 09-ээс 20-ны хооронд хийж гүйцэтгэжээ (Зураг 1). Хэмжилтэд 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS (Global Navigation Satellite Systems) багажны бүрдэл 2 долгионы TRMBLE R8 model 4 хүлээн авагчийг ашиглан хэмжилт хийж, Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд Гравиметрийн цэг болох ГР077 цэгт үндэслэн RTK горимоор хяналтын хэмжилт хийж тогтоосон (Зураг 2).


                                       Зураг 1. Судалгааны баг хамт олон


                                     Зураг 2. Хээрийн судалгааны хэмжилт

Тэдний судалгааны үр дүнгээр хамгийн нам цэг нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Номингийн говийн Элст хотгор далайн түвшнээс дээш 526.74 м гэж тодорхойлогджээ. Газарзүйн байршлын хувьд зүүн уртрагийн 95o 38' 36.307", хойд өргөргийн 43o 47' 57.942", БНХАУ-ын хилээс 300 м, хилийн тоот баганаас 560 м зайтай, Говийн Их Дархан газрын А хэсэгт хамрагдана (Зураг 3). Энэ цэг 1980 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталсан хамгийн нам дор цэг болох Дорнод аймгийн Хөх нуурын түвшин д.т.д 560 м цэгээс даруй 34 м-ээр нам юм байна. 


                                 Зураг 3. Монгол орны нам дор цэгийн байршил

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ний өдрийн эрдмийн зөвлөлийн хурлаар “Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон” ажлын багийн тайланг хэлэлцээд Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон судалгааны аргазүй, үр дүнг зөв зүйтэй гэж үзсэн. Улмаар Барилга, Хот Байгуулалтын яам, Газар Зохион Байгуулалт, Геодези, Зурагзүйн газарт дээрх асуудлыг танилцуулсан. Энэ дагуу  Барилга, Хот Байгуулалтын яам өөрийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоол гаргуулахаар болсон байна. 



Бусад мэдээлэл
“Ой ба Хүнс”
12 өдрийн өмнө
“Ой ба Хүнс”
12 өдрийн өмнө