Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хөрсний үүрэг, ач холбогдлыг та мэдэх үү.
Хөрсний үүрэг, ач холбогдлыг та мэдэх үү.

1.      Хүнс тэжээл, үр тарианы эх үүсвэр: Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг үр тариа, хүнсний ногоог шимт хөрсөнд тарьж ургуулдагыг бид бүгд мэднэ. Энэ утгаараа хөрс бол хүн төрөлхтөн төдийгүй амьд организмийн хүнс тэжээлийн эх үүсвэр юм.


2.      Нүүрстөрөгч шингээгч: Хөрс бол дэлхийн органик нүүрстөрөгчийн нөөцийн томоохон эх үүсвэрийн нэг юм. Нүүрстөрөгч тэр тусмаа органик нүүрстөрөгчийн нөөц нь эх дэлхийн байгалийн үнэт баялаг юм. Органик нүүрстөрөгчийн буурах нь хөрсний био бүтээмжид шууд нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд хүний нөлөөгөөр дэлхийн нүүрстөрөгчийн нөөцийн алдрал ихсэж байна. Монгол орны хувьд л гэхэд уул уурхайн үйл ажиллагаагаар техноген эвдрэлд өртсөн хөрснөөс нийт 4.9 сая тн органик нүүрстөрөгч алдарсан тооцоог 2 хоногийн өмнө хийж дууслаа.


3.      Ус, хөрсөн дэхь бохирдлыг цэвэршүүлэгч: Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа өнөөг хүртэл хүнс, ахуйн хог хаягдал болон химийн, биологийн, цөмийн хаягдлаа хүртэл газрын хөрсөнд л булшилдаг. Хөрсний литогеохимийн процесс урт удаан хугацаанд тасралтгүй явагдаж байдаг ба хөрс нь өөрийгөө тодорхой хэмжээгээр цэвэршүүлэх чадвартай байдаг. Тухайлбал Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний 88%-д гэдэсний эмгэг төрүүлэгч нян, бактерийн (E.coli, Salmonella) тоо хэмжээ стандартаас хэдэн арав дахин их байдаг. Гэвч хөрс өөртөө шингээх, цэвэршүүлэх, өвлийн улиралд хөлдөж устгах (-20-30 градуст 80-90 %) зэрэг температурын нөлөөгөөр зарим нэг бохирдуулагчыг устгах, аюулгүй хадгалах зэрэг олон зүйлийг дурьдаж болно.


4.      Уур амьсгалыг тэнцвэржүүлэгч: Та бүхэн хавар цас доороосоо хайлдагыг мэднэ, өөрөөр хэлбэл нарнаас ирэх цацраг, энерги хөрсөнд шингэж газрын гадарга дээрх агаарын температурийг үүсгэдэг. Эсэргээрээ зуны улиралд нарнаас ирж буй хэт их халуун энергийг хөрс шингээж чийглэг сэрүүн орчин газрын гадаргад ялгаруулдаг (зэрэглээ). Энэ нь тухайн газрын байршил, өндөршил, гадарга, хөрс ямар байхаас уур амьсгалын таатай нөхцөл бүрэлддэг.


5.      Шим тэжээлийн эргэлтийн орчин: Хөрсөнд ургамал ургана, ургамлаар өвсөн тэжээлтэн хооллоно, өвсөн тэжээлтнээр араатан жигүүртэн хооллоно. Тодорхой хугацааны дараа бүгд л газарт шингэж хөрсний органик, шим тэжээл болдог.


6.      Организмын амьдрах орчин: Хөрсөнд асар олон төрөл зүйл, тоо хэмжээгээр биологийн биес агуулагддаг. Хөрсний амьд биесийг эдафон гэж нэрлэх ба хэмжээгээр нь Микрофаун (0.002-2.0 мм), Мезофаун (0.2-2.0 мм) Макрофаун (1-20 мм), Мегафаун (20 мм-ээс дээш ) гэж ангилдаг.


7.      Үер усны эрсдлийг бууруулах: Хөрс нь хур тунадас болон борооны усыг өөртөө шингээн барих чадвартай байдаг. Энэ нь тухайн хөрсний механик бүрэлдэхүүн (элс, тоос, шавар), нягтшил, сүвшил, хээрийн чийг багтаамж, нэвчилт зэрэг үзүүлэлтүүдээс шалтгаалан хур борооны усыг өөртөө шингээх хэмжээ, хугацаа харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл хөрсгүй, хөрс хэт их эвдэрч талхлагдсан газарт үер буух эрсдэл өндөр байдаг.


8.      Эмийн түүхий эдийн эх үүсвэр, генетикийн нөөц: Эмийн түүхий эдийн гол түүхий эд нь ургамал байдаг. Эмийн ургамал нь өөрийн физиологийн онцлог, тухайн газрын хөрсний литогеохимийн бүтэц, биохимийн онцлогоос шалтгаалан янз бүрийн анагаах, хөнөөх увидастай ургамал хөрсөнд ургадаг. Энэ утгаараа эмийн түүхий эдийн эх үүсвэр, генетикийн нөөц болно.


9.      Барилга байгууламжийн суурь: Хүн төрөлхтөн, хотжилт, барилга байгууламж, дэд бүтэц гээд бүтээн байгуулалтын ажлыг тухайн газрын хөрс, чулуулгын онцлог, нөхцөлд (шаварлаг, элсэрхэг, цэвдэгт, хайргархаг г.м) тохируулан барьж байгуулдаг. Энэ нь шууд утгаараа хөрс бол барилга байгууламжын суурь юм.


10. Барилгын материал: Хөрс үүсвэрийн үйл явцын нөлөөгөөр (денудаци) хөрсний генетик "C" үе давхарга буюу хайрга, чулуу дайрга, элс, шавар зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал бүрэлдэн бий болсон байдаг.


11. Соёлын өв тээгч: Дэлхий дээр амьдрал бий болсон үеэс хойшхи амьтдын үлдэгдэл (үлэг гүрвэлийн яс), Хүн төрөлхтөний үүсэл хөгжлийн үе шат, соёл иргэншлийн ул мөр, ахуйн хэрэгсэл, түүх дурсгалын үнэт зүйлс зэрэг палентологи, архелогийн үнэт өв газрын хөрсөнд он цагийн нугачаанд хадгалагдан үлдсэн.

 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө