ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГААС САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН БАГ ШАЛГАРЛАА.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Швейцарын
хөгжлийн агентлагаас зарласан “Environment and Climate Change” сэдэвт
төслийн санал авах шалгаруулалтад “Climate Change Effects on Water
Resources (glaciers, permafrost) in Mountainous Regions of Mongolia”
сэдэвт судалгааны ажлаар оролцож, төслийг хэрэгжүүлэх эрх авч шалгарлаа.
Тус төслийн үндсэн зорилго уур
амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсын
мөстлөг, цэвдэг хэрхэн өөрчлөгдөж буйг судлах, олон нийтэд танин шинжлэх
ухаан, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой юм. Төслийн саналыг тус
хүрээлэнгийн Цэвдэг судлалын дарга, доктор А.Дашцэрэнгээр ахлуулсан
эрдэмтэн судлаачид боловсруулан мэдүүлсэн бөгөөд төслийн хүрээнд дараах
ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
• Мөнххайрхан, Сутай, Отгонтэнгэр,
Мөнхсарьдаг зэрэг уулсад цаг уурын автомат станц суулгаж, өндөр уулсын
уур амьсгалын мониторинг хэмжилтийг хийх.
• Дээрх уулсын мөстлөг, түүний ойр орчмын цэвдэгт үзүүлэх уур амьсгалын нөлөөг нарийвчлан судлах.
• Мөстлөгийн гаралтай болон термокарстын нуруудын динамик өөрчлөлтийг тооцоолох.
• Залуу судлаач, багш, оюутан нарт зориулсан “Мөстлөгийн тэнцэл ба
цэвдгийг судлах судалгааны арга зүй” сэдэвт сургалтыг Фрибургийн их
сургуулийн судлаач нартай хамтарч Хархираа уулын талбайд зохион
байгуулах.
• Орон нутагт байгаль орчны чиглэлээр ажилладаг албан
хаагчид, иргэдэд байгаль орчны талын шинэ мэдлэгийг түгээх зорилгоор 5
удаагийн сургалт, семинарыг зохион байгуулах.
• Мөстлөг, цэвдэгт үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө сэдэвт баримтат кино хийх зэрэг болно.
Төсөл 2019 оны 12-р сараас 2021 оны 6-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд
төслийн хүрээнд Швейцарын Фрибургийн их сургууль, Ховд их сургууль болон
судалгааны талбайнуудад орших тусгай хамгаалалттай газрын
захиргаануудтай хамтран ажиллах, энэхүү төслийн хүрээнд 100 орчим сая
төгрөгийн үнийн дүн бүхий судалгааны багаж, тоног төхөөрөмж Газарзүй,
Геоэкологийн хүрээлэнд нийлүүлэгдэх юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэх
төслийн гэрээнд Швейцарын элчин сайдын яамны хамтын ажиллагааны газрын
захирал Франциска Фрайбургхаус болон ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн
хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох нар гарын үсэг зурж
баталгаажууллаа.


Бусад мэдээлэл