Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Академич Д.Амарсайхан: Би 2100 оны Монгол улсыг харж байна
Академич Д.Амарсайхан: Би 2100 оны Монгол улсыг харж байна

Хүн төрөлхтөний түүхэнд Нострадамус, Мессинг, Ванга зэрэг цөөн тооны агуу зөнчид байсан бөгөөд тэдний, ирээдүйг зөгнөсөн олон зөгнөл биеллээ олсон гэлцдэг. Ийм агуу хүмүүс нэгэн үед олноороо төрдөггүй нь “Дэлхий ээж хүмүүн бидэнд он, цагийн турш мэргэдээр дамжуулан сургаалиа хайрлаж, ирээдүйд юунаас болгоомжлох талаар анхааруулга өгсөөр ирсэн юм байна” гэлтэй. Түүх сөхөж үзвэл, их зөнчдийн янз бүрийн зөгнөлд дэлхийн улс, орнуудын удирдлагууд янз бүрээр хандсаар ирсэн байх бөгөөд дийлэнх нь авах, гээхийн ухаанаар хандсан байдаг.

Орчин үед, хүний нийгэм асар хурдацтай хөгжиж, хөгжлийн шинэ түвшинд гарахын хирээр аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хандлага түгээмэл болж байгаа бөгөөд “ирээдүйг зөгнөхөд” зөнчийн байр сууринаас илүүтэйгээр, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээн дээр тулгуурласан эрдэмтдийн таамаглалууд илүүтэйгээр жин дарах боллоо.

Миний бие их сургуульд 10 гаруй жил багшилж, байгалийн шинжлэх ухааны салбарт 30 гаруй жил ажилласан эрдмийн хүн бөгөөд “зөнч авъяас” байхгүй нэгэн. Гэхдээ, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан туршлага, тухайн судлаачид ямарваа нэгэн ажиглалтыг гярхай хийх, аливаа зүйлд тооцоо, судалгаатай хандах, нарийн учир, шалтгааныг нь олохыг хичээх, тухайн процессын ирээдүйн төлөвийг таамаглах, ул суурьтай дүгнэлт гаргах зэрэг олон дадлыг хэвшүүлсэн байдаг тул надад ч гэсэн, энэ талын тодорхой хэмжээний туршлага бий болжээ.

Ер нь шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүний гол зорилгыг товчхоноор тодорхойлбол, “ямарваа нэгэн ажиглалт, баримт буюу факт дээр тулгуурлан, судалгаа хийж, зөв дүгнэлтийг гаргах” явдал байдаг. Үүний тулд л, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс “хэдэн байшин дүүрэхүйц” хэмжээний ном, сэтгүүл уншиж, гадаад орнуудын эрдмийн орчинд сурч, ажиллаж, “юм үзэж, нүд тайлан” боловсордог бөгөөд дийлэнхийх нь хувьд, өмнөх ажлаа хийсээр байтал л, цаг, хугацаа “харвасан сум” шиг хурдан өнгөрсөн байдаг. Миний хувьд л гэхэд, 17 настай жаахан хүү хуучны ЗХУ-д эрдэм өвөрлөхөөр явж байсан нь, 25 настай залуухан инженер Нидерландад сурахаар явж байсан нь, 30 гаруй настай залуу эрдэмтэн Японд ажиллахаар явж байсан нь дөнгөж саяхан мэт.

Монгол улс зах, зээлийн эдийн засагт шилжиж байх үед, манай улс төрчид “ирээдүйд хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон бүтээнэ” хэмээн ярьцгааж, ард түмэн түүнд нь их л итгэж байсансан. Тэр үед, улс төрчдийн “ёс жудаг” өнөөдрийнх шиг ийм тартагтаа тултал уначихаагүй байсан тул ихэнх монголчуудын хувьд, түүхийн ямар том сорилтын өмнө ирчихээд байгаагаа төдийлэн ухаараагүй байлаа. Дийлэнх хүмүүсийн хувьд, “зах, зээл гээч юманд ороод, амьдрал сайжрах юм байна аа” л гэсэн итгэл тээж байсан болов уу.

Манай орон “ардчилсан” гэх тодотголтой болоод 30 шахам жил боллоо. Энэ бол асар их юм хийж болдог, хувь хүний болон нийгмийн хөгжлийг үндсээр нь өөрчилж болохоор “тийм их” хугацаа. Гэтэл бидний хувьд, оносон гэхээсээ алдсан нь их гэдгийг, одоо цагт бараг “амтай” болгон нь ярьдаг болж. 1990 оны ардчилсан хувьсгалыг хийлцсэн олон хүн миний найз, нөхдийн дунд байдаг бөгөөд тэд “өнөөгийн энэ нийгэм бол бидний мөрөөдсөн нийгэм биш” хэмээн ам нэгтэй дуугардаг. Бид ер нь “хэний заавраар, хаашаа яаж яваад, хаана нь алдаж будилаад ийм хачин нийгэмд орчихвоо”, “одоо тэгээд яаж зөв зам дээр гарах вэ” зэргээ халуун тогоон дотроо ярих цаг аль эрт болсон ч, эрх мэдэлд хүрсэн болгон нь “одоо л миний ээлж” гэсэн явцуу үзлээр хандсаар, улсаа дампууруулах дээрээ тулчихаад байгаа нь гашуун ч гэсэн үнэн.

Ард түмэн сонгууль бүрийн дараа, “одоо л манай шинээр гарч ирж байгаа эрх мэдэлтнүүд нэг гайгүй юм хийчих байх даа” гэж горьдохоор л, хийж байгаа юм гэж бараг байхгүй, хөгжлийн төлөөх нэг ч том асуудлыг шийддэггүй, харин амин хувийнхаа ажлыг амжуулж, улам их хөрөнгө чинээтэй болж аваад, олдсон эрх мэдлээ ямар ч аргаар хамаагүй хамгаалж үлдэх сонирхолтой, эх орныхоо язгуур эрх ашгийг уландаа гишгэсэн, “улс төрч” хэмээн өөрсдийгээ өргөмжилсөн “хэсэг бүлэг нөхөд” бидний дээр сандайлж, цаг хугацааг элээсээр өдий хүрчээ.

Төрд байгаа хүмүүс нь учраа олохгүй, сандал ширээтэйгээ зууралдаж, ёстой нөгөө л “орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж байв” гэдэг шиг юм болж байх зуур, улсынх нь аль өнгөтэй, өөдтэй, амьдрах чадвартай массын дийлэнх нь гадагшаа гараад явчихсан, үлдсэн ард түмний ихэнх нь мухар сүсэгт автагдсан, боловсрол дорой, даяаршиж буй дэлхийн зах зээл дээр өрсөлдөх нь бүү  хэл, өөр хоорондоо ч өрсөлдөх чадвараар маруухан, ийм л нэгэн улс болчихсон байх юм.

Энэ хооронд, дэлхийн олон улс, хөгжлийн шинэ шатанд гарчихжээ. Анзаарч харвал, тодорхой зорилготой, хөгжлийн шат дараалсан бодлоготой, чадавхитай мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн “төр” шиг төртэй, төрийн өндөрлөгт байгаа хүмүүс нь үүрэг, хариуцлагаа ухамсарласан, ийм л улс нь хөгжсөн байх юм. Бидэнтэй зэрэг шахуу гараагаа эхэлсэн Казахстан улс гэхэд биднийг хол хаяад явчихаж, нөгөө бидний дорой гэж хардаг байсан Азийн олон буурай орнууд бидэнтэй эн зэрэгцээд ирчихэж, нөгөө бидний хөгжлийн муу хэмээн гоочилдог Африк тив л гэхэд зарим орнууд нь маниасаа дээр гарчихаж. Харин бид л “ардчиллын баян бүрд” гэсэн сайхан хаягтай, томоос том “данхгар цаасан малгай” өмсчихөөд, өөр хоорондоо үзэлцэж, дороо хий эргэсээр хайран сайхан он, жилүүдийг өнгөрөөжээ.

Орчин үед, дэлхийн улс, гүрнүүд мэдлэгт суурилсан буюу шинжлэх ухаан, технологид суурилсан хөгжлийн чиг хандлагыг гол зорилгоо болгож, үүндээ хөрөнгө, мөнгийг маш ихээр зарж байгаа нь нууц биш. Бидний эргэн тойрны улсууд гэхэд л судалгаа, шинжилгээнд асар их мөнгө хаяж, технологийн өндөр түвшинд хүрч байгааг бид бэлхэнээ харж байна. 1980-аад онд өндөр эрэмбийн технологийг эзэмшсэн япончуудын өмнө дэлхий бөхөлзөж, тэднийг шүтэн биширдэг байсан бол дараа нь солонгосчууд хэсэгхэн зуур халааг нь авсан юм.

Харин одоо манай өмнөд хөршийнхний эрин үе эхэлж байна гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Манай нөгөө хөрш болох ОХУ гэхэд л Зөвлөлтийн үеэс боловсрол, шинжлэх ухаандаа анхаарсаар ирсэн, уламжлал сайтай, мэдлэгийн арвин нөөцтэй улс. Хэдхэн жилийн дараа шинэ техник, технологи эзэмшсэн, өндөр мэдлэг, чадвар бүхий, манай хөршүүдийн  гэлтгүй, бусад улс, үндэстний шинэ үеүүд ар, араасаа шил даран гарч ирнэ. Тэр цагт, хэрэвзээ манай нийт иргэд ядуу, боловсрол муутай, “улс төрч” хэмээгчид нь одоогийнх шигээ ийм арчаагүй, амин хувийн ашгаа дээдэлсэн, ЖДҮ энэ тэр гээд ард түмнийхээ боломжийг хулгайлсан, бахь л байдаг хэвээрээ байх аваас, манай ирээдүйн үеийнхэнд ёстой “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч л болох болов уу.

Одоо үед дэлхий, ертөнц даяаршиж, аль нэг улсыг цэрэг, зэвсгийн хүчээр эзлэн түрэмгийлнэ гэсэн ойлголт бараг байхгүй шахуу болжээ. Яагаад гэвэл, аль 70 гаруй жилийн тэртээ буюу дэлхийн 2-р дайны дараа манай гаригийн улс орнуудын газрын зураг нэгэнт шинээр зурагдчихсан, мөн даян дэлхийн бүх л асуудлыг шахуу хэлэлцдэг НҮБ гээд хүчирхэг байгууллага бий болсон зэрэг нь ийм боломжийг үндсэнд нь хаачихсан гэхэд болно. 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн, бүрэн эрхт Монгол улсын хувьд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 2 том гүрний дунд оршдог онцлогтой. Манай хөршүүд биднийг цэргийн хүчээр эзлэн түрэмгийлэх санаагүй, ийм боломж ч байхгүй гэдгийг эрүүл ухаантай хүн бүр ойлгомоор бөгөөд миний хувьд энэ тал дээр итгэлтэй байдаг нэгэн.

Харин ихэнх улс, үндэстний мөхлийн талаарх түүхийн сурвалжуудыг сөхөж үзвэл, дийлэнх нь дотоод шалтгаантай байх бөгөөд үүнд, дээдсийнх нь увайгүй байдал, чадамжгүй төр, авилга, хээл хахууль, охид бүсгүйчүүдийнх нь замбараагүйдэл голлох үүрэгтэй байжээ. Аливаа улс үндэстэн эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг чадварлаг төртэй, эрдэм боловсролтой, юмны наад цаадахыг ойлгох ухаан бүхий иргэдтэй, нийгмээрээ эрүүлээр сэтгэдэг байж, өрсөлдөх чадвартай, хүчирхэг болдог нь нууц биш зүйл. Ер нь өөрсдөө арчаагүй, сул дорой байвал, хэн нэгэн нь хүрч ирээд “бүжиг” эргэдэг нь энэ хорвоогийн ёсон.

Иймд Ази тивийн цээжин дээр Хүннү, Сүннүгийн үеэс уламжлалтай эртний түүхт хүчирхэг өвөг, дээдсийн удам би бээр, Монголын төр ийм сулбагар байгаа өнөө үед буюу эх орны хөгжил хаашаа ч хамаагүй эргэж магадгүй байгаа энэ эгзэгтэй цаг үед, манай орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар зайлшгүй хэлэх ёстой хэдэн зүйл байгааг, уншигч авхай таны сонорт хүргэхийг хүссэн бөгөөд үүнийгээ Монгол улсынхаа иргэний ариун үүрэг хэмээн бодном. Надад ирээдүйн Монгол улс олон янзаар дүрслэгдэж байгаа боловч, сайтар “харж” байгаа 2 хувилбараа та бүхэнд толилуулъя.

 

2100 оны Монгол улс - Эхний хувилбар

 

“Эрх баригчид нь 20-р зууны сүүлч, 21-р зууны эхэн үед байсан, Монгол улсын үсрэнгүй хөгжлийг боомилж, эрх мэдэл, албан тушаалаа зөвхөн өөрийнхээ төлөө ашигласан, улс төрийн их завхралын үндсийг тавьсан, нөгөө л хэдэн “улс төрч” нөхдийн ач, гуч нар болон тэдний цүнх баригчдын удмынхан. Улсынхаа хийж болдог бүх л бизнесийг хуваагаад авчихсан, жирийн бизнес эрхлэгчдэд юу ч үлдээгээгүй тэд, хамгийн бага татвар төлөх бөгөөд үүнийгээ “хүмүүний тэгш эрх” хэмээн иргэдээ тавлана.

Эх оронд нь уур амьсгалын их өөрчлөлт эрчимжиж, зунд нь хуурайшил, ган гачиг эрс нэмэгдэж, өвөлд нь зуд нүүрлэн, нийт нутаг нь цөлжиж, хэт замбараагүй өссөн мал сүрэг нь бэлчээргүй болж, нийт хүн ам нь уух усны гачаалд орсон ч, ашигт малтмалын бүх л өөдтэй гэсэн ордуудыг эзэмшин, гадаад эзэндээ, түншдээ үйлчлэх тэдэнд энэ асуудлууд төдийлэн падгүй, харин 5-дахь өдөр бүрийн үдээс хойш хувийн онгоцоороо гадаадын орнууд руу зугаалж, эрчүүд нь “казино” хэссэн шиг, эхнэр, хүүхдүүд нь “шоппинг” хийсэн шиг явна.

Харин ард иргэд нь туйлын ядуу, дорой, боловсрол тааруу, мухар сүсэгт хэт автсан, дэлхий дээр байж болох бүх л шашинд хуваагдаад орчихсон, өөрсдийн төлөө тэмцэх чадваргүй, ямарваа нэгэн ид шидийн зүйл л өөрсдийг нь аврана гэдэгт итгэчихсэн, сав л хийвэл өөрийн шүтдэг шашны хэн нэгэнд өөрийгээ даатгаж, өглөө, оройгүй шашны болон бусад зан үйлийг үйлдэнэ. Амьдралд нухлуулсан тэд, “манай үндэстний хувьд, социализм гээд сайхан юм байсан юм гэсэн, гэтэл энэ эрх баригчдын өвөө, эмээ нар гээд хөгийн гарууд улсыг маань ийм замд оруулчихсан юм гэнэлээ” хэмээн сав л хийвэл, “хараан, зүхэж”, ер нь “ингэж зовж амьдарч байхаар аль нэг улсад дагаар орж болдоггүй юм байх даа” хэмээн гансарна.

Нийгмийн арай залуухан гэх хэсэг нь “нэг бол гадаадын аль нэг оронд очиж сураад, тэндээ яаж үлдэе дээ” хэмээн бодож, аль эсвэл “гадагшаа явж, яаж мөнгө хийе дээ” хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болно. Гадаад орнуудын монголчуудад зориулсан визний шаардлага маш өндөр бөгөөд болзлыг нь хангах жирийн иргэн ховор. Зарим нэг улс нь тэтгэлэг, энэ тэр зарлах бөгөөд түүнд нь тэнцэж чадсан нэгнээ их хувь заяатайд тооцно. Яаж ийж байгаад гадагшаа гараад ажиллаж байгаа монголчуудыг, тухайн орныхон нь “өндрөөс”, зарим нь бүр “тэнгэрээс” харж, “ийм ч хүмүүс байх гэж дээ, 13-р зуунд дэлхийг эзэлж байсан нь үнэн юм боловуу даа, хөөрхийс” хэмээн басамжлан харна...”

Миний хувьд аль нэг улс, үндэстэн рүү дайрч давшлан, шүлс, нусаа үсэргэхийг, орчин үеийн соёлт хүмүүнд үл нийцэх, бүдүүлэг үйлдэл хэмээн үздэг нэгэн. Иймдээ ч, өөрийн бичиглэсэн зүйлд аль нэг улсын нэр ус дурьдаагүй ба хэрэвзээ бид арчаагүй байх юм бол дурын “Х” улс л биднийг эрхшээнэ гэдгийг эрх баригчиддаа, ард түмэндээ ойлгуулахыг хичээсэн хэрэг.

Ер нь бид ямарваа нэгэн үндэстнийг “ёстой хогийн амьтад байгаа юм” гэсний зоргоор тэд муу болчихгүй. Иймээс монголчууд бид аливаа зүйлд ухаалаг, хүлээцтэй хандаж, өргөн цар хүрээтэй сэтгэж, бодож, ухаанаараа өөрсдийн ашиг, сонирхлыг хамгаалах урлагт  суралцах нь, манай үндэсний эрх ашигт илүүтэй нийцнэ.

 

Үргэлжлэл бий...


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө