Google-ийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ хэрэгсэл
Google компани дэлхийн хотуудын
нүүрсхүчлийн бохирдолыг хэмжиж эхлэх ажээ. Дараагийн арванд түүнээс цаашид ч,
дэлхий даяарх улс орнууд хүн
төрөлхтөний 25 жил таслан зогсоохоор оролдсоор байгаа уур амьсгалын өөрчлөлтөд
гол нөлөөлөгч хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахыг зорих хэрэгтэй болж
байна. Энэ ажлыг зөвхөн тухайн улсын байгаль орчинтой холбогдолтой байгууллага, яамд биш хотын захиргааны
байгууллагууд ч анхааралдаа авах ёстой. Гэвч тэдгээр хотуудын ихэнхд нь тэр бүр
байгаль орчныг хамгаалах хороо, агентлаг, цаг уур, сансар судлалын хүрээлэн
төв, онцгой байдлын алба байдагггүй. Тэгвэл эдгээр хотууд нүүрстөрөгч,
хүлэмжийн хийн ялгаруулалт хэр байгааг, бууруулах шаардлагатай эсэхийг хэрхэн
мэдэх вэ? Гүүглэ компани тэдэнд зориулж вэбд суурилсан ГМС-ийг хөгжүүлж ажиллах
болжээ. Мэдээж тэдгээр хотуудтай хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Google
нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар төлөвлөгөөндөө тусгасан зарим нэг
хотуудын ялгаралыг тооцоолж эхэлжээ, улмаар нэгдсэн газарзүйн мэдээллийн санг ч
бий болгохоор ажиллаж байна.
Google Earth-ийн хөтөлбөрийг тал
бүрээр амжилттай хэрэгжүүлж байгаа тус компани, "Уур амьсгалын өөрчлөлтийн
эсрэг арга хэмжээ авах эхний алхам бол ялгаралыг тооцон бүртгэх мэдээллийн сан
бий болгох" хэмээн мэдэгдэж байна. Мөн "Хотын удирдлагууд яг энэ түвшинд асуудлыг ойлгож байгаа бол
Google танд тусалж чадна" хэмээсэн байна.
Одоогийн байдлаар тус компани
Питтсбург, Буэнос Айрес, Калифорниа мужын Mountain View зэргийг багтаасан таван
хотыг ялгаралыг бүртгэж эхэлсэн байна. Улмаар дэлхий даяарх хотуудын
захиргаатай хамтран ажиллаж хөтөлбөрийг аажим аажмаар өргөжүүлэхээр төлөвлөж
байгаа учир нь хүн болгон интернэтэд хайлт хийдэг шиг өөрсдийн оршин суугаа
хотоо хайж эхлэх болно.
Энэ ажлын нэг хэсэг болгон тухайн
хотын автомашин, унадаг дугуй, хотоор дамжин өнгөрөх замын хөдөлгөөний талаарх
ч мэдээллийг алдарт Google Maps болон Waze гэсэн апп-уудаа ашиглан цуглуулах ажээ. Тус компани өмнө
нь ийм тээврийн нэгдсэн мэдээллийг хэзээ ч олон нийтэд тарааж байгаагүй бөгөөд
орон нутгийн засаг захиргаатай зарим нэг тодорхой төрлийн өгөгдлүүдийг л
хуваалцаж байжээ. Уг замын хөдөлгөөний мэдээлэл нь Google Maps дээрх 'улаан-шар-ногоон'
гэсэн замын түгжрэлийг харуулдаг шиг яг нэг жилийн турш нэгтгэгдсэн маш нарийн
мэдээлэл байх ажээ.

Зураг 1. Google замын
хөдөлгөөний нөхцөл байдлыг харуулах хөтөлбөр, Улаанбаатар Их-Тойруу орчмын
хөдөлгөөн 2018 оны 9 сарын 27-ны 17,00 цагийн байдлаар.
Google шийдвэр гаргагчдыг уур
амьсгал өөрчлөлтийг бууруулах, хүрээлэн байгаа орчныг сайжруулахад уриалах
зорилготтой "Environmental Insights Explorer" гэсэн шинэ төслийг
эхлүүлжээ. Эхний ээлжинд хотын хүлэмжийн хийг хэмжих хэрэгсэлтэй болж шийдвэр
гаргачдыг итгүүлэх нь бичиг баримттай зууралдахаас илүү үр дүнтэй гэж үзжээ. Яг
одоогоор зөвхөн тээврийн хэрэгсэл болон цахилгаан, дулаан гэсэн үндсэн хоёр эх
үүсвэрээс ялгарч буй хүлэмжийн хий бүртгэж байгаа аж. АНУ-д хүнд үйлдвэрлэл,
хөдөө аж ахуй зэрэг нь ялгаруулалтаараа гуравдугаарт ордог байна. Гэхдээ уг
мэдээллийн насжилт, чанараас хамаарч бэрхшээлтэй тулгарч байна. Тухайлбал хот
хэр зэрэг хий ялгаруулж байгааг дор хаяж Environmental Protection Agency US
байгууллагын сүүлийн 6 жилийн дата, мэдээг боловсруулж үнэлэх хэрэгтэй
ажээ.
Олон бэрхшээлтэй тулгарч байгаа
хэдий ч уг боловсруулсан мэдээлэл нь муугүй үр дүнг үзүүлж байна. Тухайлбал
Питтсбург хотод эрчим хүчний сүлжээ нь тээврийн салбараас гурав дахин их хий
ялгаруулдаг. Харин Буэнос-Айрес хотод эсрэгээрээ тээврийн хэрэгсэлүүд цахилгаан
эрчим хүчний сүлжээнээс хоёр дахин их бохирдлыг бий болгодогийг тооцож гаргасан
байна. Хотын удирдлагуудад хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг шууд утгаар зааж
өгөхгүй ч ямар асуудал дээр эхэлж төвлөрөхийг харж болохоор байна. Тухайлбал
Питтсбург хотын суугчид нийтээрээ жилд 1 сая удаа дугуй унахад 700,000 тонн
хүлэмжийн хий агаар мандалд хаяхаас сэргийлж чадах ажээ. Уг төсөл нь Sunroof-ийн төслийн зарим мэдээг ч
нэгтгэсэн бөгөөд энэ нь дээвэр дээр нарны хавтангуудыг суурилуулах, мөн суурилсанг илрүүлэх
зорилготой Google өөр нэг хөтөлбөр юм.
Зураг 2. Sunroof хөтөлбөр,
улаан цэг дээвэр дээрээ нарны эрчим хураах хавтантай байшингууд
Орон нутгийн засаг захиргаа Google-ийн
төлөвлөгөөний талаар илүү их мэдээлэл авах боломжтой болно. Энэ нь тухайн хотын
тээврийн хөдөлгөөн жил бүр хэр зэрэг байсан талаар нарийвчилан тооцоолсон анхны
тохиолдол ч байж болох юм. Жишээ нь Питтсбург хот руу орж гарсан нийт 632 сая
орчим замын хөдөлгөөнд оролцогчид байжээ.
.jpg?w=1000)
Зураг 3. Environmental Insights Explorer хөтөлбөр, хотын тээврийн хөдөлгөөнийг бүртгэн
хэмжсэн нь, Питтсбург хот
Колорадо мужийн Булдер хот нь хийн ялгаруулсны төлөө
татвар авдаг цөөн хотуудын нэг юм байна. Тус хотын тээврийн газрын дарга
М.Гарднер-Свийни бусад хотын удирдлагуудад маш чухал мэдээлэл болно гэдгийг
цохон тэмдэглэж хэлсэн байна. Булдер хотын тээврийн газар нь тухайн цаг
хугацааны замын хөдөлгөөний мэдээг Google Maps болон Waze-г ашиглан авдаг
бөгөөд энэ мэтчилэн өндөр технологийг цаашид бодлого боловсруулахад ашиглах нь
чухал гэдгийг дурьджээ. Environmental Protection Agency US байгууллага нь хий
ялгаруулалтын стандартыг баримталж хүлэмжийн хий ялгаруулалтыг үнэлдэг хэдий ч
зөвхөн улсын хэмжээнд, орон нутаг, хотын түвшинг хамарч чаддаггүй гэнэ.
Google компаний энэхүү онлайн
хэрэгсэл нь тухайн хотууд уур амьсгалын нөхцөл байдлаа илүү бодитой үнэлэхэд нь
туслана. Ялангуяа хийн ялгаралаа хэмжин бүртгэж мэдээллийн сан үүсгэж өөр
улсуудын хотууд хоорондоо мэдээллээ хуваалцснаар хүлэмжийн хийг бууруулах
бодлогоо харьцуулан үзэж, арга замаа тодорхойлоход чухал үүрэгтэй хэрэгсэл
болох нь тодорхой харагдаж байна. Ойрын ирээдүйд уг хэрэгсэл илүү хөгжиж
Улаанбаатар болон бусад хот, аймгийн төвүүд агаарын бохирдолтой тэмцэхэд чухал
мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Мэдээг бэлтгэсэн: А.Мөнх-Эрдэнэ, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
Эх сурвалжууд:
https://www.theatlantic.com/amp/article/571144/?__twitter_impression=true
https://insights.sustainability.google/places/ChIJA4UGSG_xNIgRNBuiWqEV-Y0/transportation
Бусад мэдээлэл