CAREC Институт болон ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, Академич Т.Доржготов, Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор М.Алтанбагана нар 2018.08.07-ны өдөр CAREC институтийн захирал Санжаасүрэнгийн Баярааг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцийн хүрээнд судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулах залуу боловсон хүчнийг чадавхжуулах, хамтарсан хурал, семинар зохион байгуулах асуудлаар ярилцлаа.

CAREC институт нь нийт 11 улсыг нэгтгэсэн “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл болон чадавхыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд төв оффис нь Хятад улсын Үрэмчи хотод байрладаг билээ.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийн нэг нь Эдийн засгийн гадаад, дотоод интеграци, бүс нутгийн хөгжлийн судалгаа бөгөөд энэ хүрээнд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид Монгол Улс харилцан үр ашигтайгаар нэгдэхэд шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх зорилгоор бүс нутаг, эдийн засгийн коридорын дагуух нийгэм, эдийн засаг, байгаль орчны гео-орон зайн судалгаа хийн ажиллаж байна. Энэ судалгааны тэргүүлэх чиглэл болон CAREC 2030 стратегийн хүрээнд хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны боломж, нөөцийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
.png?w=1000)
Дашрамд дурдахад CAREC институтийн захирал С.Баяраагийн өвөг эцэг болох А.Д.Сумиков нь 1926 онд Монгол Улсын шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Газарзүйн тасаг байгуулагдахад тус тасгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Монголд Газарзүйн шинжлэх ухааны үндсийг тавьсан эрдэмтэн юм.
Бусад мэдээлэл