Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хэт халалтын давлагаа эрчимжиж, дэлхий дахинд үзүүлэх нөлөө нэмэгдсээр байна
Хэт халалтын давлагаа эрчимжиж, дэлхий дахинд үзүүлэх нөлөө нэмэгдсээр байна

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа хамгийн их анхаарал татаж буй цаг уурын аюулт үзэгдлийн нэг нь хэт халалтын давлагаа (Heatwave) юм. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимжихийн хэрээр хэт халалтын давлагаа үзэгдлийн давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим болон газарзүйн хамрах хүрээ тасралтгүй өсөж байгааг олон улсын судалгаанууд онцолж байна. Энэхүү үзэгдэл нь зөвхөн температурын огцом өсөлтөөр хязгаарлагдахгүй бөгөөд хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, эрчим хүч болон дэд бүтцэд сөрөг нөлөө үзүүлж, дэлхийн хэмжээний томоохон сорилт болж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO)-ын тодорхойлолтоор, хэт халалтын давлагаа гэдэг нь тухайн бүс нутгийн олон жилийн уур амьсгалын хэвийн нөхцөлтэй харьцуулахад ердийн хэмжээнээс илүү өндөр температур дараалан 2–3 болон түүнээс дээш хэд хоногоос хэдэн долоо дараалан үргэлжлэх цаг уурын үзэгдлийг хэлдэг [1].

Дэлхийн олон оронд түүхэн температурын шинэ рекордууд тогтоогдсоор байна. Тухайлбал, 2021 онд Канад 49.6°C, Италид 48.8°C, 2022 онд Австралид 50.7°C, 2023 онд Турк улсад 49.5°C, 2024 онд Мексикт 51.9°C, 2025 онд Япон 41.8°C хүрсэн бол 2026 оны 6-р сарын байдлаар Европыг хамарсан хүчтэй хэт халалтын давлагааны үеэр Герман (41.7°C), Чех (41.9°C), Польш (40.5°C), Дани (37.0°C) зэрэг улсуудад температурын шинэ рекордууд тогтоогдсон байна. Эдгээр үзүүлэлтүүд нь дэлхийн дулаарал эрчимжиж, хэт халалтын давлагааны эрсдэл улам нэмэгдэж буйг тодорхой харуулж байна [2].


Sources: World Metrological Organization, media report, Statista research

Хэт халалтын давлагааны нөлөөгөөр хөрсний чийгийн агууламж буурч, усны нөөц хомсдох [3], ган гачиг, цөлжилт эрчимжих [4], ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэх [5], мөсөн голууд хурдацтай хайлах [6], биологийн төрөл зүйл болон экосистемийн тогтвортой байдал алдагдах зэрэг олон сөрөг үр дагавар ажиглагдаж байна. Эдгээр өөрчлөлт нь байгаль орчны доройтол төдийгүй хүнсний аюулгүй байдал, усны нөөцийн тогтвортой байдалд урт хугацааны эрсдэлийг бий болгож байна.

Мөн энэхүү үзэгдэл нь хөдөө аж ахуйн салбарт ургацын хэмжээ буурах [7, 8], усалгааны хэрэгцээ өсөх зэрэг хүнсний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаа бол эрүүл мэндийн салбарт наршилт, шингэний дутагдал, зүрх судас болон амьсгалын замын өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг өсгөж байна [9, 10, 11, 12].


Үүний зэрэгцээ эрчим хүч, эдийн засаг, дэд бүтцийн салбаруудад цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өсөх, цахилгаан тасалдал үүсэх, зам, төмөр замын дэд бүтэц эвдрэх, үйлдвэрлэлийн бүтээмж буурах зэрэг олон хүндрэл үүсэж байна. Хөдөлмөрийн бүтээмж буурснаар эдийн засгийн алдагдал нэмэгдэж, улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтуудад сөргөөр нөлөөлөх эрсдэл улам нэмэгдэж байна [13, 14].

 

Мэдээг бэлтгэсэн:

Б.Бямбадолгор, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн

Ашигласан материал

  1. World Health Organization. (2024). Climate change, heat and health. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/climate-change-heat-and-health
  2. https://www.statista.com/chart/27403/global-heat-waves/
  3. UN-Water, 2023. United Nations World Water Development Report 2023.
  4. Miralles, D. G., Teuling, A. J., van Heerwaarden, C. C., & de Arellano, J. V.-G. (2014). Mega-heatwave temperatures due to combined soil desiccation and atmospheric heat accumulation. Nature Geoscience, 7(5), 345–349. https://doi.org/10.1038/ngeo2141
  5. Jolly, W. M., Cochrane, M. A., Freeborn, P. H., et al. (2015). Climate-induced variations in global wildfire danger from 1979 to 2013. Nature Communications, 6, 7537. https://doi.org/10.1038/ncomms8537
  6. Rounce, D. R., Hock, R., Maussion, F., et al. (2023). Global glacier change in the 21st century: Every increase in temperature matters. Science, 379(6631), 78–83. https://doi.org/10.1126/science.abo1324
  7. IPCC, 2023. Climate Change 2023: Synthesis Report. Geneva, Switzerland.
  8. FAO, 2023. The Impact of Disasters on Agriculture and Food Security.
  9. Zhao, C., Liu, B., Piao, S., Wang, X., Lobell, D. B., Huang, Y., ... & Asseng, S. (2017). Temperature increase reduces global yields of major crops in four independent estimates. Proceedings of the National Academy of sciences, 114(35), 9326-9331.WHO, 2024. Climate Change, Heat and Health.
  10. Ballester, J., Quijal-Zamorano, M., Méndez Turrubiates, R. F., Pegenaute, F., Herrmann, F. R., Robine, J. M., ... & Achebak, H. (2023). Heat-related mortality in Europe during the summer of 2022. Nature medicine, 29(7), 1857-1866.
  11. Robine, J. M., Cheung, S. L. K., Le Roy, S., Van Oyen, H., Griffiths, C., Michel, J. P., & Herrmann, F. R. (2008). Death toll exceeded 70,000 in Europe during the summer of 2003. Comptes Rendus. Biologies, 331(2), 171-178.
  12. Romanello, M., Di Napoli, C., Green, C., Kennard, H., Lampard, P., Scamman, D., ... & Costello, A. (2023). The 2023 report of the Lancet Countdown on health and climate change: the imperative for a health-centred response in a world facing irreversible harms. The Lancet, 402(10419), 2346-2394.
  13. ILO, 2019. Working on a Warmer Planet: The Impact of Heat Stress on Labour Productivity.
  14. IEA, 2024. Electricity 2024: Analysis and Forecast to 2026.


Бусад мэдээлэл
Шинэ ном
6 жилийн өмнө
Шинэ ном
6 жилийн өмнө