Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" олон улсын бага хурал зохион байгуулагдана
"Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" олон улсын бага хурал зохион байгуулагдана

Монгол Улсын шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар Бичгийн Хүрээлэнд орчин цагийн газарзүйн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 90 жил, Газарзүй-Цэвдэг Судлалын Хүрээлэн байгуулагдсаны 55 жил, Геоэкологийн Хүрээлэн байгуулагдсаны 20 жил зэрэг түүхэн тэмдэглэлт ой энэ жил тохиож байна. Үүнээс гадна Газарзүй-Цэвдэг Судлалын Хүрээлэнг үүсгэн байгуулагч газарзүйч, академич, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Ш.Цэгмид агсны 95 жил, Цэвдэг судлаач, Төрийн соёрхолт Н.Лонжид агсны 95 жил, Нуур судлаач, газарзүйч, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн З.Цэрэнсодном агсаны 90 жил мөн тохиож буй.

Эдгээр түүхэн ойг тэмдэглэх болон орчин үеийн газарзүйн шинжлэх ухааны нийгэмд эзлэх байр суурийг тодотгох, хувьсан өөрчлөгдөж буй байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд газарзүйчдийн гүйцэтгэх үүргийг томъёолох зорилгоор ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн "Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" олон улсын бага хурлыг 2017 оны 10 сарын 27-нд зохион байгуулна.

Энэхүү хурлын гол зорилго нь Монгол орны байгаль, газарзүйд даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө, түүн дотроо хотжилт, орчны бохирдол, биологийн төрөл зүйлийн хомсдол, экосистемийн тасархайтал, мөнх цэвдэг болон мөсөн голын хайлалт, цөлжилт ба газрын доройтол зэрэг динамик үйл явцад өмнө болон одоо хийгдэж буй судалгааны ажлын үр дүн, тэдгээрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, бууруулах арга хэмжээг шинжлэх ухаанд түшиглэсэн арга, технологиор шийдвэрлэх асуудлыг хөндөн хэлэлцэх болно. Бага хуралд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, Канад зэрэг улсын эрдэмтэд Монгол Улсад хийсэн судалгааны ажлын үр дүнгээс танилцуулах бөгөөд цаашид байгаль судалал, тэр дотроо газарзүйн шинжлэх ухааны онол аргазүй хөгжүүлэх хоёр болон олон хамтын ажиллагааны хэтийн зорилтыг хэлэлцэх юм. Ирээдүйд энэхүү бага хурал нь газарзүйн шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл солилцох, онол, аргазүйг хэлэлцэх шинэ тавцан болон өргөжинө гэдэг бид итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 27-р тогтоолоор ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, ШУА-ийн Геоэкологийн Хүрээлэн, ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн Геоинформатикийн лабораторийг нэгтгэснээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн шинээр байгуулагдсан юм. Манай хүрээлэнгийн эрхэм зорилго нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг судлах, тэдгээр салбаруудад мэдлэг, инновацийг нэвтрүүлэх замаар Монгол Улсад тогтвортой хөгжлийг хангуулахад чиглэнэ.  




Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө