Шинжлэх Ухааны Академийн Газарзүй,
Геоэкологийн Хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын ЭШДА, доктор А.Саруулзаяа,
Ойн нөөц, ой ашиглалтын салбарын ЭШДаА А.Баяртулга нар 2019 оны 3-р сарын
18-27-ний өдрүүдэд Хятад улсын зүүн өмнөд арлын Ханжоу хотод зохион
байгуулагдсан “Гео-оронзайн
технологи ашиглаж ойн нүүрстөрөгчийн нөөцийг үнэлэх нь” сэдэвт төслийн уулзалт болон гишүүн
орнуудын судлаачдыг чадавхжуулах сургалтанд амжилттай оролцлоо. Энэхүү төсөл нь
Ази-Номхон Далайн Сансрын
Хамтын Ажиллагааны Байгууллага (APSCO)-ын санхүүжилтээр 2018-2020 оны хооронд 3 жилийн хугацаанд Пакистан
улсын Оронзай ба Агаар Мандлын Дээд Давхрагын Судалгааны Комисс (SUPARCO)-ын судлаачид удирдан
хэрэгжүүлж байна. Ази-Номхон
Далайн Сансарын
Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд болох Хятад, Пакистан, Тайланд, Монгол,
Турк, Перу, Бангладеш болон Иран улсын нийт 16 эрдэмтэн, судлаачид төслийн уулзалт
болон анхны сургалтанд хамрагдав.

2019 оны 3-р сарын 18-19-ний хооронд “Гео-оронзайн технологи ашиглаж ойн
нүүрстөрөгчийн нөөцийг үнэлэх нь” сэдэвт төслийн уулзалтын хүрээнд уг төслийн хэрэгжилт,
менежментийн төлөвлөгөө, үр дүнгийн задаргаа болон хуваарилалтыг нарийвчлан хэлэлцэж,
төслийн бичиг баримтыг сайжруулан засварласан. Тус уулзалтын үеэр Ханжоу хотын
Газарзүйн Мэдээллийн Технологийн Музейтэй танилцсан ба уг үйл явдлыг зохион
байгуулсан Жэжяны Их Сургуулийн профессор Du-ын илтгэл сонсож, харилцан санал
солилцсон.

Төслийн гол зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд
гишүүн орнуудын судлаачдыг чадавхжуулах анхны сургалт 3 сарын 21-27-ны хооронд
7 хоногийн хугацаанд явагдсан бөгөөд Хятадын Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгүүд болон их дээд сургуулийн мэргэшсэн судлаач,
профессорууд зайнаас тандан судлалын орчин үеийн дэвшилтэт арга
ашиглан газрын гадарга болон ойгоос ялгарах нүүрстөрөгчийн нөөцийг хэрхэн үнэлэх
талаар лекц уншив. Судалгааны
зорилго, судлах обьектоосоо
хамаараад өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээнүүдэд ямар төрлийн
агаар мандлын засвар, газрын гадаргын засварууд хийх аргачлал, загваруудыг нарийвчлан
заав. Сургалтын сүүлийн өдөр гишүүн
орнуудаас ирсэн эрдэмтэн, судлаач нар судалгааны ажлын туршлагыг бусадтай хуваалцсан бөгөөд
доктор А.Саруулзаяа “Interannual
and seasonal variations in energy and carbon exchanges over the larch forests
on the permafrost in northeastern Mongolia”, А.Баяртулга “Recent trends and current status of forest resources
in Mongolia” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн. Уг
сургалтанд хамрагдсан нийт эрдэмтэн, судлаач нарт Ази-Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны Байгууллага (APSCO)-aас сертификат гардуулав.
