Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Hybrid Approaches to Standards for BTR Development”
“Hybrid Approaches to Standards for BTR Development”

   Япон Улсын Байгаль орчны яам Чуо их сургуультай хамтран “Hybrid Approaches to Standards for BTR Development” сэдэвт олон улсын хурлыг 2026 оны 02-р сарын 05–06-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус хурал нь Үндэсний хүлэмжийн хийн тооллого, тайлагналын ил тод байдал, итгэлцлийг нэмэгдүүлэх хүрээнд ажиглалтын болон хиймэл дагуулын өгөгдлийг хүлэмжийн хийн тооцоололд ашиглах, ХАА-н салбарын ялгаруулалт болон шингээлтийн тооцооллын нарийвчлалыг сайжруулах, хүлэмжийн хийн мониторингийн системд шинэ арга, аргачлалуудыг нэвтрүүлэх чиглэлээр олон улсын туршлага, судалгааны үр дүнг хэлэлцсэн чухал арга хэмжээ боллоо.
   Хуралд АНУ, Австрали, Япон, Монгол, Энэтхэг болон Төв, Зүүн өмнөд Азийн орнуудын төр засгийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хүрээнд ялгарлын тайлагналын шинэлэг аргачлал, хиймэл дагуулын мэдээлэлд суурилсан мониторинг, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудыг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, туршлага, сорилтуудын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.
   ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (PhD) О.Мөнхдулам үндсэн илтгэгчээр оролцож “Хиймэл оюун ухаан болон процесст суурилсан аргуудыг Монгол орны бэлчээрийн хөрсний органик нүүрстөрөгчийн ил тод байдал, итгэлцлийг нэмэгдүүлэхэд ашиглах боломж” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.
   Тус хуралд оролцсоноор ХАА-н салбарын хүлэмжийн хийн тооцооллын болон загварчлалын шинэ аргуудтай танилцаж, мэдлэг, туршлагаа баяжуулсны зэрэгцээ олон улсын судлаачидтай цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх суурь нөхцөл бүрдэв.

Мэдээллийг бэлтгэсэн: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (PhD) О.Мөнхдулам


Бусад мэдээлэл