Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭМГЭНЭЛ НАМЖИЛЫН ЖАДАМБАА (1943-2021)
ЭМГЭНЭЛ  НАМЖИЛЫН ЖАДАМБАА  (1943-2021)

ЭМГЭНЭЛ

НАМЖИЛЫН ЖАДАМБАА

(1943-2021)

 

 Монгол Улсын Төрийн соёрхолт, Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, нэрт гидрогеологич, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Намжилын Жадамбаа 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас тэнгэрийн оронд заларч, Шинжлэх ухаанд төдийгүй Байгаль орчин, Усны болон Гидрогеологийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

 

Н.Жадамбаа нь 1943 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн нутагт малчин ард Намжилын 2 дугаар хүү болон төрж, 1961 онд Говь-Алтай аймгийн 1 дүгээр сургуулийг дүүргэж, улмаар ЗХУ /хуучин нэрээр/-ын Москва хотын Геологи, хайгуулын дээд сургуулийг Гидрогеологич мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Чойрын геологийн удирдах газраас эхэлж, 1967-1971 онуудад ангийн ахлах, ерөнхий инженер, 1971-1974 онд ГУУЯ-ны Үйлдвэр техникийн хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1974-1977 онд Москва хотын Геологи, хайгуулын дээд сургуульд аспирантурт суралцаж “Улаанбаатарын уулс хоорондын артейзын бассейны газрын доорх усны тархалт, гарал үүсэл ба усан хангамжид зориулан тэдний нөөцийг үнэлэх нь” сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалжээ. 1977-1981 онуудад Геологийн яамны харьяа Геологи, хайгуулын институтэд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1981-1988 онд Намын төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст зааварлагч, 1988-1991 онд Москва хотод Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт багийн ахлагч бөгөөд зөвлөх, 1992-1996 онд Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд ахлах ажилтан, секторын эрхлэгч, салбарын эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан.

 

Н.Жадамбаа нь 1997 оноос эхлэн гавъяаныхаа амралт авах хүртлээ Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнд (хуучин нэрээр Геоэкологийн хүрээлэн) ажиллаж байсан. Тэрбээр ШУТ-ийн их сургуульд 1997 онд “Монголын газар доорх цэнгэг усны бүрэлдэн тархах зүй тогтол, түүний нөөцийг ус хангамжтай холбогдуулан үнэлэх” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1998 онд Монгол орны гидрогеологийн 1:1000000-ын масштабтай, 1997 онд Баруун Монголын гидрогеологийн 1:500000 масштабтай зургийг удирдан зохиосон нь Монголын гидрогеологийн төдийгүй Төв Азийн гидрогеологийн судалгаанд томоохон байр суурь эзлэх бүтээл юм. Тэрбээр хэд хэдэн нэгэн сэдэвт бүтээл, номыг Монгол, Орос, Ангил хэл дээр хэвлүүлэн гаргаж байсан. Түүнчлэн “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”, Монгол орны 29 голын сав газрын ихэнхийнх нь “Усны нөөцийн нэгдсэн менежментийг төлөвлөгөө” боловсруулах ажилд зохиогчоор ажилласан. 2012-2014 онд “Дунд масштабын геоэкологийн зураг хийх заавар, арга аргачлал”, “Гидрогеологийн 1:200000-ны зураглалын аргачлал, үнэлгээний норм, зургийн таних тэмдэг аргачилсан заавар”, “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал” заавруудыг манлайлан боловсруулж, 2012 ба 2015 онд нийтлүүлэн олны хүртээл болгожээ. Тэрбээр байгаль орчныг хөгжүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий 112 тайлан зохиолцон үйлдвэрлэлд нэвтрүүлж, гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүл, эмхэтгэлд 200 гаруй өгүүлэл, илтгэл, хураангуйг нэгдүгээр болон хамтран зохиогчоор хэвлүүлж өөрийн эрдэм мэдлэгээ түгээн дэлгэрүүлж байлаа.

 

Н.Жадамбаа 2009 онд “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлийн “Гидрогеологи” хэмээх YIII ботийг бичин хэвлүүлж, энэ бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхол хүртэж байсан. Мөн Засгийн газрын хүндэт тэмдэг, Алтан гадас одон, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Тэргүүний геологич, Байгаль орчны тэргүүний ажилтнаар тус тус шагнагдаж байсан.

 

Монголын Улсын Шинжлэх Ухаан, Усны болон Гидрогеологийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн амьдралаа зориулан ажилласан эрхэм эрдэмтэн таны гэгээн дүр бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

Хань, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН


Бусад мэдээлэл