ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор М.Уртнасан, эрдэм шинжилгээний дэд ажилтан А.Золзаяа, Ц.Наранцацрал, М.Нямхүү, В.Баярмаа нарын хамтран бичсэн “An Ethnobotanical Study of Plants Used by Nomadic People in Central Mongolia” эрдэм шинжилгээний бүтээл олон улсын нэр хүндтэй Springer хэвлэлийн “Ethnobiology and Development in Asia” номын бүлэгт хэвлэгдэн гарлаа.
Уламжлалт мэдлэгт суурилсан этноботаникийн судалгаа нь нүүдэлч малчдын байгальтай харилцах туршлага, бэлчээрийн экосистемийн талаарх нутгийн ойлголтыг баримтжуулах, хамгаалах чухал ач холбогдолтой юм. Монголчуудын амьдралын хэв маяг нүүдлийн аж ахуйгаас суурин хэлбэрт шилжихийн хэрээр бэлчээрийн ургамлын талаарх уламжлалт мэдлэг аажмаар алдагдаж, залуу үеийн мэдлэг дамжуулалт буурч байгаа нь анхаарал татах асуудал болж байна (Urtnasan et al., 2026). Энэ нь биологийн олон янз байдалтай холбоотой мэдлэг устах, улмаар байгалийн нөөцийг тогтвортой ашиглах боломж хумигдах эрсдэлийг дагуулж байна.
Монголын тал хээрийн экосистем нь Төв Азийн экологи, соёлын онцлогийг илэрхийлдэг бөгөөд бэлчээр нь нүүдэлчдийн амьжиргаа, уламжлал, аж ахуйн үндэс суурь болдог (Urtnasan et al., 2026). Иймээс этноботаникийн судалгааг хөгжүүлэх, уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны арга зүйтэй уялдуулан судлах нь бэлчээрийн тогтвортой менежмент, соёл, экологийн өвийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.