Манай оронд өндөр уул, хангай, хээр, говийн бүс хосолсон 110.3 сая га бэлчээр, 1.7 сая га хадлангийн талбай буюу нийт 112.0 сая га талбайтай. Энэ нь улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 97 хувийг эзэлдэг бөгөөд 52.0 сая га бэлчээрийн газрыг өвөл хаврын улиралд, 60.0 сая га бэлчээрийн газрыг зун намрын улиралд тус тус ашиглаж байна. 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 70.9 сая толгой мал бүхий 169.7 мянган малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна[1].
Зураг
1. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн төрх
(Төв аймгийн Жаргалант сум, 2019 он)
Монгол орны хувьд хээр, говийн өргөн уудам
газарт нутагт олон зуун жилийн турш, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид байгаль,
цаг уурын онцлогт тохируулан, жилийн 4 улиралд бэлчээр сэлгэн нүүдэллэх, сүргээ
хуваарилан тархаах, тоо толгойг багасгах зэргээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх уламжлалт
арга барил тохиромжтой хэвээр байна. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь уур амьсгалын нөлөөнд оршдог, байгаль,
цаг уур, гадаад хүчин зүйлсээс шууд хамааралтай бөгөөд, жилийн 4 улиралд
бэлчээр сэлгэн нүүдэллэж, байгаль орчноо
хайрлан хамгаалж, бэлчээр нутгаа зөв зүйтэй ашиглахыг өвөг дээдсээсээ уламжлан
ирсэн арвин соёл, уламжлалтай.
Харин хот,
суурин газар орчмын хүн амын төвлөрөлт, ашгийн зорилгоор бэлчээрийн даац
хэтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон шалтгааны улмаас тодорхой
газруудад бэлчээрийн зохицуулалт, менежмент зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Эдгээр газруудад ойт хээр, тариалангийн бүс нутаг, гол, мөрөн, нуур, төв суурин газрын ойролцоох газар нутаг
хамаарна. Иймд дээрх газар нутгуудад орчин үеийн хөгжлийн чиг хандлагад
нийцүүлэн, шинэлэг бэлчээрийн менежментийг нэвтрүүлэх зорилгоор малчдын
нөхөрлөл, ойн нөхөрлөл, хоршоо байгуулах, орон нутгийн иргэд хамтран нэгдэж, эрчимжсэн
фермерийн аж ахуй болон силвопасторализмын үзэл санааг хэрэгжүүлэх менежментийн
нэг шийдэл байж болох юм.
Силвопасторализм нь ой, тариалан, бэлчээрийн мал аж ахуйг харилцан ашигтай байдлаар нэгтгэн ашиглах явдал юм[2][3]. Силвопасторализм нь ой, хээр тал, гол мөрөн зэрэг экосистемийн бүх үйлчилгээг бэлчээр гэх томьёололоор ашиглахаас өөр ойлголт бөгөөд, модон материал, үр тариа, тэжээл, мал аж ахуйн харилцан ашигтай үйлдвэрлэлийг явуулснаар урт хугацааны орлогыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлснээр байгаль орчин, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлдэг газрын менежментийн арга юм[4]. Энэхүү менежментийн арга нь газар тариалан болон бэлчээрийн мал сүргийг цаг агаарын тогтворгүй байдал, ган гачигт дасан зохицох чадавхыг нэмэгдүүлдэг байна.
Зураг 2. Ой, бэлчээр,
тариалангийн цогц систем (силвопасторализм)
Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 550 сая га газарт силвопасторализмын цогц системийг нэвтрүүлсэн байна[5]. Хэрэв 2050 он гэхэд 720-772 сая га болж өргөжих юм бол, онолын хувьд тохиромжтой 823 сая га талбайгаас ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтын хэмжээг 26.6-42.3 гигатонноор бууруулах боломжтой юм. Энэхүү бууралтын үр дүнд биомасс болон хөрсөнд хадгалагдах нүүрстөрөгчийн шингээлтийн эрчим жилд 2.74 тонн байна. Фермерүүд орлогоо төрөлжүүлснээр 206-273 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 3.12-2-23 их наяд долларын хадгаламж бүрдүүлж, 1.7-2.3 их наяд долларын цэвэр ашиг хүртэнэ хэмээн урьдчилан тооцсон байна[6].
[1] ХХААХҮЯ, 2020
[2] Wilson, Matthew; Lovell, Sarah
(2016-06-18). "Agroforestry—The Next Step in Sustainable and Resilient
Agriculture". Sustainability. 8 (6): 574.
[3] Gabriel, S. (2018). Silvopasture: A guide to managing
grazing animals, forage crops, and trees in a temperate farm ecosystem. White
River Junction, VT: Chelsea Green.
[4] "Silvopasture".
National Agroforestry Center. National Agroforestry Center. 10 April 2015.
[5] Lal
2018; Lal, R., Smith, P., Jungkunst, H. F., Mitsch, W. J., Lehmann, J., Nair,
P. R., ... & Skorupa, A. L. (2018). The carbon sequestration potential of
terrestrial ecosystems. Journal of Soil and Water Conservation, 73(6),
145A-152A.
[6] https://www.drawdown.org/solutions/silvopasture/technical-summary
Газарзүй & Геоэкологийн хүрээлэн, Цөлжилтийн судалгааны салбар
И-мэйл: ganchudur_cds@yahoo.com